Club Bilderberg-ийн уулзалт өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Club Bilderberg-ийн уулзалт өндөрлөв


“Club Bilderberg”-ийг анх 1954 онд Бельгийн одоогийн хатан хаан Беатрисийн аав, хунтайж Бернардо, Дэвид Рокфеллер нарын санаачлагаар Атлантын далайн хоёр талын хооронд яриа хэлэлцээ явуулах  албан ёсны гүүр бий болгох, мөн дэлхийд коммунизм түгэн дэлгэрэхийг хазаарлан тогтоох зорилготойгоор үүсгэн байгуулсан түүхтэй. Бас Билдербергийн бага хурал, Билдербергийн групп гэж нэрлэгддэг энэ байгууллагыг “дэлхийн сүүдрийн засгийн газар” гэж нэрлэх тохиолдол олонтаа гардаг. Дэлхий дахинд хүйтэн дайны эхлэл тавигдаж байсан тэр үед болсон энэхүү нөхөрсөг уулзалтаас хойш жил бүр ээлжит уулзалтаа тасралтгүй зохион байгуулсаар ирсэн байна.
Энэ удаагийн ээлжит уулзалт Испанийн Барселона хотын Ситхесийн дүүрэгт гольфийн талбайгаар хүрээлэгдсэн нэгэн өндөрлөг газрын оройд байрласан чимээ аниргүй, олны хөл хөдөлгөөнөөс хол, харуул хамгаалалт чангатай нэгэн зочид буудалд болж өнгөрлөө.  Ситхес дүүргийн захирагч Жорди Байжет тив дэлхийг захирагчдын хүрээллийн хамгийн нөлөөтэй эрхэм зочид хуран цуглахаар энэхүү газрыг сонгон авсан явдалд маш бахархаж байна гэж илэн далангүй сэтгэлийн үгээ илэрхийлсэн юм.
Энэ клубын гишүүдийн одоогийн уулзалт Давосын уулзалт шиг олон нийтийн ямарч төлөөлөлгүй, “ам нээхгүй, нууцаа хадгалж байх” тангарагтайгаар, G-20-ийн дээд хэмжээний уулзалтын байгууллага, хэвлэл, мэдээллийнхний дарамтад автахгүйгээр ажил төрлөө амжуулах зорилт тавьжээ.  Уулзалтад дэлхийд нэртэй 130 хөрөнгөтөн, хаан, хатан хаадууд, Европ болон Хойд Америкийн банкны эзэд, улстөрчид, цэрэг армийнхан хуран цуглаж, даяарчлалд автсан дэлхийн хувь заяатай холбоотой чухал шийдэл гаргахаар санал солилцсон сурагтай. Сурагтай гэдэг учир нь энэ группийнхэн олон нийтэд болон хэвлэл мэдээлэлд ямар ч мэдээлэл өгдөггүй, ярьсан асуудал, гаргасан шийдвэрээ нууцлан хадгалдагтай холбоотой юм.
Билдербергийн энэхүү уулзалтад дэлхийн банкны зүтгэлтнүүд, батлан хамгаалахын мэргэжилтнүүд, хэвлэлийн том хөрөнгөтнүүд, ерөнхий сайдууд, засгийн газрын гишүүд, Европын хаад язгууртнууд, олон улсын санхүүгийн нөлөөтөнгүүд, Европ, Хойд Америкийн улс төрийн удирдагчид оролцсон байна.
Энэ бага хурлыг олон ургалч санаа бодолтой хүмүүсийн уулзалт гэж Хенри Киссинжер, Билл Клинтон, Жон Керр зэрэг суутнууд үнэлдэг ажээ. Бага хурлын байнгын гишүүдийн заримыг цухас дурдвал, Дэвид Рокфеллер, Жорж Сорос, Бен Бернанке Жин Клоуд зэрэг дэлхийн том банкирууд зэрэг нөлөө жин бүхий хүмүүс байдаг. Энэ группийн бүрэлдэхүүнд Кока-Кола, Suez, Новартис, Шелл буюу Тотал мэтийн тив дамнасан компаниудын дээд удирдлага ордог боловч “лобби”-ийн буюу дарамт шахалт үзүүлдэг групп биш юм. Мөн Англи, Франц, Бельгийн ерөнхий сайдаар ажиллаж байсан зүтгэлтнүүд, АНУ-ын ерөнхийлөгч байсан улстөрчид, Европын хаад язгууртнууд бүрэлдэхүүнд нь байдаг боловч улс төрийн байгууллага биш юм. Билдербергийнхэн дэлхийн санхүү эдийн засгийн хямрал, цаг уурын дулаарлаас эхлээд дэлхийн энх тайвны Нобелийн шагналыг хэнд олгох вэ? /Барак Обама-д Нобелийн шагнал олгуулсныг дурдаж буй/ гэдгийг хүртэл хэлэлцэж зөвлөмж гаргадаг ажээ. Энэ оны тавдугаар сарын 6-ны өдөр ганц үсгийн алдаанаас болж, дэлхийн бирж донслон хямарсныг ч дүгнэн ярилцаж, дүгнэлт зөвлөмж гаргадаг юм байна.
Энэ бага хуралд Испанийн Засгийн газрын тэргүүн Хосе Луис Сапатеро оролцож, Испани оронд нүүрлэж буй хямралыг хэрхэн даван туулах гэж байгаа талаар тодорхой тайлбарлан ярьжээ. Сургийг дуулахад дэлхий дахинд нүүрлэж буй эдийн засаг, санхүүгийн хямрал түүний дотроос Грек, Унгар, Португали, Испани улс хямралын аюулд өртөж буй болон эдгээр орны араас Итали зэрэг Европын орнууд ч татагдан орох аюул тулгарч байгааг анхааруулсан байна. Еврогийн ханшны уналтыг зогсоон тогтворжуулах, болохгүй бол түр хугацаагаар ч гэсэн еврог өөр валютаар орлуулах тухай яриа ч гарсан бололтой. Билдербергийн группийн төв байр Голланд улсын Лейден хотод байрладаг ажээ.

Эх сурвалж: ABC.es, TVE
Бэлтгэсэн Д.Пунцаг   
         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж