Д.Эрдэнэбат: Гишүүд амрахгүй ажиллах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Гишүүд амрахгүй ажиллах хэрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хаврын чуулганы хугацаан дахь отгон хуралдаан гэдгээрээ энэ удаагийн хурал онцлог байсан юм. Бүлгийн хуралдааны дараа хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудын талаараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээдэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ, хаврын чуулган бол улс орны нийгэм эдийн засгийг тогтвортой  байлгах, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Монгол хүн хөдөлмөрийнхөө үр шимээр амьдарч өөрсдийн гэсэн үл хөдлөх капиталтай болоход чиглэгдсэн гол асуудлуудыг шийдвэрлэсэн хуралдаанууд болсон гэдгийг бүлгийн дарга онцоллоо. Түүнчлэн УИХ-ын хаврын чуулганаар эдийн засаг болон хууль хяналтын эрхзүйн шинэчлэлтэй холбоотой гол асуудлуудаа шийдвэрлэсэн нь давуу тал гэж Ардчилсан намын бүлэг үзжээ. Ялангуяа үнэт цаасыг шинэчлэх, ипотекийн зах зээл, барилга, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэлийн өмнө тулгамдаж байсан хууль эрхзүйн орчныг шийдвэрлэсэн нь улс орны эдийн засгийг өөд нь татахад түлхэц болсон  гэдгийг тэрбээр хэлсэн юм.  

Өнгөрсөн оны эхний хагас жилд эдийн засаг амар байгаагүй. Оюутолгой, Тавантолгойн ордтой холбоотой гэрээний асуудлуудаас болж Монгол Улсын баялгийн экспорт  өмнө нь байгаагүйгээр буурсан. Дэлхийн зах зээлийн ханш унасан гээд тоочвол олон бэршээл бидний өмнө тулгарсан. Гэсэн ч УИХ  болоод Шинэчлэлийн Засгийн газар ямар шаардлаган доор хэрхэн ажиллах вэ гэдгээ зохион байгуулалт, бодлогын хувьд зөв авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал өдий зэрэгтэй байгаа гэж Ардчилсан намын бүлэг дүгнэжээ. Гэхдээ энэ бол өнөөдрөөр дууссан асуудал биш сүүлийн хагас жилд үүсч болох хүндрэлүүд, хүлээгдсэн хэвээр байгаа гэдгийг тооцож ажиллах ёстой. Ялангуяа ирэх намар Шинэчлэлийн Засгийн газар олон ажлыг амжуулах зайлшгүй шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг дүгнэжээ.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн олон чухал ажлынхаа чанар өгөөж, үр дүнг сайжруулах, хяналтыг өндөрсгөх нь чухал гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Үүнээс гадна эдийн засгийн гол суурийг шинэчилж өөрчилснөөрөө давуу тал их гарсан. Японы Засгийн газартай байгуулсан хоёр зээлийн хэлэлцээрийг баталсан. Хөшигийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудал баригдаж эхэлсэн. 2016 он буюу товлосон цагт нь дуусгах ёстой. Мөн Гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг баталсан. Үүгээр маш чухал зээлийн шугам нээгдэж байгаа  төдийгүй Эрдэнэтийг жижиг дунд үйлдвэр, аж үйлдвэрийн хот болгох эхний гараа эхэлж байгаа. Үүнийг зайлшгүй хэрэгжүүлэх нь чухал гэдгийг бүлгийн гишүүд энэ удаагийн хурлын үеэр онцолжээ.

Засгийн газар, Хуульзүйн яамнаас өргөн барьсан Хууль хяналтын байгууллагын бүтэц зохион байгуулалтын эрхзүйн шинэчлэлийг хийж дууссан. Үүгээр Монгол Улс хүний эрхийг хамгаалах чиглэл рүү хуучин бүтцийг өөрчилж, цоо шинэ бүтэц рүү орж буйгаараа онцлог хууль эрхзүйн орчинтой болж байна. Төр нь төр шиг байдаг, хүний эрхээ хамгаалах зөв хуулийн орчин руу Монгол Улс орж байна гэдгийг бүлгийн дарга хэллээ.

Харин намрын чуулганы хуралдаан бол үндсэн гол суурь хуулиудаа батлахад чиглэгдэнэ. Олон жил хүлээгдэж, шийдэж чаддаггүй хуулиудыг улс төрийн бусад намуудтай хамтарч, улс эх орныхоо ирээдүйн эрх ашгийн төлөө батлах үүрэг хүлээгдэж байна. Газрын тухай багц хууль, УИХ, Орон нутгийн сонгуулийг нэгтгэж явуулах тухай сонгуулийн нэгдсэн хуулийн шинэчилсэн найруулга хийгдэх ёстой. Намуудын тухай хууль, Ахмадуудын тэтгэвэр тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх Баялгийн сангийн тухай хуулийг шинэчилнэ. Татварын орчин нөхцлийг өөрчилнө. Тендерийн тухай хууль, эхчүүдэд тэтгэвэр тэтгэмж олгох тухай “Олуулаа” хуулийн төсөл зэрэг олон чухал хуулийн төслүүд хүлээгдэж байгааг бүлгийн дарга онцоллоо. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлэг намрын чуулганы наана ажлын хэсэг байгуулж ажиллана.

Хэдийгээр Хаврын чуулган завсарлаж байгаа ч гэсэн ч ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай гэлээ.

 Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж