Тус наадмыг 2008 оноос хойш Соёл урлагийн их сургуулийн багш, оюутнууд, МУЗ-ийн ажиллагсад, “МЕТАА”-ийн ажилтан зэрэг 200 гаруй хүн хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бол өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байгаа билээ.
Энэ жил соёлын наадмын цар хүрээ өргөжүүлэн ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн Монгол ардын уламжлалт урлагийн төрлүүдийн дээжис болсон Монгол уртын дуу, хөөмэй, бий биелгээ, ардын хөгжмийн “Монгол уламжлал”, “Монгол сонгодог”, “Монгол модерн” урлагийн тоглолтыг наадамчин олонд толилуулахаар зэхээд байгаа ба Монгол зураач, дизайнеруудтай уулзах, тэдний бүтээлээс сонирхох боломжийг наадамчдад олгож буйгаараа онцлог юм.
Зохион байгуулагчдын зүгээс “Соёлын наадам”-ыг Зүүн Өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэг хэмээн үзэж байгаа ба цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор тус наадмыг олон улсын түвшинд өргөжүүлэхээр зорьж байгаагаа дуулгасан юм.
Соёлын наадмын үеэр “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон, Их Монгол, Монгол үндэстэн ястны өртөө, нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, ардын аман зохиол, хүүхдийн зургийн уралдаан, нүүр будалт, хөрөг зураг зэрэг өртөөг ажиллуулахын зэрэгцээ наадмын тусгай зоосыг ашиглан сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжтой аж.
“Сэрсэн тал” соёлын наадмын хэвлэлийн бага хурал долдугаар сарын 9-нд 12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд болно.