Давхар бүртгэлийн тухайд, Монголын томоохон компаниуд үйл ажиллагааныхаа цар хүрээгээ бодолцож гадны том биржүүд дээр үнэт цаасаа худалддаг. Тэгвэл гадна гарсан Монголын том компаниудаа дотоодын бирждээ татан оролцуулахын тулд ийнхүү давхар бүртгэлийн асуудлыг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, гадаадын бирж дээр үнэт цаасаа арилждаг компаниуд Монголын хөрөнгийн биржид мөн үнэт цаасаа гаргах боломжтой юм.
Өөр нэг асуудал бол хадгаламжийн бичиг бөгөөд энэ нь хөрөнгө босгох дөхөм арга гэдэг. Энэ нь үнэт цаасны хадгаламж /кастодиан/-ийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад хадгалуулсан хувьцаа, өрийн хэрэгслийг өөр улсын үнэт цаасны зах зээлд арилжих зорилгоор гаргах үнэт цаасыг хэлдэг байна. Хуульд тусгасан мөн нэг гол үзэл баримтлал бол хөрөнгийн зах зээлийн ил тод байдал. Үүнийг хуульчилж үзэх болсон нь зах зээлд оролцогсодын итгэл, үнэмшлийг сайжруулах, арилжааны цар хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай учраас ийнхүү зайлшгүй тусгажээ. Ингэхдээ хөрөнгийн зах зээл дэх мэдээллийн урсгалыг нээлттэй болгох, оролцогч талуудын мэдээллэх үүрэг, хариуцлагыг нарийвчлан заасан байна.
Дэлхийн улс орнуудын иргэн бүр нь амьдралаа хангалттай авч явах хэмжээний хөрөнгөтэй байж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд, хөрөнгийн зах зээлээ сайтар бэхжүүлдэг гэдэг. Үүний тулд эрх зүйн орчноо бүрэн боловсруулж, анхдагч зах зээлд нэвтэрч байгаа компаниудад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгох зэргээр уян хатан Хөрөнгийн биржийн тогтолцоог бүрдүүлдэг ажээ. Тэгвэл Монголд хөрөнгийн зах зээл үүсч, хөгжөөд 20 гаруй жил болсон бөгөөд энэ салбарыг нэгтгэх хууль эрх зүйн орчин салбарынхаа туршлагаас хамаараад дутмар байсаар ирсэн. Ийнхүү анх Үнэт цаасны тухай хууль 1995 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш засах, сайжруулах зүйл их гарсаар байсан ч эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эргэж хараагүй байсаар 2002 онд шинэчлэн баталжээ. Үүнээс арав гаруй жилийн дараа хөрөнгийн зах зээлийг нэгтгэх хууль эрх зүйн орчноо мөн цаг үеийн байдалтай уялдуулан энэ оны тавдугаар сард хуулийг шинэчлэн найруулж баталлаа. Энэ удаагийн хөрөнгийн зах зээлийн шинэтгэлийг дан ганц санхүүгийн салбарынхан гэлтгүй нийтээр ийнхүү хүлээж байв. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгаар дээрх асуудлыг тусгаснаар хөрөнгийн зах зээлийн бүх асуудлыг биш ч захаас нь эхлээд шийдээд явах тухай өнөөдрийн хурлын үеэр ярьж байсан.
Одоогоор Монголын хөрөнгийн биржийн арилжаа цар хүрээ муутай, брокерийн компаниудаа хэт дарласан гэж шүүжлэл дагуулж байгаа ч хөрөнгийн зах зээл нэг дор асуудлуудаа шийдэх боломжгүй аажмаар шийддэг ажээ. Цаашдаа 2-3 жилийн дараа энэ зах зээлд оролцогсдын тоо, арилжаанаас олох үр ашиг нэмэгдэж, гадны биржтэй ижил хэмжээнд хүрэх боломжтой тухай албаныхан хэлсэн юм.