Амай паспортоо дурсгав

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Амай паспортоо дурсгав

Дэлхийн 69 орноор бадарчилсан Ж.Золбаяр буюу Амай өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж гадаад паспортоо дурсгав. Тэрбээр  аяллынхаа явцад гурван гадаад паспорт дуусгасан бөгөөд Ерөнхий сайдад дурсгасан паспорт нь 28 дахь улс буюу Өмнөд Африкт дууссан байна.

Монгол хүн, залуучууд хийе бүтээе гэвэл чаддаг, үр дүнд хүрч болдогийг тэрбээр 4 жил 6 сар 12 хоногийн аяллаараа харуулснаа хэлээд цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа товч танилцуулав.

Ж.Амай аяллынхаа явцад гадаадын улс орнууд, ард түмний амьдрал, зан заншил, сэтгэлгээ, соёлыг эх орныхтойгоо харьцуулж судалгаа хийсэн байна.

Эх орондоо ирсний дараа “Монгол бадарчин” нийгэмлэгээ байгуулж аялах дуртай залуустай долоо хоног бүрийн Даваа гарагт уулзан гадаадын аялагчидтай холбож, зөвлөгөө өгч байхаар төлөвлөжээ. Мөн БНХАУ-ын Шанхай хотноо болж байгаа Экспо-2010 үзэсгэлэнгийн хүрээнд ирэх 9 дүгээр сард монголын өдрүүдийн арга хэмжээнд  аялах дуртай залуусыг оролцуулах болсон байна.
70 гаруй мянган км газар аялан өөрийгөө нээж, сурч мэдсэнээ бусадтайгаа хуваалцаж байгаад Ерөнхий сайд С.Батболд аялагч Ж.Амайд талархал илэрхийллээ. Монгол залуусын сэтгэлгээ, соёлыг өөрчлөх, нийгмийн харилцааг стандарттай болгох нь чухал байгааг тэрээр хэлээд энэ чиглэлээр төр, засгаас олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж