Хятад улс 2010 онд роботын олимп зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Хятад улс 2010 онд роботын олимп зохион байгуулна

Манай урд хөрш БНХАУ 2010 онд роботын олимп зохион байгуулахаар болжээ.
Энэхүү олон улсын арга хэмжээ Харбин хотод болох бөгөөд хүний гараар
бүтсэн роботууд спортын 16 төрөлд өрсөлдөх аж. Роботын олимпод өрсөлдөх
“тамирчид” нь хөнгөн атлетик, дугуй гэх мэт олимпийн төрөлд багтдаг
спортоор өрсөлдөх чадвартай байх ёстой ба яг хүн шиг бүтэцтэй буюу хоёр
гар, хоёр хөлтэй, харин ямар нэг дугуй, хүрд байх учиргүй юм.

Роботын олимпийг зохион байгуулагчдын зүгээс энэхүү томоохон тэмцээнд дэлхийн улс орнуудын 100 гаруй технологийн сургууль оролцоно хэмээн тооцоолж байгаа аж. Харбин хотын технологийн дээд сургуулийн бүтээсэн роботын хөлбөмбөгийн багийг бүтээх судалгааны баг сүүлийн үед амжилттай байгаа учир зохион байгуулагч хотоор Харбин хотыг сонгожээ. Олон улсын чанартай энэхүү арга хэмжээг зохион байгуулах эцсийн товыг зарлаагүй бөгөөд одоохондоо тэмцээнийг ивээн тэтгэх хувь хүн, байгууллагыг хайж байгаа гэнэ.

Дашрамд сонирхуулахад, Хятадад зохиогдох энэхүү роботын олимпийн наадам нь “RoboGames”-тэй төстэй юм. “RoboGames” тэмцээнд оролцож буй роботууд нь спортын төрлөөр өрсөлддөг ба 2010 оны тэмцээн ирэх дөрөвдүгээр сард Калифорнид болох ажээ. Мөн коктейл найруулдаг, тамхи асаадаг, үйлчлүүлэгчтэй харилцах чадвартай роботуудыг өрсөлдүүлдэг “Roboexotica” нэртэй тэмцээн жил бүр зохиогддог байна. Харин робот бүтээгчдийн оролцдог хамгийн том уралдаан, тэмцээн нь роботын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. 2009 оны ДАШТ-д 35 улсын 400 гаруй багийн робот оролцсон бөгөөд 2010 оны тэмцээн зургадугаар сард Сингапурт зохион байгуулагдах ажээ.

2009.11.08

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж