Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ
Эрх чөлөөний дайсан-1
Доктор Б.Батчулууны “Эрх чөлөөний дайсан” номыг цувралаар хүргэж байна.

Философийн ухааны доктор Б.Батчулуун “Эрх чөлөөний дайсан” хэмээх либертари үзлийн  үндсийг гаргасан  сонирхолтой ном бичжээ. Тэрбээр Д.Боаз  “Либертарианизм”,  Д.Бэргланд “Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл”, К. Скүланд “Жонатан Гулибэлийн аялал”, Ж.Норбэрг “Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй”, А.Рэнд ”Эх сурвалж” гэх мэт бүтээлийг англи хэлнээс орчуулж, сонин сэтгүүлийн хуудаснаа либертари үзлийг сурталчилсан 30 гаруй өгүүлэл нийтлүүлжээ. “Эрх чөлөөний дайсан” хэмээх энэ ном үндэсний  либертари автортай анхны бүтээл юм. Энэ бүтээл бүхэлдээ “Хувь хүн төрөөс дээгүүр орших ёстой” гэсэн үзэл баримтлалыг үндэслэхийн тулд төр болон хуулийн тэр бүр  ил харагддаггүй сөрөг талуудыг дэлгэн тавьжээ. Манай сайт доктор Б.Батчулууны номын хэсгээс цувралаар хүргэх бөгөөд  энэ удаа “Эрх чөлөөний дайсан” номын “Нэгэн хачирхалтай үзэл үүссэн нь” бүлгийн “Либертари үзлийн биелэл-АНУ” хэсгээс уншигч танд зориулан нийтэлж байна.

ЛИБЕРТАРИ ҮЗЛИЙН БИЕЛЭЛ – АНУ

Америкт анх дүрвэн очигсод. Хайр найргүй шарах хурц наран доор зах хязгаар нь үл харагдах далайд хөвөх нэгэн дарвуулт хөлөг дээр ядарч зүдэрсэн хүүхэд, хөгшид, эрэгтэй, эмэгтэй нийлсэн 50-60 хүн байх аж. Далайн шуурга, онгоцон дээр гарсан халдварт өвчин, хоол хүнсний дутагдлаас болж Ирландаас хамт гарсан хүмүүсийнхээ талыг алдчихаад яваа энэ хүмүүс бол Атлантын далайг гатлан Америк уруу дүрвэж буй “хуучин тивийн”-хэн юм. Тэднийг Америкт очиход дасаж идээшсэн зүйл, соёл иргэншлээс нь юу ч байхгүй. Тэнд онгон зэрлэг байгаль, байгалийн хамгийн хатуу ширүүн сорилт шалгалт л угтана. Эмнэлэг, сургууль, орон байр, сүм хийд тэр ч бүү хэл хоол хүнс ч байхгүй. Шинжлэх ухаан, урлаг, философи, хууль цааз, төр-засаг гээд соёл иргэншлийн үзэгдлийн талаар санахын ч хэрэг байхгүй.

Энэ хүмүүс яах гэж дасаж сурсан орчноо орхин энэ зэрлэг, аглаг газар уруу амь тэмцэн зүтгэнэ вэ? ЭРХ ЧӨЛӨӨ. Ганцхан эрх чөлөөний төлөө л ийм зовлон зүдүүртэй аялал хийж яваа юм. Хуучин тивд нь улс төр, эдийн засгийн ямар ч эрх чөлөө байсангүй. Тэдний хаана, яаж амьдрахыг төр л мэднэ. 3-4 сар асар хүнд ажил хийж байж арайхийж бүтээсэн бүтээгдэхүүнийх нь  хагасыг нэг цаас барьсан түшмэл ирээд аваад явчихна. Тэр бол зүгээр нэг цаас биш, хууль. Төр хуульчлагдсан дээрэм хийж байгаа нь тэр. Тэр бүү хэл  “анхны шөнийн алба” гэх мэт ёс суртахууны хувьд тэвчихийн аргагүй хууль-тогтоомжийг төрөөс гаргаж байлаа. Эдгээр дүрвэгсэд мэдээж Локк, Смитийг уншаагүй байсан. Гэхдээ төр, түүний гаргасан хууль цааз буруу болохыг зөнгөөрөө мэдэрч байсны улмаас ингэж дасаж сурсан бүх зүйлээ хаян, амь амьдралаа золиослон Америк тив уруу тэмүүлцгээсэн юм. Америкт ирээд тэдний хийх анхны зүйл нь орон-байраа босгож, амьдралаа залгуулах аж ахуйтай болох явдал байв. Тэр хүмүүс оргүй хоосон энэ аглаг буйд газар ирээд газар хагалж, тариа тарьж, орон-гэрээ барьж байхдаа “Энэ өмчид минь хэн ч халдах ёсгүй. Хэн ч байсан миний бүтээсэн энэ зүйлээс юуг ч авах эрх байхгүй, би хэнд ч өргүй” гэдгээ мэдэж байлаа. Тийм ч учраас раэнч (эдлэн) дээрээ буу бариад зогсож байхдаа эрх чөлөөт иргэн гэдгээ гүнээ ухамсарлаж, зориг төгс байсан. Энэ хүмүүс бусдыг өөр шигээ эрхтэй гэдгийг мэддэг учраас хүний бүтээсэн зүйлийг татварын хууль хэмээх хүчирхийлэл, хуурмаглалаар авч болохгүй гэдгийг яс махандаа хүртэл мэдэрч байв. Шинээр бий болж байсан энэ нийгэмд хувь хүн юу сонирхох, ямар ном уншиж, ямар шашин шүтэх нь тухайн хүний хувийн хэрэг байсан бөгөөд өөрөө ч бусдын тийм эрхийг хөндөж болохгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй амьдарч байлаа.Тэд гарцаагүй болсон тохиолдолд зөвхөн өөрсдийн тусын тулд төрийг байгуулах бөгөөд түүнийгээ хэрээс хэтрэх вий гэсэн болгоомжлолын үүднээс маш ул үндэстэй боловсруулсан зарчим гаргана. Тэр зарчмаа Үндсэн хууль хэмээн нэрийдэх болно. Тэд 1910–аад он хүртэл энэ зарчим буюу Үндсэн хуулиараа төрийг маш хянуур цагдсан байдаг. Энд бид либертари утга зохиолд нэр нь төдий л дурдагддаггүй боловч либертари үзэлд багагүй хувь нэмэр оруулсан хоёр хүний тухай дурдъя.

Томас Пэйнийн (1737.I.29-1809.VI.08) Америкийн хувьсгалд оруулсан хувь нэмэр асар их юм. Тэр үед 3 сая хүнтэй байсан Америк оронд түүний бичсэн Нийтлэг мэдрэмж хэмээх ном 100.000 ширхэг хэвлэгдэн, хүн бүр түүнийг нь уншиж, судалж байв. Бичиг мэддэггүй нь мэддэг хүмүүсээр уншуулан утгыг нь яриулж байжээ. Түүний бичсэнээр “бидэнд байдаг сайн сайхан зүйл нийгмийг бий болгодог бол бидэнд байдаг муу муухай зүйл төрийг бий болгодог… Хамгийн сайн төр ч гэсэн тэвчихийн аргагүй муу зүйл.” Пэйн, мөн тулган хүлээлгээгүй эмх журмын сайн талыг магтан дуулсан байдаг.

Хэнри Давид Торөү (1817.VII.12-1862.V.06). Харвардын Их сургууль төгссөн тэрээр багшлах, хэвлэн нийтлэх ажил эрхэлж нэг хэсэг явжээ. Тэгээд жирийн иргэн хэнд ч хор хөнөөл учруулахгүй хэрхэн амьдарч болдгийг үзүүлэхийн тулд Конкордын Уолдэн Пондод урц овоохойд амьдарч байв. Тэр аливаа хүчирхийллийн эсрэг Иргэний дуулгаваргүй байдал эссэ бичсэн нь либертари үзлийн нэг үндсэн зарчим болсон төдийгүй хожим Махатма Ганди, Мартин Лютер Кинг зэрэг хүчирхийлэлгүйн философиор улс төрийг бүтээсэн хүмүүсийн үйл ажиллагаанд ихэд нөлөөлсөн байдаг. Мөн боолчлолын эсрэг олон эссэ туурвиж АНУ дахь хүний эрхийн онолын үндсийг тавьсан юм.

АНУ-ын Үндсэн хууль. Энэ нь түүхнээ гарсан либертарианизмын гайхамшигт баримт бичиг мөн. 1776 он бол ер бусын жил байжээ. Энэ онд А.Смитийн Үндэстний баялаг, Т.Пэйнийн Нийтлэг мэдрэмж номнууд хэвлэгдсэн төдийгүй Томас Жэффэрсоны эхийг нь зохиосон Тусгаар тогтнолын Тунхаг-т америкчууд гарын үсгээ зурцгаалаа. Бүх хүн эрх тэгш төрдөг, тэд амьдрах, өмчтэй байх, эрх чөлөөг эдлэх төрөлх эрхтэй гэсэн локкоч уламжлал энэ баримт бичигт нэвт шингэжээ. Эрх чөлөөт хүмүүс ямар төр-засагтай байж болохыг заасан баримт бичиг болох АНУ-ын Үндсэн хууль энэ тунхгийн үзэл санаан дээр тулгуурлан бичигдсэн юм. Үндсэн хуулийн “эцэг” болсон хүмүүс төрийг сайтар хязгаарлаж чадлаа гэж үзэж байсан учраас “ийм хязгаарлагдмал төр хувь хүний хязгааргүй эрх чөлөөнд халдаж чадахгүй” хэмээн ихэд баяртай байсан гэдэг. АНУ-ын Үндсэн хуулинд төрийн эрх мэдлийг тоочин бичсэн атлаа хувь хүний эрхийг тоочилгүй орхив. Хязгаартай зүйлийг тоочиж болдог бол хязгааргүй зүйлийг тоочин бичих аргагүй. “Хувь хүний эрх чөлөөг ихэсгэх” гэсэн үгийг өөр үгээр илэрхийлэх юм бол “төрийн эрхийг хязгаарлах” хэмээн буудаг аж. Тиймээс энэ хоёр нь ерөөсөө зоосны ар өвөр тал гэсэн үг ажээ.

Үргэлжлэлийг Философийн ухааны доктор Б.Батчулууны “Эрх чөлөөний дайсан” либертари үзлийн үндсүүд номоос…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж