Сум бүрт мал нядалгааны цэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Сум бүрт мал нядалгааны цэг байгуулна

Арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихийн тулд түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд үндэсний үйлдвэрт арьс, ширээ тушаасны хариуд урамшуулал өгөхөөр болсон билээ. Ийнхүү үндэсний үйлдвэрт түүхий эдээ тушаасны хариуд нэг ширхэг бодын ширэнд 15 мянган төгрөг, богийн арьсанд 3000 төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас энэ оны гуравдугаар сард гаргасан билээ. Урамшууллын тогтолцоо энэ жил батлагдсан учраас малчид болон түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид арьс, ширээ бэлтгээд, урамшууллаа ирэх жилээс авч эхлэх юм. Түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, үндэсний үйлдвэрүүдийг холбох ажлыг зохион байгуулахын тулд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал хамгаалах сан, Арьс, шир үйлдвэрлэгчдийн холбооны албаныхан хөдөө орон нутаг руу явж, нөхцөл байдалтай танилцаж, бэлтгэл ажлыг хийж байна. Бэлтгэл ажлын талаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд мэдээлэл хийсэн юм. Энэ талаар Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн н.Даваажаваас тодрууллаа.

-Үндэсний үйлдвэр, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч хоёрыг хэрхэн холбох вэ?

-Үндэсний үйлдвэрт арьс, ширээ тушаасных нь хариуд малчин болон мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай Засгийн газрын 48 дугаар тогтоол гарсан. Тэгэхээр малчид бэлтгэсэн арьс, ширээ үндэсний үйлдвэр олж тушаах гэж цаг алдах учир Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбоо энэ аижлд хамтран оролцож, сум бүрт өөрсдийн төлөөлөгчөө томилж, үндэсний үйлдвэрийг төлөөлөх юм. Ингэхдээ сумын газар нутаг, хүн амын хэмжээг харгалзан үзэж, 2-5 төлөөлөгч ажиллана. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрийг төлөөлсөн хүмүүс суманд ажиллаж, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдээс арьс, шир авах юм.

-Тухайн төлөөлөгчдийг хэрхэн сонгосон юм бэ. Төлөөлөгчид хаана байрлаж, түүхий эдээ авах вэ?

-Суманд ажиллах төлөөлөгч нь тухайн сумын уугуул ч юм уу, арьс, ширний бэлтгэл, худалдах ажиллагаанд туршлагатай хүмүүсийг сонгосон. Үндсэндээ түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид бол төлөөлөгчөө өөрсдөө дамжуулаад мэдэх боломжтой л доо.

 -Малчид, мал бүхий иргэд урамшууллаа хэзээ авах вэ?

-Үндэсний үйлдвэрт арьс, ширээ тушаасных нь хариуд малчин болон мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай Засгийн газрын 48 дугаар тогтоол гарсан. Тэгэхээр арьс, шир бэлтгэлийн ид үе бол 11, 12 дугаар сар байдаг. Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид энэ үеэр арьс, ширээ бэлтгээд ер нь нэгдүгээр сар хүртэл үндэсний үйлдвэрт нийлүүлнэ гэсэн үг. Ингээд нэгдүгээр сарын 15-ны дотор үйлдвэрт тушаасан болон холбогдох бичиг баримттай материалыг сумын мал, эмнэлгийн тасагт өгнө. Сануулахад малчид төлөөлөгчдөө арьс, ширээ тушаагаад хариуд нь хоёр хувь падаан авна. Нэгийг нь өөртөө үлдээж, нэгийг нь урамшуулал авахад шаардлагатай материалдаа хавсаргаж өгнө. Энэ нь үндэсний үйлдвэртээ хэдий хэмжээний арьс шир тушаасан гэдгийг батлах нотолгоо юм. Тиймээс энэ падаанаа хаяж, үрэгдүүлэхгүй байх хэрэгтэй.

-Арьс, ширээ үндэсний үйлдвэрт тушаасных нь хариуд урамшуулал өгөх нь ноосны урамшуулалтай төстэй үр дүнгээ өгч түүхий эд бэлтгэл нэмэгдэх, харин үйлдвэрүүд түүхий эдээр дутахгүй болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Хамгийн гол бид дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй түүхий эдээ гадагшаа худалдаж, хариуд нь эцсийн бүтээгдэхүүнийг гаднаас худалдан авч байна. Тиймээс энэ тогтолцоо нь үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр тасралтгүй хангах замаар дотоодын үйлдвэрлэлийн нэр, төрлийг нэмэгдүүлэх, нөгөө талаас малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид зөвхөн худалдааны орлогоос гадна урамшуулал авах боломжтой болж байгаа юм. Цаашдаа түүхий эд бэлтгэн нийлүүлэх, худалдан авах ажиллагааг боловсронгуй болгохын тулд сум бүрт мал нядалгааны цэг байгуулна. Үүнийх нь дэргэд арьсны анхан шатны тордолтын цэгийг байгуулах зорилтыг салбарын хэмжээнд тавьсан.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж