Диплом бус, чадвар таныг тэжээнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.08-нд нийтлэгдсэн

Диплом бус, чадвар таныг тэжээнэ

Ардчиллын өмнөх жилүүдэд Монголд хамгийн сайн хөгжсөн боловсролын салбар бол Мэргэжлийн боловсролын сургалт байлаа. Тэр үеийнхээр техник мэргэжлийн сургалт буюу ТМС. Олон үйлдвэр, орон сууцны хорооллууд, зам, цахилгаан станц, хэдэн зуун сургууль, цэцэрлэг эмнэлэг гээд маш их бүтээн байгуулалт 1990 оноос өмнө бий болсон юм. Эдгээрийг гардан бүтээгчид нь тэр үеийн ТМС-ийнхэн буюу мэргэжилтэй ажилчид байлаа. Харин 1990-2000 он хүртэл Монголд бүтээн байгуулалт бараг өрнөөгүй. Яагаад гэвэл яг ажил хийдэг мэргэшсэн ажилчдын гачигдалд улсаараа орсон юм. Байшин баръя гэхэд барилгачингүй, зам тавих гэхээр мэргэжлийн ажилчингүй. Талхаар зүйрлэхэд, талх хийх технологийг мэддэг  технологич, талхи иддэг хэрэглэгчид нь байхад яг талх барьдаг мэргэшлийн ажилчингүй байлаа. Тэгсэн хэрнээ дээд боловсролын дипломтой ядуус, дээд боловсролтой  ажилгүйчүүдийн бүхэл бүтэн давхарга бий болгосон түүх бидэнд бий. Гурван сая хүрэхгүй хүн амтай мөртлөө 300 гаруй дээд сургууль байгуулж будилж явсан туршлага бас л биднийх. Гэхдээ бид  ардчилсан нийгэмд ТМС буюу мэргэжлийн боловсрол муухай, бүгдээрээ дээд сургууль төгсвөл л сайхан гэсэн адын бодолд нийтээрээ хөтлөгдсөн нь андуурал байсныг ойлгосон. Диплом “иддэггүй”, гартаа олж авсан чадварыг “иддэг” юм байна гэдгийг мэддэг болсон. Улс орны хөгжлийг гардаж бүтээх, айл гэрийг тэжээх тэрхүү чадварыг мэргэжлийн сургалтаар олдогийг мэдрүүлэхэд Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл ихээхэн үүрэг гүйцэтгэв. Өөрөөр хэлбэл, монголчууд бид ардчиллын он жилүүдэд алдсан алдаагаа Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар эргэж буцааж олж авлаа. Буцааж авах авахдаа бүр дэлхийн стандартад шилжүүлэн авах гэж буй нь сайшаалтай.

Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд сургалт үйлдвэрлэлийн жишиг төв, сургалтын болон багш нарыг бэлтгэх, оюутны дадлага хийх шинэ орчин гээд хөрөнгө оруулалтын талаарх хэдэн мянган долларын өртөгтэй статистик ярьж болно. Гэхдээ энэхүү өгүүлэлд тэр тухай өгүүлэхгүй. Харин ямар төвшний багш нар мэргэжлийн боловсролыг олгодог дэлхийн стандартыг Монголд нутагшуулах талаар товч өгүүлье.

Монгол Улс эх орондоо олгодог боловсролын хэд хэдэн шаттай, суралцагчид шат тус бүрээс ямар хэмжээний мэдлэг, боловсрол олж авах ёстойг тодорхойлсон үндэсний төвшин, стандарттай. Тэгвэл эдгээр шат тус бүрт суралцагчдад мэдлэг, боловсрол, чадвар олгох багш нар нь ямар төвшний зэрэг зиндаатай, чадвар эзэмшсэн байх стандартыг манай улс  анх удаа Мэргэжлийн боловсролын сургалтын төвшинд тодорхойлох гэж байна. Энэхүү ажлыг Засгийн газрын хөтөлбөртэй уялдуулан Хөдөлмөрийн яамны захиалгаар Мянганы  сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийнхөн  гүйцэтгэж байгаа юм. Төслийг боловсруулахдаа олон улсын жишиг, бусад орны сайн жишээнүүдийг Монголын онцлогт тохируулах, нутагшуулахыг хичээснээ төслийн сургалт хариуцсан менежер Мэтисон Жэн онцлов. Амьдралынхаа 30 гаруй жилийг зөвхөн мэргэжлийн боловсролыг сайжруулах, Хятад, Япон зэрэг гаднын улс орнуудад зөвөлгөө өгөхөд зориулж яваа энэ хатагтай:

-Бидний боловсруулсан төслөөр мэргэжлийн боловсрол олгох багш нар дөрвөн төшинтэй. Багш нарын чадвараар төвшин тус бүрийг тодорхойлох стандарттай. Энэ бол олон улсын жишиг. Хамгийн гол нь мэргэжлийн боловсрол олгох багш нар бол зөвхөн мэргэжлийн байгаад зогсохгүй заах аргын чадамжтай байх ёстой гэж ярилаа.

Түүний үгийг энгийнээр буулгавал урьд өмнө манай Техник мэргэжлийн сургуулиудад хичээл заах багш нарыг хоёр янзаар бэлтгэж ирсэн. Нэг бол их, дээд сургууль төгсөөд шууд багш болдог, үгүй бол амьдрал дээр сайн ажиллаж байгаа инженерүүдээс шилж сонгож багш болгодог байв. Гэтэл энэ хоёр шалгуур хоёулаа хангалтгүй, одоо боловсруулж буй шинэ стандартын аль ч төвшинд таарахгүй юм байна. Их дээд сургууль төгсөөд шууд ирсэн багш нарт онолын мэдлэг байвч, амьдралын туршлага байхгүй.  Тэд мэргэжлээ сайн мэдэх ч, түүнийгээ заах аргын чадамжгүй. Өөрөө машин жолоодож үзээгүй хүн машин яаж жолоодохыг бусдад заах нь учир дутагдалтай гэж олон улсад үздэг байна. Харин үйлдвэрлэл дээр туршлага хуримтлуулж инженерээс багш болж ирсэн нэгэнд бусдыг сургах чадвар байдаггүй байна. Жишээ нь, хөгжмийн сургуульд хөгмийн сайн багш л хичээл заах ёстой. Харин багш болж амжаагүй, багшлах туршлага суугаагүй сайн хөгжимчин хичээл заагаад  сайн шавь төрүүлдэггүй. Тиймээс дипломын боловсролыг ямар \баклавр, магистр гэх мэт\ хэмжээнд эзэмшсэн, дараа нь  үйлдвэрлэл дээр хэдэн жил ажилласан туршлагатай, заах аргын чадамж нь ямар зэргээс шалтгаалан тухайн багшийг төвшинг тогтоох юм.  Жишээ нь, нэгдүгээр төвшний багш баклавр зэрэгтэй үйлдвэрлэл дээр хоёр жил ажилласан туршлагатай байхад дөрөвдүгээр төвшний багш магистр зэрэгтэй, үйлдвэрлэл дээр гурван жил ажилласан туршлагатайгаас гадна төвшин тус бүрийн багш нарын эзэмшсэн байх ёстой чадварууд гэж бий. Аль болох өндөр төвшний багшаар заалгана тэр хэмжээний  чадвартай ажилчин бэлтгэгдэнэ гэсэн үг. Энэ нь монголчууд бидний  шавийн эрдэм багшаас гэж ярьдагтай  утга нэг ажээ. Багш нарыг ингэж төвшингөөр зэрэглэх нь олон улсын стандарт юм. Хэрвээ ямарч ажлыг стандартын дагуу хийвэл тэр ажил чанартай, сайн л болдог. Өндөр зэрэглэлийн сайн гагнуурчин болохыг хүсч байгаа л бол аль болох өндөр зэрэглэлийн багшаар заалгаж байж ч чадвар чадамжийг төгс эзэмшинэ гэсэн үг юм. Ингэсэнээр тэр хүнийг гагнуурчны диплом нь бус, гартаа олж авсан чадвар нь насан туршид нь тэжээх юм.

Багш нарын зэрэглэл тогтоосон энэхүү төвшнийг дагаад багш нарын цалин нэмэгдэнэ. Багш нар оюутнуудаа сургах, тэдэндээ чадвар суулгах ур чадвараараа харилцан адилгүй цалин авна. Энэ нь хийснээрээ буюу хамгийн гол нь гүйцэтгэлийнхээ үр дүнгээр цалинжих, хөдөлмөрөө үнэлүүлэх олон улсын зарчим ажээ.   Бүр нарийн яривал багш нарын төвшний стандарт нь олон улсынх учраас тэдний авах цалин ч олон улсын төвшнийх байх боломжтой юм байна. Энэхүү стандартыг баталгаажуулснаар манай багш нар яг Монголдоо эзэмшсэн төвшиндөө олон улсад ч багшлах эрхтэй, хүлээн  зөвшөөрөгдөх боломжтойг хатагтай Жэн онцолсон юм.

Сайн багшаас сайн шавь төрдөгтэй адил мэргэжлийн сургалтаас чадвартай сайн ажилчин төрөх суурийг тавьж, энэ чиглэлийн сургалтыг дэлхийн стандартаар явах зүг чигийг Мянганы сорилтын сангийнхан зааж өглөө. Одоо харин бэлэн болгосон төслийг ажил болгох үгүй нь биднээс, л хамраах үлдэв.

Тийм ээ, мэргэжлийн дипломоор байшин барьдаггүй, талх хийдэггүй, зам тавдаггүй. Харин сургалтаар олж, гартаа эзэмшиж мэргэшсэн чадвараар амьдралаа тэтгэж, өөрийгөө тэжээж явдаг  нь үнэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж