![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/5/d98b418df5e88722/cadb73df2362141coriginal.jpg)
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хавраас эхлүүлсэн бүтээн байгуулалт, Үндэсний баяр наадмаас өмнө хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар танилцуулсан юм.
Ерөнхий сайд хэлэхдээ, “Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд Арвайхээр-Баяхонгор чиглэлийн нийт 107 км урт, 45,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын ажил бүрэн хийгдэж дуусаад, ашиглалтад орох гэж байна. Мөн нийслэлийн түгжрэл ихтэй уулзваруудыг дөрвөн замын уулзвартай болгож байгаа. “Гудамж” төслийн хүрээнд нийт дөрвөн замын уулзвар дөрвийг нээсэн. Хүй долоон худагийн 8,5 км авто замын ажил бүрэн дууссан” гэлээ.
Мөн 540.0 сая гаруй ам.долларын өртөгтэйгөөр хийгдэж байгаа Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 217 км төмөр замын ажилд 500 гаруй хүн, 250 гаруй техник, машин механизм ажиллаж байгаа. Барилгын ажлын явц 18.8 хувьтай байна гэдгийг тэрээр тэмдэглээд, мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгснөөр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
УИХ-ын үдээс хойшхи чуулганаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл дээр УИХ-ын гишүүд саналаа илэрхийлж, санал хураах ёстой байв. Түүнчлэн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” төслүүдээр санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц хүрээгүй тул дараагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураахаар болжээ.