Тахрын албаны тухай хуулийг ингэж батлав

Хуучирсан мэдээ: 2013.07.05-нд нийтлэгдсэн

Тахрын албаны тухай хуулийг ингэж батлав

Өнөөдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар хууль эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд Засгийн газар, Хууль зүйн яамнаас санаачлан боловсруулсан Тахрын албаны тухай хуулийг баталсан билээ. Шинээр баталсан хуулийн төслийг бүрэн эхээр нь хүргэж байна. Маршалын албаны тухай хууль нэрээр УИХ дээр хэлэлцүүлт орсон уг хуулийг батлах явцдаа нэрийг нь өөрчилж, Тахрын албаны тухай хууль болгон өөрчилснийг анхаарна уу.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Төсөл

Улаанбаатар
хот

MАРШАЛЫН АЛБАНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий Монгол Улсын Маршалын алба (цаашид "Маршалын алба" гэх)-ны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, маршалын алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтооход оршино.

2 дугаар зүйл. Маршалын албаны тухай хууль тогтоомж

2.1. Маршалын албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

( 1 – Монгол Улсын Үндсэн хууль – "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.)

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

    3.1.1. "шүүхийн аюулгүй байдал" гэж шүүх, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүхийн харуул хамгаалалт, барилга байгууламж, түүний орчны аюулгүй байдлыг;

    3.1.2. "хамгаалалтын арга хэмжээ" гэж шүүх, шүүгчийн  аюулгүй байдал, гэрч, хохирогч, тэдгээртэй хамаарал бүхий этгээдийг хамгаалахын тулд Маршалын албанаас авч хэрэгжүүлж буй аюулгүй байдлын арга хэмжээг;

    3.1.3. "шүүгч, гэрч, хохирогчид хамаарал бүхий этгээд" гэж тэдгээрийн нөхөр (эхнэр), хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүүг.

4 дүгээр зүйл. Маршалын албаны үйл ажиллагааны үндсэн зарчим

4.1. Маршалын алба нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:

    4.1.1. шуурхай байх;

    4.1.2. энэрэнгүй байх;

    4.1.3. нууцлалыг хамгаалах;

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Маршалын алба, түүний тогтолцоо, чиг үүрэг

5 дугаар зүйл. Маршалын алба

5.1. Маршалын алба шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн тодорхой төрлийн шийдвэр болон энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий хууль сахиулах бие даасан байгууллага мөн.

5.2. Маршалын алба туг болон бэлэг тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн  батална.

5.3. Маршалын алба тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

5.4. Маршалын алба нь улсын төсвөөс санхүүжих бөгөөд энэхүү төсөв нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан байна.

6 дугаар зүйл. Маршалын албаны чиг үүрэг, бүтэц

6.1. Маршалын алба нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх ба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

    6.1.1. шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах;

    6.1.2. гэрч, хохирогчийг хамгаалах;

    6.1.3. яллагдагч, ялтныг хуяглан хүргэх;

    6.1.4. яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх;

    6.1.5. ялтан шилжүүлэх;

    6.1.6. оргон зайлсан яллагдагч, ялтныг  эрэн сурвалжлах;

    6.1.7. хуульд заасан бусад.

6.2. Маршалын алба шаардлагатай тохиолдолд шүүн таслах ажиллагааны явцад хөрөнгө битүүмжлэх, шүүхэд ирсэн нотлох баримтыг хадгалах, хамгаалах, хуулиар шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулахаар заасан зохигч, хэргийн оролцогчдыг албадан авчрах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

6.3. Маршалын алба нь Маршалын албаны төв байгууллага болон тойргийн журмаар зохион байгуулагдсан Маршалын албад (цаашид "Тойргийн маршалын алба" гэх)-аас бүрдэнэ.

6.4. Маршалын албаны орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар тогтооно.

6.5. Маршалын албаны төв байгууллага нь шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, захиргааны удирдлага, санхүү, хангалт үйлчилгээ хариуцах, дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий үндсэн бүтэцтэй байна.

6.6. Энэ хуулийн 6.5-д заасан дотоод хяналт-аюулгүй байдлын албыг бусад чиг үүрэг хариуцсан албадаас бие даалган байгуулж, ажиллуулна. Дотоод хяналт-аюулгүй байдлын алба хаагчийг тус газрын даргад мэдэгдэхгүйгээр томилох, өөрчлөх, чөлөөлөхийг хориглоно.

6.7. Маршалын албаны шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх үндсэн бүтэц нь дараах албатай байна:

    6.7.1. шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах алба;

    6.7.2. гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах алба;

    6.7.3. мөрдөн шалгах, эрэн сурвалжлах алба;

    6.7.4. яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах алба;

    6.7.5. тусгай бүлэг;

    6.7.6. бусад алба, нэгж.

6.8. Тойргийн маршалын албаны бүтцийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

6.9. Тойргийн маршалын албаны үйл ажиллагааг Тойргийн маршал өдөр тутмын шуурхай удирдлагаар хангаж ажиллана.

6.10. Маршалын алба нь дэргэдээ сургалтын түшиц газар, өөрийн үйл ажиллагааны чиглэлээр шинжилгээ, судалгаа явуулах үүрэг бүхий албатай байж болно.

7 дугаар зүйл. Маршалын албаны төв байгууллагын чиг үүрэг

7.1. Маршалын албаны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

    7.1.1. Маршалын албаны үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;

    7.1.2. Маршалын албаны үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж,  мэргэжлийн удирдлагаар хангах;

    7.1.3. зэвсэг техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хэрэгслээр хангах;

    7.1.4. боловсон хүчнийг сургах, давтан сургах, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

    7.1.5. маршалын алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

    7.1.6. дотоод, гадаадын байгууллагатай харилцах, хамтран ажиллах;

    7.1.7. хуульд заасан бусад.

8 дугаар зүйл. Маршалын бүрэн эрх

8.1. Маршалын албыг Маршал удирдах бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

    8.1.1. Маршалын албаны үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, удирдах;

    8.1.2. албаны үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн батлах, мөрдүүлэх;

    8.1.3. албаны чиг үүрэгтэй  холбогдох асуудлаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд мэдээлэл өгөх, санал тавих;

    8.1.4. албаны үйл ажиллагааны талаар гарсан гомдлыг шийдвэрлэх;

    8.1.5. Монгол Улсын Маршалын албыг төлөөлж дотоод, гадаадын байгууллагатай харилцах, хамтран ажиллах;

    8.1.6. хуульд заасан бусад.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах

9 дүгээр зүйл. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ

9.1. Маршалын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

    9.1.1. шүүхийн харуул хамгаалалт, шүүх хуралдааны журам сахиулах;

    9.1.2. шүүхийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өөрчлөх,  засварлахад аюулгүй байдлын зөвлөмж гаргах;

    9.1.3. шүүгчид аюулгүй байдлын хамгаалалтын талаар сургалт явуулах;

    9.1.4. шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах;

    9.1.5. яллагдагчийг хуяглан хүргэх;

    9.1.6. шүүхийн дуудлагаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх;

    9.1.7. оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах, баривчлах.

9.2. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахдаа хамгаалалтын дараах арга хэмжээг авна:

    9.2.1. урьдчилан сануулах;

    9.2.2. биечилсэн болон техникийн хамгаалалт зохион байгуулах;

    9.2.3. бусад хамгаалалт.

9.3. Шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдуулж шүүгч, түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэнд, шүүгчийн эд хөрөнгөд хохирол учирсан эсхүл учирч болзошгүй бодит нөхцөл байдал үүсвэл шүүгч өөрийгөө болон өөрийн хамаарал бүхий этгээд, эд хөрөнгөө хамгаалалтад авахуулах тухай хүсэлтээ Тойргийн маршалын албанд гаргана.

9.4. Тойргийн маршал хүсэлтийг хүлээн авч нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, энэ хуулийн 9.2-т заасан хамгаалалтын арга хэмжээг нэн даруй зохион байгуулна.

9.5. Шүүгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний хугацааг Тойргийн маршал тогтоох бөгөөд сунгах шаардлагатай гэж үзвэл Маршалд танилцуулж шийдвэрлэнэ.

9.6. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай хамтран батална.

9.7. Маршалын алба шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай гэж үзвэл улсын яллагчийг хамгаалалтад авч болно.

10 дугаар зүйл. Урьдчилан сануулах

10.1 Шүүх, шүүгчийн аюулгүй байдалд заналхийлж, хор аюул учруулж болзошгүй нь тогтоогдсон этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн талаар маршалын алба хаагч бичгээр урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

11 дүгээр зүйл. Биечилсэн болон техникийн хамгаалалт

11.1 Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Маршалын албанаас тодорхой хугацаагаар биечлэн эсхүл тусгай техник хэрэгслэл, тоног төхөөрөмж ашиглан хяналт тавьж хамгаална. 

11.2. Шүүх, шүүгчийн аюулгүй байдалд хохирол учирсан эсхүл учирч  болзошгүй бодит нөхцөл байдал тогтоогдвол биечилсэн болон техникийн хамгаалалтын арга хэмжээг нэн даруй авна.

11.3. Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12.1-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээрхангаж, шаардлагатай гэж үзвэл түүний биед болон гэрт нь аюулгүй байдлын техник хэрэгсэл суурилуулж болно.

12 дугаар зүйл. Бусад арга хэмжээ

12.1 Шаардлагатай тохиолдолд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын бусад арга хэмжээг хэрэглэнэ.

13 дугаар зүйл. Шүүх хуралдааны журам сахиулах, аюулгүй байдлыг хангах

13.1 Маршалын алба шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

13.2. Шүүх хуралдааны журам сахиулах, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Маршалын албанаас шүүхийн хуягийг томилно.

13.3. Маршалын албанаас шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах явцад аюултай, гэнэтийн нөхцөл байдал үүсвэл шүүх хуралдааныг түр хугацаагаар завсарлуулахаар шүүх хуралдаан даргалагчид үндэслэл бүхий санал тавьж шийдвэрлүүлнэ.

13.4. Маршалын алба нь шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах үүргээ хэрэгжүүлэх явцад үүсч болох таагүй нөхцөл байдалд дүгнэлт хийж цаашид хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор шүүхийн байгууллагын удирдлагад үндэслэл бүхий санал хүргүүлж болно.

13.5. Шүүх хуралдааны журам сахиулах нарийвчилсан журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.

14 дүгээр зүйл. Шүүхийн хуяг, түүний эрх хэмжээ

14.1 Маршал нь тухайн тойргийн шүүхэд ажиллах хуягийн тоог холбогдох шүүхийн тамгын газрын даргатай зөвшилцөн тогтоож, маршалын алба хаагчийг шүүхийн хуягаар томилно. Шүүхийн хуяг нь шүүх хуралдааны журам сахиулах, шүүхийн хамгаалалтыг зохион байгуулах болон холбогдох бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.

14.2. Шүүхийн хуяг нь шүүхийн тойргийн маршалын албаны бүрэлдэхүүнд багтах бөгөөд түүнийг  Маршалын алба мэргэжлийн удирдлагаар хангана.

14.3. Шүүхийн хуягийн үйл ажиллагаанд шүүхийн тамгын газрын дарга ерөнхий хяналт тавьж, шүүхийн хуяг шүүхийн дотоод журамд захирагдан ажиллана.

14.4. Шүүхийн тамгын газрын дарга нь шүүхийн хуягийн үйл ажиллагаатай холбогдох санал, хүсэлтээ харьяалах Маршалын албаны удирдлагад танилцуулна.

14.5. Шүүх хуралдааны журам сахиулах хуяг нь энэ хуульд заасан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

    14.5.1. цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийг шүүх хуралдаанд хүргэж ирсэн хуяглан хүргэгчээс хүлээн авах;

    14.5.2. яллагдагчийг хяналтдаа байлган шүүх хуралдаанд хуяглан харгалзах;

    14.5.3. шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах;

    14.5.4. шүүх хуралдааны дэг зөрчсөн шүүгдэгч, зохигч, оролцогчийг шүүгчийн захирамжийн дагуу хуралдааны танхимаас гаргах, дуудсан үед оруулах;

    14.5.5. танхимд байгаа бусад хүн шүүх хуралдааны журам зөрчсөн бол шүүх хуралдаан  даргалагчийн шийдвэрээр танхимаас гаргах;

    14.5.6. шүүх хуралдааны явцад болон завсарлагаар цагдан хоригдсон яллагдагчийг өмгөөлөгчөөс бусад хүнтэй уулзуулахгүй байх, бусдаас эд зүйл авах, дамжуулахгүй байх арга хэмжээг авах;

    14.5.7. хорих ялаар шийтгэгдсэн ялтныг хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр хяналтдаа байлган гэр бүлийнхэнтэй нь уулзуулах;

    14.5.8. ялтныг хуяглан хүргэгчид хүлээлгэн өгөх.

14.6. Шүүхийн харуул хуяг нь шүүхийн байрыг хамгаалж, журмын дагуу үзлэг шалгалт хийн шүүхийн байранд нэвтрүүлэх, шүүхийн гадаад орчны аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

14.7. Маршалын алба нь батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан иргэнийг гэрээгээр ажиллуулж, шүүхийн харуул хуягийн үүргийг гүйцэтгүүлж болно.

14.8. Шүүх хуралдааны явцад эсэргүүцэл үзүүлэх, эмх замбараагүй байдал үүсч болзошгүй нөхцөл байдал илэрвэл Маршалын алба болон цагдаагийн байгууллагаас нэмэлт хүч татан ирүүлэх ажлыг тухайн Тойргийн маршал зохион байгуулна.

14.9. Маршалын алба шүүхийн хуягт галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгслийг албан хэрэгцээнд олгож, ашиглалтад хяналт тавина. Шүүхийн харуул хуягийг гэрээгээр гүйцэтгэж байгаа ажилтанд галт зэвсэг олгохгүй.

14.10. Шүүх бүрэлдэхүүн, хуралдаанд оролцогчдын амь бие, эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдсан эсхүл шүүх хуралдааныг хэвийн явуулах боломжгүй болсон тохиолдолд шүүхийн хуяг биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэглэнэ.

14.11. Шүүхийн хуяг нь шүүх хуралдааны үед хуралдаан даргалагчид захирагдана.

15 дугаар зүйл. Яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх ажиллагаа

15.1. Маршалын алба нь яллагдагч, гэрчийг шүүгчийн захирамжийн дагуу шүүхэд албадан ирүүлнэ.

15.2. Шүүхэд албадан ирүүлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

16 дугаар зүйл. Гэрч, хохирогчийг хамгаалах

16.1 Маршалын алба нь шүүн таслах ажиллагааны явцад гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх ажлыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

16.2. Маршалын алба хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалалтад авах ажиллагааг зохион байгуулна.

16.3. Маршалын албаны хамгаалалтад гэмт хэрэгтэй тэмцэх бусад байгууллага өөрийн мөрдөн шалгаж буй гэмт хэргийн гэрч, хохирогчийг шилжүүлэн өгч болно.

17 дугаар зүйл. Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах

17.1. Маршалын алба дараах тохиолдолд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулна:

    17.1.1. шүүх, шүүгчийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх;

    17.1.2. оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах;

    17.1.3. гэрч, хохирогч, тэдгээртэй хамаарал бүхий этгээдийг хамгаалах аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан
яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах

18 дугаар зүйл. Яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах

18.1. Маршалын алба нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуяглан хүргэх ажиллагааг дараах тохиолдолд зохион байгуулна:

    18.1.1. яллагдагчийг цагдан хоригдох байрнаас шүүх хуралдаанд, шүүх хуралдаанаас цагдан хоригдох байранд хүргэх;

    18.1.2. шүүхийн шийдвэрээр хорих ялаар шийтгэгдсэн ялтныг хорих ангид, шүүх хуралдаанд оролцох ялтныг хорих ангиас шүүх хуралдаанд, шүүх хуралдаанаас хорих ангид хүргэх;

    18.1.3. цагдан хорих байрыг нүүлгэн шилжүүлэх.

18.2. Шаардлагатай гэж үзвэл яллагдагч, ялтныг хуяглан хүргэх хугацаанд үзэгдэх орчинг хязгаарлаж болно.

18.3. Хуяглан хүргэлтийг тусгай тоноглосон автомашинаар шаардлагатай үед галт тэрэг, нисэх онгоцоор тээвэрлэн хүргэнэ.

18.4. Яллагдагч, ялтныг галт тэрэг, нисэх онгоцоор хуяглан хүргэх бол очих газрын Маршалын алба, цагдаагийн байгууллагын удирдлагад урьдчилан мэдэгдэнэ.

18.5. Цагдан хоригдож буй яллагдагч нь эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих байраас гадуур эмчлүүлэх шаардлагатай болсон бол Маршалын алба хуяглан харгалзана.
    
19 дүгээр зүйл. Хуяглан хүргэх харуул, түүний гүйцэтгэх үүрэг

19.1. Энэ хуулийн 18.1-д заасан яллагдагч, ялтныг хуяглан хүргэх үүргийг Маршалын албаны хуяглан хүргэх харуул гүйцэтгэнэ.

19.2 Хуяглан хүргэлтийг ердийн журмаар болон хүч нэмэгдүүлэн гүйцэтгэнэ.

19.3. Нийгэмд аюул учруулах магадлал багатай яллагдагч, ялтныг ердийн журмаар хуяглан хүргэнэ.

19.4. Шаардлагатай гэж үзвэл яллагдагч, ялтныг хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэнэ. Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааны журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

19.5. Маршалын алба хуяглан хүргэх болон хуяглан харгалзах алба хаагчид галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгслийг албан хэрэгцээнд олгож, ашиглалтад хяналт тавина.

19.6. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд оргох, оргохоор завдах, эсхүл маршалын албаны ажилтанд халдсан үед маршалын алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэглэнэ.

19.7. Хуяглан хүргэх ажиллагаанд албаны нохой ашиглаж болно.

20 дугаар зүйл. Хуяглан хүргэх болон хуяглан харгалзахад хориглох зүйл

20.1. Хуяглан хүргэх болон хуяглан харгалзахад дараах зүйлийг хориглоно:

    20.1.1. галт зэвсэг, тусгай хэрэгсэл, харуулын үүргийг бусдад шилжүүлэх;

    20.1.2. зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд галт зэвсгийг сумлах;

    20.1.3. зориулалтын бус тээврийн хэрэгсэл ашиглах;

    20.1.4. хуяглан хүргэж буй тээврийн хэрэгсэлд гадны хүн, ачаа тээвэрлэх;

    20.1.5. техникийн аюулгүй байдал хангагдаагүй тээврийн хэрэгсэл ашиглах;

    20.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүргэх чиглэл, байршлыг өөрчлөх;

    20.1.7. хуяглан хүргэх болон хуяглан харгалзаж буй этгээдийг хяналтгүй орхих, гадны хүнтэй уулзуулах;

    20.1.8. зурвас, захиа, холбооны хэрэгсэл, эд зүйлс дамжуулж өгөх, авах;

    20.1.9. хуяглан хүргэх ажиллагааны нууцлалыг задруулах;

    20.1.10 хуульд заасан бусад.

21 дүгээр зүйл. Ялтан шилжүүлэх

21.1. Маршалын алба нь ялтныг гадаад улсад шилжүүлэх, гадаад улсаас шилжүүлэн авах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

21.2. Ялтан шилжүүлэхэд нисэх онгоц, галт тэрэг, тусгай тоноглосон автомашин ашиглана.

22 дугаар зүйл. Цагдан хорих, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед яллагдагч, ялтныг хуяглан хүргэх

22.1. Цагдан хорих байрыг нүүлгэн шилжүүлэхэд Маршалын алба яллагдагчийг хуяглан хүргэх ажиллагааг зохион байгуулна.

22.2. Хорих ангийг өөрчлөн байгуулах, татан буулгах болон байгалийн гамшиг учирсан үед нүүлгэн шилжүүлэхэд Маршалын алба хорих байгууллагын хүсэлтээр ялтныг хуяглан хүргэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж болно.

22.3. Хуяглан хүргэх, нүүлгэн шилжүүлэх ажиллагааны журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

23 дугаар зүйл. Оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах

23.1. Маршалын алба шүүгч, яллагч, гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ.

23.2. Эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулах үед нийслэл, аймаг, хот, сум, дүүргийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, цагдаа, хорих, батлан хамгаалах, хилийн хамгаалах алба зэрэг байгууллагаас хүн хүч, зэвсэг, автомашин, шатахуун, техник хэрэгсэл, түр байрлах байр шаардан гаргуулах, дайчлан ашиглаж болно.

23.3. Маршалын алба хаагч нь эрэн сурвалжлах ажиллагааны үед боомт, хилийн зурвас, гааль, төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтрэн ажиллах эрхтэй.

23.4. Ялтан оргон зайлсан тохиолдолд тухайн хорих байгууллага Маршалын албанд нэн даруй мэдэгдэж, холбогдох бичиг баримт, мэдээллийг хүргүүлэх үүрэгтэй.

24 дүгээр зүйл. Хорих байгууллагад онцгой нөхцөл байдал үүссэн үед хамтран ажиллах

24.1. Хорих байгууллагад бусдыг барьцаалах, өмч хөрөнгө эвдэж сүйтгэх, галдан шатаах зэрэг нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд Маршалын алба хориход байгаа гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор хорих байгууллагатай хамтран ажиллана.

ТАВДУГААР БҮЛЭГ
Маршалын алба хаагч, ажилтан, тэдгээрийн
эрх зүйн байдал

25 дугаар зүйл. Маршалын албаны албан тушаалын төрөл, ангилал, цол

25.1. Маршалын алба нь төв байгууллагын дарга, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэг хариуцсан тэргүүн дэд дарга, захиргааны удирдлага, санхүү, хангалт үйлчилгээ хариуцсан дэд даргатай байна.

25.2. Дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах чиг үүрэг хариуцсан газрын дарга нь маршалын албаны дэд дарга байна. 

25.3. Маршалын албаны төв байгууллагын дарга нь маршал, тэргүүн дэд дарга нь тэргүүн дэд маршал, дэд дарга нь дэд маршал, тойргийн Маршалын албаны дарга нь тойргийн маршал, тойргийн Маршалын албаны дэд дарга нь тойргийн дэд маршал, нэгжийн дарга нь туслах маршал цолтой байна.

25.4. Энэ хуулийн 25.3-т зааснаас бусад маршалын алба хаагч нь дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, дэслэгч, ахлах дэслэгч, ахмад гэсэн албан тушаалын цолтой байж болно.

25.5. Маршал, тэргүүн дэд маршал, дэд маршал цолыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тойргийн маршал, тойргийн дэд маршал, туслах маршал болон бусад цолыг Маршал тус тус олгоно.

26 дугаар зүйл. Маршалын албаны тангараг

26.1. Маршалын алба хаагч: "Монгол Улсын иргэн би Монгол Улсын Маршалын албанд алба хаахдаа хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж ажиллахаа батлан тангараглая. Тангарагаа зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ." хэмээн тангараг өргөнө.

26.2. Маршалын алба хаагчийн тангараг өргөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

27 дугаар зүйл. Маршал, тэргүүн дэд маршал, дэд маршал, тойргийн маршал, тойргийн дэд маршал, туслах маршал тэдгээрийг томилох, чөлөөлөх

27.1. Монгол Улсын Маршалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

27.2. Тэргүүн дэд маршал, дэд маршалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тойргийн маршал, тойргийн дэд маршал, туслах маршалыг Маршал тус тус томилж, чөлөөлнө.

27.3. Маршал, тэргүүн дэд маршал, дэд маршал, тойргийн маршал, тойргийн дэд маршал, туслах маршалд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:

    27.3.1. Маршалд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил хуульчаар эсхүл хууль сахиулах албанд ажилласан, удирдах ажлын дадлага туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;

    27.3.2. Тэргүүн дэд маршал, дэд маршал, тойргийн маршалд нэр дэвшигч нь хууль сахиулах албанд 10-аас доошгүй жил ажилласан, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;

    27.3.3. Тойргийн дэд маршал, туслах маршалд нэр дэвшигч нь хууль сахиулах албанд 5-аас доошгүй жил ажилласан.

27.4. Тойргийн маршал, тойргийн дэд маршал, туслах маршал нь албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа тухайн тойрогтоо амьдрах бөгөөд томилогдсон тойрогт гэр бүлээрээ амьдрах нөхцөлийг Маршалын алба хангана.

28 дугаар зүйл.  Маршалын алба хаагч, ажилтан

28.1. Маршалын албанд батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, 35 хүртэлх насны Монгол Улсын иргэнийг эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг харгалзан томилно.

28.2. Энэ хуулийн 28.1-т заасан алба хаагчийг Маршал томилж, чөлөөлнө.

28.3. Маршалын алба нь тухайн албаны үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий захиргааны ажилтантай байна.

28.4. Захиргааны ажилтан нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн захиргааны албан хаагчид тавигдах болзол, шаардлагыг хангасан байна.
    
29 дүгээр зүйл.  Маршалын алба хаагчийн дүрэмт хувцас

29.1. Маршалын алба хаагч дүрэмт хувцас, таних тэмдэгтэй байна.

29.2. Дүрэмт хувцас, таних тэмдгийн загвар, хэрэглэх журам болон энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан цол олгох журмыг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тогтооно.

30 дугаар зүйл. Маршалын алба хаагчийн эрх, үүрэг, баталгаа, хориглох зүйл

30.1. Маршалын алба хаагчийн эрх, үүрэг, баталгаа болон хориглох зүйлийг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.  

31 дүгээр зүйл. Маршалын алба хаагчид олгох нөхөн олговор, тусламж

31.1. Маршалын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд энэ хуулийн 31.2-т заасан гэр бүлийн гишүүдийн зөвхөн нэг хүнд алба хаагчийн сүүлд авч байсан үндсэн цалингийн 50 хувийг сар бүр 10 жилийн туршид олгоно.

31.2. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчийн гэр бүлд тооцогдож энэ хуулийн 31.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь амь насаа алдсан өдрийн байдлаар дор дурдсан дарааллаар үүсэх бөгөөд энэхүү эрх бусдад шилжихгүй:

    31.2.1. гэр бүлийн баталгаатай нөхөр (эхнэр);

    31.2.2. насанд хүрээгүй хүүхэд;

    31.2.3. амь насаа алдсан алба хаагчийн асрамжид байсан эцэг, эх, дүү;

    31.2.4. амь насаа алдсан алба хаагчийн бүрэн халамжид байсан хөгжлийн бэрхшээлтэй төрсөн ах, эгч, дүү.

31.3. Маршалын албанаас чөлөөлөгдсөн иргэнийг урьд гүйцэтгэж байсан алба үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан бол энэ зүйлийн 31.1-д заасан баталгаа нэгэн адил хамаарна.

31.4. Энэ хуулийн 31.1-д заасан зардлыг Засгийн газар хариуцан гаргаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
    
32 дугаар зүйл.  Маршалын албаны галт зэвсэг

32.1. Маршалын алба хаагч биедээ галт зэвсэг авч явах эрхтэй.

32.2. Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл, журмыг Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Маршалын албаны хяналт, хариуцлага, бусад зүйл

33 дугаар зүйл.  Маршалын албаны үйл ажиллагаанд тавих хяналт

33.1. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Маршалын албаны үйл ажиллагаанд хяналт тавина. 

33.2. Маршалын албаны төв байгууллага нь Тойргийн маршалын албаны үйл ажиллагаанд дотоодын хяналт тавьж, хууль тогтоомж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлж, илэрсэн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авна.

34 дүгээр зүйл. Маршалын албаны үйл ажиллагаанд гомдол гаргах

34.1. Маршалын албаны үйл ажиллагааны талаарх гомдлыг тухайн байгууллагын удирдлага эсхүл дээд шатны байгууллагад гаргана.

34.2. Гомдлыг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан 5 хоногийн дотор шалгаж, хариу өгнө.

34.3. Энэ хуулийн 34.2-т заасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.

35 дугаар зүйл. Маршалын алба хаагчийн ёс зүйн дүрэм

35.1. Маршалын алба хаагч нь Монгол Улсын Маршалын алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.

35.2. Маршалын алба хаагчийн ёс зүйн дүрмийг Маршалын албаны төв байгууллагын дарга батална.

35.3. Маршалын алба хаагчийн сахилга, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

36 дугаар зүйл. Мэдээллийн сан

36.1. Маршалын алба нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд туслах тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан, сүлжээ байгуулж ашиглана.

36.2. Маршалын албаны мэдээллийн сан нь төрийн нууцын зэрэглэлтэй байна.

37 дугаар зүйл. Маршалыналбаны тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

37.1. Маршалын албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн маршалын алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол энэ хууль болон Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Маршалын албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна.

37.2. Маршалын алба, алба хаагчийн энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүрэгтэй нь холбогдуулан алба хаагч, түүний хамаарал бүхий этгээдийг болонтэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн иргэнийг заналхийлсэн этгээдэд Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

37.3. Энэ хуулийн 37.2-т заасан "хамаарал бүхий этгээд" гэдгийгэнэ хуулийн 3.1.3-т зааснаар ойлгоно.

38 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

38.1. Энэ хуулийг 2013 оны … дугаар сарын… -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж