Гэрч, хохирогчдыг хуулиар хамгаална

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Гэрч, хохирогчдыг хуулиар хамгаална

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар хууль эрх зүйн шинэчлэлийн бодлогод суурилан шинээр боловсруулсан дөрвөн том хуулийг баталлаа. Цагдаагийн албаны тухай, Тахрын /хуулийн төсөлд Маршалын алба нэрээр орсон/ албаны тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай болон Гэр, хохирогчийг хамгаалах тухай хуулиуд. Иргэдийн анхааралд хамгийн их өртөж байгаа хуулиудын нэг болох Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Төсөл

Улаанбаатар
хот

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1 Энэ хуулийн зорилт нь гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад  гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 

2.2. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны зарчим

3.1. Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах үндсэн зарчмыг баримтална:

    3.1.1. шуурхай байх;

    3.1.2. нууцлалыг хамгаалах;

    3.1.3. хүний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

    3.1.4. хамтран ажиллах.

3.2. Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа нь хамгаалалтад байгаа хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандах явдлаас ангид байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хязгаарлахгүй.

    3.3. Хамгаалалтад байгаа хүн мэдээллээр хангагдах, мэдээлэл тарахаас хамгаалагдах, өмч болон ажлын байраа хадгалуулах эрхтэй.

( 1 – Монгол Улсын Үндсэн хууль – "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.)

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

    4.1.1. "гэрч, хохирогч" гэж Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрч, хохирогчийг;

    4.1.2. "хамгаалалтын арга хэмжээ" гэж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг;

    4.1.3. "эрх бүхий албан тушаалтан" гэж энэ хуульд заасан гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтныг (шүүгч, прокурор, мөрдөгч, маршалын алба хаагч).

5 дугаар зүйл. Хуулийн зохицуулалтад хамаарах этгээд

5.1. Энэ хуулийн зохицуулалтад гэрч, хохирогч хамаарна.

5.2. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээдийг энэ хуулийн зохицуулалтад хамааруулж болно.

5.3. Энэ хуулийн 5.2-т заасан гэрч, хохирогчид хамаарал бүхий этгээд гэж тэдгээрийн нөхөр (эхнэр), хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүүг ойлгоно.

5.4. Гэмт хэрэг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, баримт сэлт өгөх болон бусад байдлаар туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцоогүй хүн энэ хуульд хамаарч болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хамгаалалтын арга хэмжээ, туслалцаа

6 дугаар зүйл. Хамгаалалтын арга хэмжээний төрөл

6.1. Хамгаалалтын арга хэмжээ нь дараах төрөлтэй байна:

    6.1.1. аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ;

    6.1.2. сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ.

7 дугаар зүйл. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ

7.1. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ нь дараах хэлбэртэй байна:

    7.1.1. урьдчилан сануулах;

    7.1.2. тодорхой үйлдлийг хязгаарлах;

    7.1.3. биечилсэн хамгаалалт;

    7.1.4. мэдээллийн нууцлалыг хангах;

    7.1.5. хувийн хамгаалалтын хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах;

    7.1.6. аюулгүй газарт түр байрлуулах;

    7.1.7. нүүлгэн шилжүүлэх;

    7.1.8. бичиг баримтыг солих;

    7.1.9. гадаад төрхийг өөрчлөх.

7.2. Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 7.1-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хамтатган хэрэглэж болох бөгөөд хамгаалалтад шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

8 дугаар зүйл. Урьдчилан сануулах

8.1. Гэрч, хохирогчийг алах, бие махбодид гэмтэл учруулах, тарчлаах, айлган сүрдүүлэх, дарамтлах, мөнгө, эд зүйл амлах болон Гэмт хэргийн тухай хуульд заасан бусад гэмт хэргийг үйлдэхээр заналхийлсэн баримт тогтоогдвол тухайн этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн талаар шүүгч, прокурор, мөрдөгч, маршалын алба хаагч бичгээр урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

9 дүгээр  зүйл. Тодорхой үйлдлийг хязгаарлах

9.1. Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээнд гэрч, хохирогчтой уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдох, дагаж мөшгих, бусад хэлбэрээр харилцахыг хориглох арга хэмжээ хамаарна.

9.2. Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээ авсан эрх бүхий албан тушаалтан хязгаарлах арга хэмжээ авахуулсан этгээдээр гарын үсэг зуруулж, хяналт тавина.

10 дугаар зүйл. Биечилсэн хамгаалалт

10.1. Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор биечилсэн хамгаалалтад авна.

10.2. Энэ хуулийн 10.1-д заасан хамгаалалтыг төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн харуул хамгаалалтын бүсэд хэрэгжүүлж  болно.

11 дүгээр зүйл. Мэдээллийн нууцлалыг хангах

11.1. Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн овог, эцэг (эх)-ийн нэр, нэр, оршин суугаа газар, өмчлөлд нь байгаа үл хөдлөх хөрөнгө, утасны дугаар болон тээврийн хэрэгслийн улсын дугаар зэрэг мэдээллийн нууцлалыг хангах арга хэмжээ авна. Шаардлагатай тохиолдолд зохиомол нэр хэрэглэх, утасны дугаар болон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өөрчлөх зэрэг арга хэмжээг эрх бүхий албан тушаалтан холбогдох бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

11.2. Эрх бүхий албан тушаалтан иргэний бүртгэлийн, авто тээврийн болон бусад байгууллагын мэдээлэл лавлагааны сангаас хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн хувийн  мэдээллийг гадагш түгээхийг түр хугацаагаар хориглох  шийдвэр гаргаж болно.

11.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой онцгой тохиолдол, эсхүл Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэхэд хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн талаарх мэдээлэл авах хүсэлтээ  эрх бүхий байгууллагад бичгээр гаргана.

12 дугаар зүйл. Хувийн хамгаалалтын хэрэгсэл болон аюулгүй байдлын техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах

12.1. Гэрч, хохирогчийг Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12.1-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангаж, шаардлагатай тохиолдолд түүний биед болон гэрт нь аюулгүй байдлын техник хэрэгсэл суурилуулж болно.

12.2. Тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

13 дугаар зүйл. Аюулгүй газарт түр байрлуулах

13.1. Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан насанд хүрсэн гэрч, хохирогчийг өөрийнх нь зөвшөөрснөөр, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрснөөр аюулгүй байдал хангагдсан газарт бодит аюул занал арилах хүртэлх хугацаанд түр байрлуулна.

14 дүгээр зүйл. Нүүлгэн шилжүүлэх

14.1. Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учрах аюул заналхийлэл бодитой нь тогтоогдвол түүнийг оршин суух газраас нь нүүлгэн шилжүүлнэ.

14.2. Гэрч, хохирогчийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлэхэд түүний болон хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийн ажил, сургууль, амьдрах орон байр болон шаардлагатай бусад асуудлыг хамтад нь шийдвэрлэж болно.

15 дугаар зүйл. Бичиг баримтыг солих

15.1. Шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, бичиг баримтыг солино.

15.2. Гэрч, хохирогчийн бичиг баримтыг солих аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд дараах бичиг баримтын өөрчлөлт хамаарна:

    15.2.1. иргэний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн баталгаа, диплом болон бүх төрлийн зөвшөөрөл зэрэг албаны бичиг баримт;

    15.2.2. эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цэргийн бүртгэл түүнтэй төстэй нийгмийн хамгаалал, халамжтай холбоотой бусад бичиг баримт;   

    15.2.3. хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийн гэрчилгээ;

    15.2.4. шаардлагатай бусад.

15.3. Гэрч, хохирогч овог, эцэг (эх)-ийн нэр, нэрээ өөрчлөх тохиолдолд урьд өмнө гүйцэтгээгүй байгаа үүргийнхээ талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдээгүйгээс үүсэх үр дагаврыг Засгийн газар хариуцахгүй.

16 дугаар зүйл. Гадаад төрхийг өөрчлөх

16.1. Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалалтын өөр арга хэмжээгээр хангах боломжгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчилж болно.

16.2. Гэрч, хохирогчийн гадаад төрхийг мэс заслын бус аргаар өөрчлөх (үс засалт, үс, нүдний өнгийг өөрчлөх гэх мэт) хамгаалалтын арга хэмжээ авч болно.

16.3. Энэ хуулийн 16.1-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг насанд хүрээгүй гэрч, хохирогчид хэрэглэхгүй.

17 дугаар зүйл. Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ

17.1. Энэ хуулийн 5.1-д заасан гэрч, хохирогчийг сэтгэл зүйн цочролд орохоос сэргийлэх, айдас түгшүүрт автуулахгүй байх зорилгоор сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ авна.

17.2. Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээнд дараах арга хэмжээ хамаарна:

    17.2.1. гэрч, хохирогчийг хамгаалалтад авсан үеэс эхлэн шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчийг байлцуулах;

    17.2.2. гэрч, хохирогчийн оролцоотой явагдах мөрдөн шалгах ажиллагааны явцад үүсэх сэтгэл зүйн таагүй нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх;

    17.2.3. шүүх хуралдааны хугацаа, дараалал, явц болон нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх;

    17.2.4. шүүх хуралдааны танхимд гэрч, хохирогчтой сэтгэл зүйчийг хамт байлцуулах;

    17.2.5. шаардлагатай бусад.

17.3. Энэ хуулийн 23.4-т заасан сэтгэл зүйчдийн баг хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

18 дугаар зүйл. Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид үзүүлэх туслалцаа

18.1. Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид дараах туслалцаа үзүүлж болно:

    18.1.1. хууль зүйн туслалцаа;

    18.1.2. сэтгэл зүйн туслалцаа;

    18.1.3. эрүүл мэндийн туслалцаа.

18.2. Гэрч, хохирогчид энэ хуулийн 18.1.1, 18.1.2-т заасан туслалцаа болон гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон бол эрүүл мэндийн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлнэ.

18.3. Эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

18.4. Энэ хуулийн 18.1.1-д заасан хууль зүйн болон 18.1.2-т заасан сэтгэл зүйн туслалцааг энэ хуулийн 23.4-т заасан нэгж тус тус хариуцан хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Гэрч, хохирогчийг хамгаалах үндэслэл, журам

19 дүгээр зүйл. Хамгаалуулах эрх үүсэх

19.1. Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа, эсхүл хохирол учирсан бол хамгаалуулах эрх үүснэ.  

20 дугаар зүйл. Аюулгүй байдлын хамгаалалтыг хэрэглэх, цуцлах үндэслэл

20.1. Аюулгүй байдлын хамгаалалтыг хэрэглэх үндэслэл нь гэрч, хохирогчийн хүсэлт, эсхүл өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүгчийн бичгээр гаргасан санал байна.

20.2. Аюулгүй байдлын хамгаалалтыг дараах үндэслэлээр цуцална:

    20.2.1. хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт;

    20.2.2. аюулгүй байдлын хамгаалалт хэрэглэх шийдвэр гаргасан албан тушаалтан, эсхүл түүний дээд шатны албан тушаалтны шийдвэр.

20.3. Энэ хуулийн 20.2.2-т заасан албан тушаалтан дараах үндэслэлээр аюулгүй байдлын хамгаалалтыг цуцлах шийдвэр гаргана:

    20.3.1. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх нөхцөл байдал үгүй болсон;

    20.3.2. хамгаалуулагч нь аюулгүй байдлын хамгаалалтын шаардлага, арга хэмжээг санаатайгаар удаа дараа зөрчсөн.

21 дүгээр зүйл. Аюулгүй байдлын хамгаалалтыг хэрэглэх журам

21.1. Эрх бүхий албан тушаалтан гэрч, хохирогчийн хүсэлт, зөвшөөрөл, бодит аюул заналхийллийн талаарх  баримтыг үндэслэн энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөлд дүн шинжилгээ хийх замаар аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг нэн даруй гаргана.   

21.2. Дараах албан тушаалтан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана:

    21.2.1. энэ хуулийн 16.2-т заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийг хамгаалалтад байгаа гэрч, хохирогч, эсхүл түүний өмгөөлөгчийн хүсэлтээр маршалын алба хаагч;      

    21.2.2. энэ хуулийн 7.1.2-7.1.6-д заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийг мөрдөн шалгах ажиллагаанд прокурор, шүүхийн шатанд шүүгч;

    21.2.3. энэ хуулийн 7.1.7, 7.1.8, 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг прокурор, мөрдөн шалгах болон тагнуулын байгууллагын гаргасан саналыг үндэслэн шүүгч.

21.3. Энэ хуулийн 7.1.7, 7.1.8, 16.1-д заасан арга хэмжээ нь аюулгүй байдлын онцгой арга хэмжээ бөгөөд эдгээр арга хэмжээг Мөрдөх албаны харъяалах хэргийн гэрч, хохирогчид тэдний аюулгүй байдлыг хамгаалалтын бусад арга хэмжээг хэрэглэн хамгаалж чадахгүй нөхцөлд хэрэглэнэ.

21.4. Энэ хуулийн 7.1.6-7.1.8, 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх явцад тухайн хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийг урьд ажиллаж байсантай ижил хэмжээний цалин хөлс бүхий ажлын байраар хангана. Хэрэв тийм боломжгүй бол авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх нөхөн олговрыг  хамгаалалтад байх хугацаанд олгоно.

21.5. Энэ хуулийн 7.1.3-7.1.9-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21.6. Энэ хуульд заасан хамгаалалтын арга хэмжээний талаар  мэдсэн иргэн, албан тушаалтан бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

21.7. Энэ хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авах бөгөөд шаардлагатай гэж үзвэл ажиллагаа дууссаны дараа үргэлжлүүлж болно.

22 дугаар зүйл. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргахад харгалзан үзэх нөхцөл

22.1. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргахдаа эрх бүхий албан тушаалтан дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

    22.1.1. гэрч, хохирогчийн аюулгүй байдалд учирч болох эрсдэл;

    22.1.2. хамгаалалтад авснаар олон нийтэд учирч болох эрсдэл;

    22.1.3. гэрч, хохирогчийн өгсөн, өгөхөөр зөвшөөрсөн мэдээлэл, нотлох баримтын үнэ цэнэ;

    22.1.4. нөхцөл байдлын үнэлгээ, аюул эрсдэлийн түвшин;

    22.1.5. хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал;

    22.1.6. хамгаалах арга хэмжээ хэрэглэх эсэхийг тодорхойлох сэтгэл зүйн сорилын үр дүн;

    22.1.7. бусад хүчин зүйл.
 
22.2. Энэ хуулийн 23.4-т заасан сэтгэл зүйчдийн баг нь шаардлагатай тохиолдолд хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлох зорилгоор энэ хуулийн 22.1.6-д заасан сэтгэл зүйн сорилыг авч, хамгаалалтын хэлбэрийг сонгох зөвлөмж гаргана.

23 дугаар зүйл. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага, түүний үүрэг

23.1. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг дараах байгууллагууд өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ:

    23.1.1. цагдаагийн байгууллага;

    23.1.2. мөрдөх алба;

    23.1.3. маршалын алба.

23.2. Маршалын алба нь гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай нэгжтэй байна.

23.3. Маршалын алба нь гэрч, хохирогчийг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:

    23.3.1. гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг шуурхай авах;

    23.3.2. гэрч, хохирогчийг мэдээллээр хангах;

    23.3.3. нүүлгэн шилжүүлэх, бичиг баримт солих, мэс заслын аргаар гадаад төрхийг өөрчлөх хамгаалалтын арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;

    23.3.4. шинээр ажилд ороход туслалцаа үзүүлэх, мэргэжлийн сургалтад хамруулах;

    23.3.5. эрх зүйн туслалцаа болон бусад нийгмийн үйлчилгээ үзүүлэх;

    23.3.6. шаардлагатай гэж үзвэл аюулгүй байдлын хамгаалалтын хэлбэрийг өөрчлөх тухай саналаа холбогдох албан тушаалтанд гаргах;

    23.3.7. энэ хуулийн 5.3-т заасан гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээдийг хамгаалах, энэ хуульд заасан туслалцаа үзүүлэх;

    23.3.8. хамгаалалтын үйл ажиллагааны нууцлалыг хангах;

    23.3.9. шаардлагатай бусад.

23.4. Маршалын албаны хамгаалалтын тусгай нэгжийн дэргэд мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө өгөх болон сэтгэл зүйчдийн баг ажиллана.

24 дүгээр зүйл. Хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийн талаар гомдол гаргах

24.1. Хамгаалалтад байгаа гэрч, хохирогч энэ хуулийн 21.2-т заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийн талаар гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлоо шийдвэрийг танилцуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гаргана.

24.2. Шүүх гомдлыг ажлын 5 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл

25 дугаар зүйл. Гэрч, хохирогчийг хамгаалах талаарх төрийн  болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хүлээх үүрэг

25.1. Засгийн газар гэрч, хохирогчийг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:

    25.1.1. гэрч, хохирогчийг хамгаалах, тусламж үзүүлэх талаар хөтөлбөр баталж хэрэгжүүлэх;

    25.1.2. гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний зардлыг улсын төсвийн төсөлд тусгах.

25.2. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрч, хохирогчийг хамгаалах талаар  дараах үүрэг хүлээнэ:
   
    25.2.1. гэрч, хохирогчийг хамгаалах талаар бусад улстай хэлэлцээ хийх, гэрээ байгуулах;

    25.2.2. Засгийн газраас баталсан хөтөлбөрийн дагуу гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх ажлыг уялдуулан зохицуулах;

25.3. Шүүх, прокурор, мөрдөн шалгах газар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хамгаалалтад байгаа болон хамгаалалтад байсан гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор Маршалын албыг дараах мэдээллээр шуурхай хангах үүрэгтэй:

    25.3.1. яллагдагчид авсан, өөрчилсөн таслан сэргийлэх арга хэмжээний талаар;

    25.3.2. өршөөгдсөн, уучлагдсан шийдвэрийн талаар;

    25.3.3. суллагдсан, хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон талаар;

    25.3.4. хорих байгууллагаас түр болон бүрмөсөн чөлөөлөгдсөн талаар.

25.4. Шүүх, прокурор, мөрдөн шалгах газар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гэрч, хохирогчтой харьцах, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр шүүгч, прокурор, мөрдөгчийг чадварыг сайжруулах сургалтад хамруулж, хохирогч, гэрчтэй харьцахад баримтлах журам боловсруулж, мөрдүүлнэ.

25.5. Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага нь гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр Маршалын алба болон эрх бүхий бусад байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

25.6. Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан болон уг шийдвэрийг хэрэгжүүлж буй албан тушаалтан хохирогч, гэрчийн хувийн байдлын тухай мэдээллийг бусдад тараахыг хориглоно.

26 дугаар зүйл. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох

26.1. Гэмт хэргийн хохирогчид Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөр олгоно.

27 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

27.1. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль тогтоомжийг зөрчсөн хүнд Зөрчлийн тухай болон Гэмт хэргийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

28 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

28.1. Энэ хууль 2013 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж