Гадаад худалдааны нөхцөл байдал таагүй байгаатай зэрэгцэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ч эрс гэж тодотгож болохоор буурчээ. Өмнөх оны мөн үеийнхээс 36 хувиар бага хэмжээний хөрөнгө оруулалтыг гадныхан Монголд хаяглан ирүүлсэн байна. Зэрэглэлээр нь авч үзсэн ч томоохон хэмжээний хөрөнгө оруулалт 35 хувиар, 1-35 хүртэлх сая ам.долларын хөрөнгө оруулалт 24 хувиар буурсан бол жижиг буюу нэг сая ам.доллар хүртэлх хэмжээний хөрөнгө оруулалт 32 хувиар буураад байна. Одоогоор 35-190 сая хүртэлх дунд хэмжээний хөрөнгө оруулалт бага зэргийн өсөлттэй гарсан байна. Эдийн засгийн гадаад нөхцөл байдал таагүй байдалд оржээ. Шалтгаан нь юу байв гэдгийг эдийн засагчид өөр өөрөөр дүгнэж байна. Мэдээж, гадаад нөхцөл байдал, тэр дундаа хөрш БНХАУ-ын улстөрийн нөхцөл байдал ихээхэн хүлээлт үүсгэснийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Хятадаас гадна Евро бүсийн хямрал гэж нэг сүрхий саад тээг байсныг бас мартаж болохгүй. Гадны эдгээр шалтгаас гадна хамаг гол шалтгаан нь дотоодод байсан гэдгийг бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль” батлагдсаны дээр “Ашигт малтмалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад гадаадын хөрөнгө оруулалтад хатуурхсан заалтууд оруулсан нь 2009 оны дунд үеэс манайхыг сонирхож эхэлсэн шинэхэн түншүүдэд таалагдаагүй байна. Хүмүүс хөрөнгөө өсгөх гэж, ашиг олох гэж аль нэг төслийг сонгон санхүүжилт хийх нь мэдээж. Гэтэл хууль эрхзүйн орчин тогтворгүй, улстөрчдийн байр суурь ойлгомжгүй байгаагаас хөрөнгө оруулагчид нүүр буруулахад хүрчээ. УИХ, Засгийн газрын зүгээс хуулийн хатуухан зарим заалтыг залруулан шинэчилсэн ч тэрхүү шинэ сайн мэдээ нь дэлхий нийтэд сонсогдохуйц хэмжээнд сурталчилж амжаагүй өнөөг хүрчээ. Эндээс гарчигт тавьсан асуултын хариу бид өөрсдөө ажээ. Тос дотроосоо өтдөг гэдэг шиг сүүлийн нэг хоёр жилд манайх руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг мөнхийн юм шиг эндүүрснээс азрим нэг алдаа гаргасныг хөрөнгө оруулалтын урсгал харуулж байна.
Хоёронтаа буцсан Оюутолгойн экспорт эхэлчихсэн бол гэсэн бодол хэн бүхэнд төрсөөр байгаа. Хэрэвзээ амласан ёсоороо зургадугаар сарын 14-ний өдөр баялгаа гаргасан байсан бол төсөвт орох татвараас илүүтэй татраад дундраад байгаа валютын урсгалд ихээхэн дэмтэй байх байсныг эдийн засагч нар онцолж байлаа. Уул уурхайн яамнаас тайлбарлаж байгаачлан Оюутолгой манай улстөрчдөд борлуулалтын гэрээ болон үнэ хэншийн талаарх мэдээллийг огт өгөхгүй байгаа юм байна. Хэрэвзээ заавал авна гэвэл нууцлалын гэрээ хийе гэсэн саналыг Оюутолгой компанийн зүгээс тавиад байгаа. Энэ нь Засгийн газрыг үл хүндэтгэсэн, монголын талын ТУЗ-ийн гишүүдийг үл тоосон хэрэг гэж улстөрийн хүрээнийхэн тайлбарлаж буй бол зарим эдийн засагч нар хүлээн авч болохооргүй санал биш гэж хэллээ. Оюутолгой Монголын олон мянган компанийн л нэг. Компани болгоны борлуулалтын гэрээ улстөрчдөд хамааралтай байх юм бол эдийн засаг хааш эргэх вэ, өнөөг хүртэл улсын маань саалийн үнээ гэгдэж ирсэн Эрдэнэтийн борлуулалт хэн бүхэнд ил байдаг уу гэсэн асуултыг тэд сөргүүлэн тавьж байна. Нөгөөтэйгүүр Оюутолгойг төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснийх нь төлөө буруутгаад байгаа үйлдлийг эдийн засагчдын байр сууринаас харвал тун чиг ядмаг үйлдэл гэнэ. Тэр хэмжээний хөрөнгө оруулаагүй гэж үзэж байгаа бол шалгачихад л хангалттай, экспортыг зогсоох хэмжээний асуудал огт биш хэмээн бухимдах ч нэгэн байлаа. Энэ өнцгөөс харвал Оюутолгой амлалтаасаа буцсан биш амлалтаа биелүүлэхгүй байхад хүргэсэн болж таарах нь.
Маш олон зүйл дээр монголчууд алдаа гаргадаг. Эрх баригчдын улстөржсөн шийдвэрээс болж, эдийн засгаа өөрсдөө унагасаар ирсний сонгодог жишээ Чалкогийн гэрээ юм. Цаашдаа хятадын талаас бол Чалкодоход ямагт бэлэн байгааг мартаж болохгүй. Монголчуудын хувьд Хятадын хөрөнгө оруулалт, эсвэл бусад улс орны хөрөнгө оруулалт гэсэн хоёрхон сонголт бий. Тэгэхээр Чалкодсан алдаагаа давтахгүйн тулд аль болох бусад улс орноос хөрөнгө татах, мөн зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус өөр бусад салбарын экспортыг дэмжих бодлогыг баримтлах учиртай юм байна. Ингэхийн тулд “Гадаадын хөрөнгө оруулалтын тогтвротой байдлын тухай хууль”-ийг өргөн барьжээ. Хаврын чуулганаар хараахан хэлэлцээгүй энэ хуулийг яаравчлахгүй бол гадаадын хөрөнгө оруулалт татрахын хэрээр улсын валютын нөөц дундарсаар байхыг Монголбанк анхаарууллаа. Мөн “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг Засгийн газар энэ долоо хоногтоо баталчихвал алт, зэсийн үнийн хараат байдлаас ангижирч үндэсний үйлдвэрлэгч нар ч дэлхийн хэмжээнд сэтгэхэд хүрэх юм. Тэрхүү хөтөлбөрт Монгол Улсын нийт экспортын 40 хувь уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн байхаар заасны дээр экспортлогчдод илүү боломж олгохоор тусгажээ. Экспортлогчдод эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкууд олгохоос гадна хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкнаас өгөхөөр заасан зэргээс харвал “Монголд үйлдвэрлэв” шошго дэлхийн тавцнаа гарах цаг ойрхон байна.
Дээр өгүүлснээр гадаад худалдааны нөхцөл байдал муудаж, гадаадын хөрөнгө оруулалт хязгаарлагдсанаар мэдээж валют хомсдоно. Нийлүүлэлт буурахаар эрэлт өсдөг зах зээлийн хуулиар гадаад валют үнэд орно гэсэн үг. Үнэхээр ч өсч байгаа. Оны эхэнд 1395 төгрөг орчимд эргэлдэж байсан ам.долларын ханш өнөөдөр 1460 төгрөгт хүрчээ. Бусад орны мөнгөн тэмдэгт тэр дундаа манайд хамгийн эрэлттэй юань ч бага багаар үнэтэй болж байгаа. Гэвч алгуурхнаар гэдгийг тодотгох ёстой. Гэнэт 50,60 төгрөгөөр өсөх бус бага багаар нэмэгдсээр ирсэн. Өсөлтийн хувь оны эхнээс дөрөв орчимд эргэлдэж байгаа нь хэвийн үзэгдэл гэж Монголбанкныхан хэлж байна.
Юань доллар өссөн гэх шалтгаар хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ дөрөв биш дөч шахам хувиар өсчихөөд байгаа нь нууц биш. Эдийн засагчийн нүдээр бол энэ нь энгийн байх ёстой зүйлийн нэг гэнэ. Учир нь валют чангарснаар хэрэгтэй хэрэгтэй бараа импортлох нь багасч, зайлшгүй шаардлагатайг л сонгон оруулж ирэхийн дээр тэрхүү орон зайг дотоодын үйлдвэрлэл эзлэх боломж бүрддэг ажээ. Дотоодод үйлдвэрлэл хөгжсөнөөр хэн хожих вэ. Мэдээж бид.