
Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, урд хөршид боловсруулах газрын тосыг энэ боомтоор экспортолно. Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн боомтоор экспортолж, БНХАУ-ын Эрээний орд газрын Рашаантын түүхий тос хүлээн авах байгууламжид автомашинаар тээвэрлэн хүргэж, цааш шугам хоолойгоор Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг юм. Энэ шат дамжлагыг цөөлж, Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосны талыг Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтоор экспортолбол тээврийн эргэлт хурдсах юм.
Тосон-Уул XIX талбайгаас Монгол, Хятадын хилийн Баянхошуу боомтын чиглэлд 210,7 км хатуу хучилттай авто зам барихаар тогтлоо. Ингэснээр тээвэрлэлт хугацаандаа хийгдэх боломж бүрдэхээс гадна тоосжилт буурах, олон салаа зам гарах зэрэг байгаль орчинд халтай асуудлууд шийдэгдэнэ. Харин урд хөршид боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнээ эргүүлэн импортлохдоо улсын зүүн, баруун бүсийн хилийн боомтуудаар нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн, хоёр улсын хооронд тээвэр хийж буй Монгол, Хятадын харъяат жолооч нарын улсын хил нэвтрэх журмыг хялбаршуулах асуудлыг судлан санал боловсруулж оруулж ирэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Экспортын түүхий тосны тээвэр хийж буй жолооч нар хилээр орж гарахдаа БНХАУ-ын "албаны энгийн" паспорт ашигладаг, паспортын хуудас нь 2-3 сарын дотор л штампаар дүүрч дуусчихдаг байна. Паспорт шинээр авахад урилга, виз, хөдөлмөр эрхлэх, оршин суух зөвшөөрөлгээд олон дамжлага дамжиж, хугацаа алддаг байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны Засгийн газрын хувь нийлүүлсэн хөрөнгийг 200 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгт хүргэн нэмэгдүүлэхээр боллоо. Цаашид шаардлагатай эх үүсвэрийг жил бүр улсын төсөвт тусгаж байх юм. Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2011 онд 33 тэрбум, 2012 онд 23.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмжээ. Хөгжлийн банк өнгөрсөн онд олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын баталгаатайгаар 580 сая ам.долларын эх үүсвэр бүрдүүлж, үүнийгээ стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан. Төслийн цар хүрээ, эргэн төлөлтийн хуваарь зэргээс хамааран Хөгжлийн банкнаас дахин олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргахад өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлэх хууль зүйн шаардлага тавигддаг аж.
Төрийн орон сууцны корпораци (ТОСК) 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийг үүсгэн байгуулах Засгийн газрын шийдвэр гаргалаа. Ерөнхий сайдын шууд харъяанд ажиллах энэ байгууллага Шинэчлэлийн Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийнхөө хоёр дахь хэсгийг хэрэгжүүлэхэд гол үүрэгт гүйцэтгэнэ. Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, түрээсийн байр олноор барьж, иргэдэд хямд үнэ, боломжийн нөхцөл санал болгох ажлыг хариуцан ажиллана.
Хязгаарлагдмал чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан "Орон сууцны санхүүжилтийн корпораци" ХХК-ийн чиг үүрэг, эд хөрөнгийг ТОСК-д шилжүүлэн нэгтгэхээр тогтлоо.
Герман улсын технологи ашиглан нүүрс шингэрүүлж бензин гаргах ажлыг эхлүүлж, хариуцсан төслийн нэгж байгуулахаар тогтлоо. ХБНГУ-ын Засгийн газраас эрдэс баялаг, уул уурхайн салбарын стратегийн бодлогын хүрээнд цөөн тооны оронтой стратегийн түншлэл байгуулахаар 2010 онд шийдвэрлэсэн ба Монгол Улс үүнд багтсан юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд "Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай" хэлэлцээр байгуулсан. Тус хэлэлцээрт "Монгол Улсын Засгийн газар ялангуяа нүүрс шингэрүүлэх болон боловсруулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэл, өнгөт металл, газрын ховор металл боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг дэмжинэ” гэж заасан байна.
Үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн үүсгэл санаачилгад тулгуурлах бөгөөд боловсруулсан бензин нь стратегийн бүтээгдэхүүн учраас үйлдвэрийн тодорхой хэсгийг төр эзэмших нь зүйтэй гэж үзэн төрийн эзэмшлийн хувийг 51 байхаар тогтлоо. Ингэхдээ иргэдийн оролцоо, ил тод хэрэгжилтийг хангах үүднээс Монголын хөрөнгийн биржээр тодорхой хэмжээний хувьцааг арилжаална.
сурагчийн дүрэмт хувцас нийлүүлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр боллоо. Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум, нийт 23 тэрбум төгрөгийг 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөнгөлөлтэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Манай улсад 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас хэрэгтэй. Дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын болон сүлжмэлийн үйлдвэрүүдийн 90 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл тулсан хүүгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай.
Өнөөг хүртэл өмнөд хөршид үйлдвэрлэсэн 100 хувь химийн ширхэгт хямд төсөр материалаар сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн оруулж ирсээр байгаа. Ийм хувцас эдэлгээ, эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангахгүй байсан тул 2011 онд сурагчийн дүрэмт хувцасны зориулалттай даавууны орц нормыг стандарчилсан. Гэвч энэ стандартын дагуу үйлдвэрлэл явагдахгүй, орон нутгийн боловсролын газрууд гэрээлсэн газруудаасаа импортоор оруулж ирсэн хувцсаар сурагчдыг хангах байдал үргэлжилсээр байгаа тул Үйлдвэр, хөдөө аж ахуй, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран "Сурагчийн дүрэмт хувцасны жишиг загвар" боловсруулан гаргажээ. Жишиг загварын дагуу монгол хонины ноосны даавуу болон ээрмэл утсаар дотооддоо үйлдвэрлэсэн хувцсаар сурагчдыг бүрэн хангах ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулах, арьс, ширний үйлдвэрүүдэд технологийн шинэчлэл хийх, дэд бүтэц байгуулахад Чингис бондын хөрөнгөөс санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Технологийн шинэчлэл хийх, дэд бүтэц байгуулахдаа бүтээгдэхүүн худалдан авагч талын хөрөнгө оруулалтыг оролцуулах, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Улсын хэмжээндарьс шир боловсруулдаг 35 үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 170 гаруй үйлдвэр ажиллаж байгаа ч жилд бэлтгэгддэг 10,3 сая ширхэг арьс ширний 25,8 хувийг л үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж байна. Бусдыг нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийн БНХАУ руу экспортолж, дотооддоо нэмүү өртөг бүтээх ихээхэн нөөц бололцоогоо алдаж байна. Үндэсний үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгөгүйгээс түүхий эдээ хангалттай нөөцөлж чаддаггүй, улмаар бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй 5-6 cap сул зогсдог байна.
Энэ салбарын үйлдвэрүүддээ дэмжлэг үзүүлэн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжүүлснээр улс орны нийгэм эдийн засагт чухал хувь нэмэр оруулах тооцоо гарч байна. Манай улсын арьс ширний үйлдвэрлэлийн салбар дэлхийд арьс ширний технологиор тэргүүлдэг Итали, Испани, Турк орноос технологи дамжуулж, 2016 он гэхэд 10.3 сая арьс ширэн түүхий эдийнхээ худалдан авалт, боловсруулалтыг 100 хувь өөрсдөө хийж, үүнээс 80 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, 20 хувийг хагас боловсруулан экспортолж, нийтдээ 1.01 их наяд төгрегийн борлуулалтын орлого олдог 24,7 мянган ажиллагсадтай, экологид ээлтэй орчин үеийн техник, технологитой, улс орныэдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжих боломжтой юм.
Товчхон:
- Бүгд найрамдах Польш улсын Сенатын маршал Богдан Борусевич болон Бүгд найрамдах Финланд улсын Парламентын дарга Эеро Хейнэлуома нарын манай улсад хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг ГХ-ны сайдад даалгалаа. Ноён Богдан Борусевичийн айлчлалын үеэр нийт 66 мянган еврогийн өртөгтэй дөрвөн төслийн гэрээнд гарын үсэг зурсан бол Эеро Хейнэлуомагийн айлчлалын хүрээнд хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, боловсрол шинжлэх ухааны салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцсэн юм.
- Хууль зүйн яамны харъяанд ажиллах Архидан согтуурахтай тэмцэх сангийн дүрэм болон зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Архидан согтуурахтай тэмцах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, архидан согтуурсны улмаас хүн амын эрүүл мэнд, нийгэмд учирч байгаа хор уршгийг арилгах талаарх арга хэмжээг энэ сангаас санхүүжүүлдэг болно.
- Гамшиг, онцгой байдлын үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөц бүрдүүлэх оношлуур, багаж төхөөрөмж, хэрэгслийн жагсаалт баталлаа. Нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлэх байх юм. Манай орны хувьд гарч байсан тохиолдлуудаас дурьдвал, 2003 оны амьсгалын цочмог халтай хам шинж өвчний халдвар, 2006 онд Увсад гарсан шатахуун түгээгүүрийн газрын осол, 2007 оны МИ-8 нисдэг тэрэгний осол, 2009 оны томуугийн А хүрээний Н1N1 халдвар зэргийн үеэр цус, цусан бүтээгдэхүүний хомсдолд орж байжээ.
- Ирэх оны 3 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал зохион байгуулах Ажлын хэсэг байгууллаа. Өнгөрсөн онд Вьетнам улсад болсон 31 дүгээр бага хурлын үеэр Монгол Улс дараагийн хурлыг даргалан зохион байгуулахаар тогтсон юм. Бүсийн бага хуралд 44 орны 300 гаруй төлөөлөгч оролцоно.
- Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, А.Эрдэнэтуяаг томилов. Мөн Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганцэцэг өөр ажилд шилжсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Гантулгыг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.