Уулзалтад Монголоос Уул уурхайн яам, “Монгол нүүрс ассоциаци”, Уул уурхайн үндэсний ассоциаци, Ашигт малтмалын газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах алба, Зам, тээврийн яам, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Татварын ерөнхий газар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын гээд нүүрсний асуудал эрхэлсэн удирдлагууд болон мэргэжилтнүүдээс нийт 20 төлөөлөгч оролцжээ.
Энэ талаар хуралд оролцоод ирсэн “Монгол нүүрс”ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга Л.Даваацэдэвээс тодрууллаа.
-Хуралд Хятадын талаас ямар компаниуд оролцож, санал бодлоо илэрхийлсэн бэ. Ер нь хурлаар юуг онцлов?
-Хятадын талаас мөн манай төлөөлөл шиг, төрийн болон бус байгууллага, компаниудаас оролцож илтгэл хэлэлцүүлсэн. Түүн дундаас Хятадын Чайна Алко, Шиньхуа компанийн илтгэлүүд сонирхол татаж байсан. Хурлын үеэр Хятадын зах зээлд Монголын эзлэх байр суурь улам бүр багассаар байгааг онцолсон. Бид ер нь нүүрсээ хямд үнээр өгөхгүй гээд суугаад байх хооронд байр сууриа алдсан байна. Нэг хэсэг бид Хятадын нүүрсний зах зээлд нэг, хоёрт ордог байлаа. Гэтэл одоо эхний аравт ч багтаж чадахгүй байна шүү дээ. Дэлхийн нүүрсний зах зээл угаасаа хямралтай байгаа учраас нөлөөлөх ч гэсэн энэ хооронд зэх зээлийн том тоглогч Хятадад улс орнууд нүүрсээ нийлүүлээд л байна. Канад, Австрали, ОХУ одоо нүүрсний салбарт том тоглогчид болчихлоо шүү дээ. Үндсэндээ улс орнууд цаашдаа Хятадын тогтвортой түнш байхдаа анхаарч байна.
-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ уначихаад байхад бусад улс яаж нүүрсээ экспортлоод байна?
-Бусад улс дээр хэлсэнчлэн нүүрсээ цаашдаа тогтвортой нийлүүлсээр л байх түнш нь болохын тулд Хятадад хямд үнээр нь өгч чадаад байна. Ингэхдээ нүүрс олборлох, тээвэрлэх зардлаа танаж шийдээд хямд үнээр өгсөн алдагдлаа нөхөж чадаж байна гэсэн үг л дээ. Жишээ нь, олборлосон нүүрсээ олон дамжлагагүйгээр төмөр замаараа шууд Хятадын боомт дээр нь аваачиж өгөөд л. Бас дотроо байдаг татвар, хураамжаа экспортлогч компаниудаа дэмжих үүднээс анхаардаг. Гэтэл бид зөвхөн тээвэрлэх ажиллагаанд гэхэд л их цаг, хөлс төлж байна. Ингээд алдагдлаа нөхөж чадахгүй аргацаасаар байна.
-Тийм учраас яах аргагүй төмөр замын ажлыг яаравчлуулах хэрэгтэй гэдэг. Сүүлд Цагаан хаднаас шилжүүлэн ачихыг болиулж, гүний гаалийн тогтолцоог нэвтрүүлэх болсон нь зардлыг нэлээд хэмнэх арга боллоо?
-Тэгэлгүй яахав. Бидний хувьд авч болох эхний арга хэмжээ бол уурхайн амнаас шууд гаалийн бүрдүүлэлт хийж тээвэрлэх. Экспорт маань унахчихаад манай дотоодын хувийн компаниуд ажиллаж чадахгүй байна. Тиймээс цаашдаа экспортын зардлыг танахын тулд экмпортлогч компаниудаас авдаг татвар, хураамжаа хөнгөрүүлж, дэмжих хэрэгтэй байна.
-Үнийн тухай хурлын үеэр ярилцсан л байлгүй. Манай нүүрсний үнэ одоогийнхөөс өсөх хандлага ажиглагдаж байна уу?
-Ерөнхийдөө энэ хурлаар манайх ганц танай багахан нүүрсээр дутахгүй шүү дээ гэсэн санаа илтгэлүүд дээр нь ажиглагдаж байсан. Ийм ч болохоор биднийг нүүрсний үнээ буулгах хэрэгтэй гэсэн агуулгатай юм ярих жишээний. Нээрэн л Хятадад нүүрс нийлүүлдэг өчнөөн орон байна шүү дээ. Тиймээс ойрын хугацаанд лав нүүрсний үнэ өсөх магадлал муу байх шиг байна.