Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Германы шигшээ баг

Хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан он: 1900

FIFA-д элссэн он: 1904
Холбооны ерөнхийлөгч: Тео Цванцигер
Ерөнхий дасгалжуулагч: Йохам Лёв /Герман/
Багийн ахлагч: Филипп Ламм
Шигшээдээ олон тоглосон: Лотар Маттеус – 150   
Олон гоол оруулсан: Герд Мюллер – 68   
Одоогийн чансаа: 6
Хамгийн өндөр чансаа: 1 /1993 он/
Анхны тоглолт: Швейцарь 5:3 Герман /1908 он/
Хол зөрүүтэй ялалт: Герман 16:0 Орос /1912 он/
Хол зөрүүтэй хожигдол: Англи 9:0 Герман /1909 он/
Хоч: Германы машинууд

Дэлхийн аваргын бүрэлдэхүүн:


Хаалгач:
Мануэль Нойер, Тим Визе, Ханс-Йорг Бутт
Хамгаалагч: Жером Боатенг, Сердар Таски, Марсель Янсен, Пер Мертезакер, Арне Фридрих, Филипп Ламм
Хагас хамгаалагч: Хольгер Бадштубер, Марко Марин, Тони Кроос, Сами Кедира, Месут Озил, Деннис Аого, Пётр Троховски, Бастиан Швайнштайгер, Томас Мюллер
Довтлогч: Штефан Кисслинг, Марио Гомес, Лукас Подольски, Какау, Мирослав Клозе

Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ багийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүрээр түрүүлэх магадлалтай багуудын тоонд багтаадаг. Харин өнөө цагийн шигшээ багийнхан мөн л түрүүлэх зорилготой, хөгжөөн дэмжигчдээс ч өндөр үнэлэмж хүртэн Өмнөд Африкийг зорьсон. 1954 онд Швейцарьт болсон дэлхийн аваргад түрүүлж, хожим нь 1974 онд нутгийнхаа ногоон зүлгэнд цомоо ихэрлүүлсэн тэд хамгийн сүүлд 1990 онд Италийн дэвжээнээс аваргын цомтой нутаг буцсан билээ. Харин өдгөө Йохам Лёвоор удирдуулсан “Германы машинууд” спортын хамгийн алдартай тэмцээнд торгон жолоо өргөхөөр эх нутгаасаа гарсан юм.

Тоглолтын тактик, хамгаалалтаараа алдартай Германы шигшээ баг арвин туршлагатай, баян түүхтэй багуудын нэг. Хэдийгээр багийн ахлагч Михаэль Баллак гэмтлийн улмаас Өмнөд Африкийг зорих боломжгүй болсон ч германчуудад Мирослав Клозе, Филипп Ламм, Бастиан Швайнштайгер, Лукас Подольски нарын авьяаслаг, туршлагатай тоглогчид бий.

Өмнөд Африк хүрэх замд:

Дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад Европ тивийн дөрөвдүгээр хэсэгт таарсан тэд найм хожиж, хоёр тэнцсэнээр хэсгээ манлайлж, Өмнөд Африкийг зорих эрхтэй болсон бөгөөд хэсгийн шатанд ялагдал хүлээгээгүй Европын таван багийн нэг  юм.

Од тоглогчид:

Мэдээж хэрэг “Челси”-гийн хагас хамгаалагч Михаэль Баллак багийн гол тоглогч. Шигшээ багийн ахлагч тэрбээр шигшээдээ 97 тоглолт хийж, олон уралдаан тэмцээнд багаа ахлан талбайд гарсан туршлагатай боловч “Челси”-гийн улирлын хамгийн сүүлийн тоглолтод гэмтсэнээр тун азгүй байдлаар дэлхийн аваргыг өнжиж буй супер оддын жагсаалтыг нэгээр нэмсэн. Харин түүний эзгүйд хурдтай хамгаалагч Филипп Ламм багаа ахлах эрхэм хүндтэй үүрэг хүлээсэн юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон гоол оруулсан Рональдогийн амжилтыг эвдэхийн төлөө тоглоно хэмээн ам гарсан довтлогч Мирослав Клозе мөн энэ багийн оддын нэг. Түүнчлэн дэлхийн аваргын ногоон дэвжээнд “Германы машинууд”-аас Швайнштайгер, Подольски нарт хөлбөмбөг сонирхогчид ихээхэн найдлага тавьж буй.

Дасгалжуулагч:

2006 оны дэлхийн аваргад Юрген Клинсмэнний туслахаар ажиллаж байсан Йохим Лёв “Фрайбург” багийн түүхэн дэх шилдэг мэргэн бууч бөгөөд тайван дөлгөөн зан, од тоглогчид, олон нийт, хэвлэлийнхэнтэй харилцах чадвар, хүлээцтэй ханддаг зангаараа олны хайрыг татдаг. Германы хөлбөмбөгийн спортод шинэ уур амьсгал бүрдүүлсэн тэрбээр тоглолтын аль ч үед тактикийн хувьд зөв сонголт хийдэг нэгэн.

ДАШТ-ий амжилт:

“Германы машинууд” 1954, 1974 болон 1990 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурвантаа түрүүлж, энэ амжилтаараа Бразил болон Италийн багийн дараа бичигддэг. 1930 болон 1950 оны дэлхийн аваргыг эс тооцвол тэд бүгдэд нь чамлахааргүй амжилттай оролцож байсан арвин түүхтэй баг юм.

Германчуудын боломж:

Ерөнхийдөө хөлбөмбөгийн фанатууд тэднийг хагас шигшээ хүртэл явж чадна гэж найдаж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “D” хэсэгт Австрали, Гана болон Сербийн багийн хамт сугалаа татсан тэд бас ч гэж чанга багуудыг хожиж байж шөвгийн 16-д шалгарах учиртай. Хасагдах шатанд шалгарна гэсэн тэдний магадлал 74,4 хувьтай байна. Харин шөвгийн наймд 43,9 хувь, хагас шигшээд шалгарах магадлал 25,4 хувь, харин финалд шалгарах нь 12,1 хувьтай байна. Харин түрүүлэх магадлал ердөө 5,8 хувьтай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж