Унгар улсад олон орны түүх судлаач, эрдэмтэн шинжээчид цуглан, Монгол судлалын талаар хэлэлцэж байна. Тодруулбал, “21 дүгээр зууны Монгол судлалын хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Унгар улсын “Өтвош Лорандын Их Сургууль” -д болж байна. Хуралд Унгар, Чех, Солонгос, Монгол, ХБНГУ-ын 50 орчим эрдэмтэн оролцож, Монголын түүх, соёл, хэлбичиг, утга зохиол, урлаг, шашин судлалын асуудлаар илтгэл хэлэлцүүлж буй ажээ.
Монголоос ОУМСХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо, МУИС-ийн МСХ-гийн Гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүй, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн ажилтан, профессор Г.Цэрэнханд, зочин профессор Д.Бадамдорж, Ховд их сургуулийн профессор Б.Даваадорж нарын эрдэмтэд оролцож, илтгэл хэлэлцүүлэх юм байна. Мөн Унгар улсын Их сургуулиудын эрдэмтэн профессорууд, зочин судлаачид ШУА-ийн Угсаатны зүйн хүрээлэн, Төв номын сан, БНСУ-ын Хангүг Гадаад Судлалын Их Сургууль, Гачоны их сургууль, Кеймунг их сургуулийн эрдэмтэн судлаач, профессорууд оролцож байна.
Хурлыг нээж Монгол улсаас БНУУ-д суугаа элчин сайд Т.Ганди, БНУУ-ын Гадаад Харилцааны Яамны хэлтсийн дарга Фэхэр Тамаш, ЭЛТЭ их сургуулийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирал Хамар Имрэ нар үг хэлжээ.
БНУУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Ганди Унгарын монгол судлалын хуучны уламжлал, Төв Европт гүйцэтгэж байгаа ач холбогдлыг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн Газар, Их Хурлаас монгол судлалын талаар авч явуулж байгаа үндэсний хөтөлбөр, Монгол судлалыг дэмжих сангийн бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Унгар улсад монгол судлалын төв байгуулахад Монгол Судлалын Үндэсний зөвлөл, ОУМСХолбоо, ШУА, МУИС зэрэг газрууд онцгойлон анхаарч байгааг дурдаад, цаашид хамтран олон сайхан ажил төлөвлөж байгаа тухай онцолсон байна.
Энэхүү хурлыг зохион байгуулж байгаа Унгарын ЭЛТЭ их сургуулийн Төв Ази судлалын тэнхим нь 1930 оны сүүлээс дорно дахин судлаач, алдарт эрдэмтэн Лагос Лигэтигээс уламжлан нэрт Монголч Хар Доржоор улбаалан одоо Монгол, Ойрад, Халимагийн түүх соёл, хэл угсаатны зүй, бөө мөргөл, буддизм, үндэстний цөөнх, нүүдлийн соёл иргэншил, судлалаар Европт төдийгүй дэлхийд нэр хүндтэй судалгааны төв ажээ. Тиймээс олон орны шинжээчид тус сургуульд хурлыг зохион байгуулсан бол цаашдаа энэ хурлыг Монгол, БНСУ-д уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтсон байна.