
-Энэ жилийн тухайд Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт ороогүй. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургадугаар сарын 1 хүртэл тээврийн хэрэгслийн татвар хураах үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн байдлаар явуулсан?
-Авто тээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын хуульд заасны дагуу аж ахуйн нэгжийн хувьд автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварын ногдуулалтаас эхний хагас жилд төлбөл зохих татварыг зургадугаар сарын 01-ний дотор төлсөн байх, автотээврийн хэрэгсэл бүхий иргэний хувьд дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн жилийн албан татвараа бүрэн төлсөн байхаар хуульчлагдсан байдаг. Хуульд заасны дагуу татварын алба замын хөдөлгөөн зохицуулах байгууллага хамтарч татварын хяналт шалгалтын ажлыг зохион явуулж хуульд заасан хугацаанд татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах тул дээрх хугацаанд багтаж хуулийн этгээд болон хувь хүмүүс автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлсөн байх шаардлагатай. Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 06 тоот тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам”-ын дагуу автотээврийн хэрэгсэл эзэмшигч нь тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдахын өмнө тээврийн хэрэгслийн албан татвараа заавал төлсөн байх шаардлагатай. Таны эзэмшиж буй автотээвэр болон өөрөө явагч хэрэгсэл нь аль аймаг, сум дүүргийн нутаг дэвсгэрийн татварын албанд бүртгэлтэй байгаагаас хамаарч тухайн аймаг сум дүүргийнхээ татварын албанд албан татвараа төлнө. Татварын хэмжээ өмнө нь мөрдөгдөж байсан тарифаар байгаа буюу суудлын автомашины хувьд цилиндрийн багтаамжийн хэмжээгээр, ачааны машин даацаасаа хамаарч тогтоогддог.
Татвар төлөгч зарим иргэдийн хувьд тээврийн хэрэгслийн оношлогоо, татвар хураах ажиллагааг хооронд нь ялган салгаж ойлгохгүй байх асуудал гарч байна. Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаагийн хувьд хуульд заасны дагуу тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж байгаа татвар юм. Таны эзэмшиж буй тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамаарч энэхүү албан татварыг ногдуулдаг.
-Дээрх татвар юунд зарцуулагдах вэ?
-Таны төлж байгаа татвар нь тухайн аймаг, орон нутгийн автозамын санд төвлөрч, энэхүү төвлөрсөн хөрөнгөөр тухайн орон нутгийн автозамыг шинэчлэх, засварлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэгээрээ онцлогтой. Энэхүү төлөгдсөн татвар танд эргээд шууд бус утгаар эерэгээр нөлөөлж байдаг гэж ойлгож болох юм.
-Хүндэтгэх шалтгааны улмаас татвараа төлж амжаагүй бол яах уу?
-Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах нэгдсэн арга хэмжээний хүрээнд та хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож амжилгүй татвараа төлөөгүй байгаа бол харьяа аймаг дүүргийнхээ татварын албанд очиж татвараа төлөх боломжтой. Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажлын явц энэ жилийн хувьд АТБӨЯХ-ийн албан татвараар улсын хэмжээнд 9,5 тэрбум төгрөгийн албан татварыг төвлөрүүлэхээс урьдчилсан байдлаар 7,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж жилийн татварын орлогын төлөвлөгөө 82 хувийн биелэлттэй явж байна.
Б.Анхаа