БНСУ-ын Инчеон хотноо зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 6-нд үргэлжилсэн Азийн танхимын болон тулааны спортын IV наадамд Монголын баг тамирчид амжилтаараа 17 дугаар байрт бичигдлээ. Шар тивийн 43 орны 1676 тамирчин спортын 12 төрөлд 100 багц медалийн төлөө өрсөлдсөн тус наадамд монголчууд спортын есөн төрөлд 56 тамирны бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Ингээд наадмын муай-тай боксын төрөлд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд А.Зууннаст аваргын алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 54 кг-д Б.Гантогтох мөнгөн медалийн эзэн болсон юм. Мөн кураш бөхийн төрлөөр эрэгтэйчүүдийн -81 кг-д Г.Гончигсумлай, кикбоксын эрэгтэйчүүдийн 57 кг-д Н.Бат-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэнээр Монголын баг алт, мөнгө тус бүр нэг, хоёр хүрэл медалийн амжилтаар 43 орноос медалийн чансаагаар 17 дугаар байрт бичигдлээ.
Энэ жилийн наадамд Хятадын баг 29 алт, 13 мөнгө, 10 хүрэл, нийт 52 медаль хүртсэнээр медалийн хүснэгтийг чансаагаар тэргүүлсэн бол зохион байгуулагч БНСУ-ын баг тамирчид хамгийн олон буюу 21 алт, 27 мөнгө, 19 хүрэл, нийт 67 медалийн эзэд болжээ.
С.ЦЭЛМЭГ