“Наадмын билетээ зараачээ”

Хуучирсан мэдээ: 2013.07.06-нд нийтлэгдсэн

“Наадмын билетээ зараачээ”

Энэхүү үгийг Соёлын төв өргөөний үүдэнд өчигдрөөс хойш оочерлож хоносон иргэдээс Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссынхонд хэлэхийг хүссэнийг уламжилж байна.

“Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг урьд жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэ хэв маягаар хийхээр төлөвлөж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын тоглолтыг Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулахаар бэлтгэл ажлаа эхлээд байна” гэж “айлдаж” байсан Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын урлаг, соёлын салбар хорооныхон өнөө “сураггүй” болжээ.  

Соёлын төв өргөө, Монгол бөхийн өргөөний тасалбар борлуулах цэгээр долоодугаар сарын 6-ны өглөөнөөс эхлэн билет борлуулна гэсэн мэдээллийн дагуу өчигдрөөс эхлэн, үзэгчид оочерложээ. Харин яг борлуулах өдөр нь “Тасалбарыг маргааш зарна” гэсэн нь ийнхүү наадмаа үзэхээр нойроо хасч, хоносон иргэдийн бухимдлыг хүргэжээ.

“НААДМЫН БИЛЕТИЙГ ЛАВЛАНА УУ” гэж байгаа бололтой бичгийг Соёлын төв өргөөний үүдэнд утасны хамт үлдээсэн байна. Тэр утас руу залгаж:

-Наадмын билетийг өнөөдрөөс зарж эхэлнэ гэсэн мэдээлэл гарсан. Та бүхэн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, фэйсбүүк хуудсаар хүртэл долоодугаар сарын 6-нд худалдаанд гаргана гэж бичиж байсан шүү дээ. Яагаад худалдахгүй байгаа вэ гэж асуувал,

-Маргааш худалдаанд гарна гэж хариулж байна. Өнөөдөр ямар шалтгаанаар худалдахаа больсон талаар хэлсэнгүй.

-Маргааш яг худалдах юм уу? Хэдэн цагаас зарах юм вэ? гэж асуутал,

-Маргааш зарна гээд байна шүү дээ. Ес юм уу арван цагийн үед худалдана гээд утсаа тасалж байна.

Мөн хэдэн билет өгөх, яагаад зарахгүй байгаа, маргааш зарах эсэхийг тодруулахаар нэгэн эгч нөгөөх дугаар залгалаа. Нэг хүнд дөрвөн тасалбар өгөх юм байна, маргааш яг худалдаанд гарах юм байна гэдгийг мэдэж авлаа.

Ямартаа ч маргааш худалдаанд гарах юм байна. Харин яг хэдэн цагт зарахаа бол тогтоогүй яваа юм байна гэж ойлгож болох нь ээ. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах гэж байгаа нөхдүүд иймэрхүү “хайнга” зүйл яриад явж байгаад иргэд улам ихэд бухимдаж байгаа нь харагдана.

-За хөөрхий өнөөдөр зарахгүй юм байна. Одоо дахиад нэг хонодог байх даа гэж Соёлын төв өргөөний үүдэнд хамгийн эхэнд суугаа залуу доороо цаас дэвсээд тухлаад авлаа. Маргааш худалдаанд гарна гэдгийг сонссон ч үүдэнд хүлээх хүмүүсийн адил хэсэг зогслоо. Хамгийн түрүүнд оочер авсан ахтай ч багагүй зүйл ярилцлаа.

-Сая ТВ 8 телевиз ирсэн. Ах нь ингэж сууж байгаад баахан л ярьчихлаа. Уг нь товлосон хугацаандаа зарсан бол амар байхгүй юу гэлээ. 

-Та юун “идэвхитэй” юм. Гэртээ хоночихоод өглөө эрт оочерловол зүгээр биш үү. Эсвэл хамгийн түрүүн оочерлож байгаад билет авчихаад “шаглаж” зарах гээд байгаа юм биш гэж наргиа болгон ярьтал,

-“Шагийн билетчин” гэдэг чинь тусгай хүмүүс байдаг байхгүй юу. Юун бид нар шиг хонон, өнжин оочерлохов дээ. Танил талаараа дамжуулаад авчихна. Харж л байгаарай. Наадмын өдөр Төв цэнгэлдэхийн гадуур “Наадмын тасалбар зарна” гээд бөөн бөөнөөр нь атгачихсан явж байна. Эндээс авч чадаагүй иргэд 50-100 мянган төгрөгөөр авдаг. Өнгөрсөн жилийн наадмаар 100 мянган хүрсэн. Гадаад хүмүүст 150 мянган төгрөгөөр худалддаг. 50 мянгын тасалбар нь болохоор шал хэрэггүй шахам хойгуурх суудлууд байдаг гэлээ.

Харин наадмын билет Төв цэнгэлдэхийн байршил суудлаас хамаарч, 18000, 20000, 24000 төгрөгийн үнэтэй байх учиртай. 

Монгол түмнийхээ наадмыг аав, ээж, холоос зорьж ирсэн ах дүүстээ үзүүлэхийн тулд иргэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний үүдийг сахиж сууна. Маргааш өглөө хүртэл хүлээх юм байна. Баяр наадмынхаа билетийг иргэддээ үнээр өгч, “шагийн” гэх шуналтай, танилтай нөхдийг хязгаарлаж өгөөч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулдаг комиссын эрхмүүд минь.   

Б.ШАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж