Монгол үндэсний хувцас баруун, зүүн, төв гэж хуваагддаг
бөгөөд 20 орчим үндэстэн ястны хувцаснаас бүрдэнэ. Монголчууд хүний буян хишиг
нь хувцсандаа хурдаг бөгөөд эрэгтэй хүнийх бүсэнд, эмэгтэй хүнийх бэлний чимэг
зүүлтэнд нь тогтдог гэж үздэг. Монгол хувцас нь малгай, дээл, ууж, хүрэм,
хантааз, дотуур хувцас, гутал зэргээс бүрдэнэ. Дээл хувцасны гол материал бол
торго юм. Монгол хувцас хэдийгээр ястан ястны онцлогийг хадгалах боловч монгол
туургатныг илтгэх нэг хэв маягтай, ижил төстэй загвартай байдаг. Эрэгтэйчүүдийн
хувцас өөр хоорондоо ялгаатай ч ерөнхий байдал нь аль ч нутагт адилавтар
байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувцас, түүний дотор эхнэр хүний хувцас хэрэглэл
нилээд өвөрмөц бөгөөд тэрхүү ялгаа нь энгэр, нударга, уужны мөр, үсний хэв
маяг, чимэглэл, гутал зэрэг дээр тод харагддаг байна.
Эрт үеийн монгол хувцас: Эртний монгол
хувцас гэдэг нь Монгол нутагт анхны төр улсыг
байгуулсан Хүннү нарын хувцаснаас эхлэлтэй. Хүннү нар баруун зүүн тийш
зөрдөг энгэртэй дээл, ээтэн хоншоортой гутал, агсарган бүс хэрэглэж байжээ.
Сяньбичууд Хүннү нартай ижил дээл өмсөж, Жужанууд өмнөхтэй адил энгэртэй,
нарийн ханцуйтай дээл, урт түрийтэй гутал өмсдөг байжээ. Харин Түрэг угсаатны
дээл нь урдуураа задгай, буруу зөрдөг энгэртэй байсны дээр гутал малгай зэрэг
нь өөр байжээ. Киданчуудын хувцас нь дундад эртний монгол хувцасны үүсгэл болж
түүнд тулгуурласан монгол дээл хувцасны хэв маяг бүрэлдэн тогтсон гэдэг. Тэр
үеэс эхлэн монгол угсаатан нь зөв энгэртэй, түрэг угсаатан нь буруу энгэртэй
дээл өмсөх болжээ. Эрт үед Монголын хаад, ихэс дээдэст зориулан торго дурданг
урлаж, хээг нь алт мөнгөн утсаар хослуулан хатгаж, эрдэнийн чулуун шигтгээг
суулгадаг байжээ.
Дундад эртний монгол хувцас: XIII зууны үед
Монголчуудын дээл зөв ташуу энгэртэй, гутал нь ээтэн хоншоортой, толгойн өмсгөл
нь алчуур, юүдэн болон хив малгай байжээ. Дээлнийхээ солгой талд оноо хийж,
баруун талдаа 3, зүүн гар талдаа 1 товч хаддаг байв. Монголын их хаад Мөнх,
Хубилай нар тайлга ёслолын хувцасны дүрэм хуулийг тогтоосон бөгөөд монгол
дээлний хэв маягийг хэвээр хадгалж чимэг зүүлтийг улам нэмжээ. Хубилай хааны
хатан Чинбай хувцасны загвар хийцийг зохиож урладаг ухаалаг нэгэн байсан бөгөөд
монгол хувцсанд түүний нөлөө их байсан. Чинбай хатны нэрнээс үүдэлтэйгээр
“нямбай чимбай” гэдэг үг үүсчээ гэж үздэг. Монгол эхнэрүүд өндөр оройтой
“богтаг” хэмээх малгайны нарийн хоолойнд сүлжсэн гэзгээ хийж дугтуйлдаг байсан
нь монголчуудын үс засалтын хувьд содон засалт байв. XIII зууны үеийн монголчууд дээл хувцсаа цэмбэ,
арьсаар голдуу хийдэг байснаа торгомсог бөс, алтан саагаар хатгамалсан хоргой
торгоор хийдэг болж, эрдэнийн чулуун шигтгээ бүхий хээ угалз, зээгт наамлаар
чимэглэдэг байжээ.
Дундад зууны үеийн монгол хувцас: Манж чин улс
XYII зууны үеэс Хятад, Монгол зэрэг орныг эрхшээлдээ оруулснаар манж хувцасны
зарим хэв маяг дэлгэрсэн. 1759 онд хувцасны хууль гаргаж монгол ван, гүнгүүдийн
цол хэргэм, зэрэг дэвийн хувцасны маяг, хэрэглэх зүйлийг тусгайлан заасан
байна. Монгол эрчүүд манж маягийн тав гэзэг тавьж, дөрвөлжин энгэртэй дээл
өмсөх болсон ба дээлний ханцуй нь нударгатай болжээ. Монгол хүний дээл хувцсанд
нударга хийсэн нь таван хошуу мал адил номхон байлгах гэсэн санаа байсан хэмээн
хэлэлцдэг боловч монголчууд нударгыг нь дээш эргүүлэн нугалж ембүү хэлбэрт
оруулан хөх өнгөөр дэвсгэрлэн хэрэглэх болжээ. Мөн нударга нь бээлийний үүрэг
гүйцэтгэж хүйтнээс сэргийлнэ. Манжийн үед шинээр бий болсон хувцас бол лам дээл
хувцас бөгөөд эртний монгол дээлний энгэрийг өвлөн авсан байна.
Нөхөрт гарсан халх эмэгтэй хүн үсээ хоёр хувааж,
дугуйруулан дэрийлгэж хавчих болсноор “эхнэр үс” бий болж түүнийг тогтоох
толгойн боолт, үсний хавчаар, үсний гэр зэрэг хэрэглэгдэхүүнүүд үүсч түүнийгээ
цалин цагаан мөнгөөр уран нарийн хийцтэйгээр урладаг болжээ. Бэл бэнчингээсээ
хамааран 5-20 килограмм хүртэл мөнгө хэрэглэдэг. Иймэрхүү үс засалт бүх ястан
эмэгтэйчүүдийн нийтлэг гоёл болж, үсээ хоёр салаа сүлжин туйв болон бөс торго
зэргээр хийсэн үсний гэрэнд хийж унжуулан үсний үзүүрийг ил гаргадаггүй заншил
тогтжээ. Баруун аймгийн нөхөрт гараагүй охидууд үсээ 12-24 салаа сүлжиж
“боодог” хэмээх боолт зүүнэ. Хүн амын дийлэнх хувийг халхчууд эзэлдэг учраас
халхын хэв маяг бусад ястнуудад нөлөөлж, эрд гарсан эмэгтэйчүүд нь дээлэн дээр
уужийг давхарлан өмсдөг байв. Уужны хоёр ташаанаас бэл хэмээх хос мөнгөн эдлэл
зүүж таван өнгийн алчуурыг унжуулж гоёдог. Мөн “таван саваагүй”, “гурван
саваагүй” гэж нэрлэгдэх эмэгтэй хүний гоо заслын хэрэглэлүүдийг зүүдэг бөгөөд
тэдгээр нь шүдний чигчлүүр, чихний ухуур, хумсны хайч, хөмсөг зулгаагч, хэлний хусуур
юм. Монгол эмэгтэйчүүд эрчүүдээ дайн байлдаанд явсны дараа орон гэрээ сахиж, үр
удмаа хамгаалж үлддэг учраас ирвэс шилүүс гэх мэт хүчтэн амьтдаар хамгаалуулж
байна хэмээн бэлгэдэж ангийн арьс үсээр дээл хувцсаа чимэглэдэг байв. Баруун
монголын эмэгтэйчүүд хувцсандаа эрх
чөлөөг хүсэмжилсэн үзэл бодлоо шингээж дээлэн дээр задгай ууж өмсөн цагаан зах
зүүдэг. Баруун монголын эрчүүд хар өнгийн бөс даавуугаар өргөн нарийн эмжсэн
хиаз эмжээртэй, цагаан цайвар өнгийн гадартай дээл, тэрлэг өмсдөгөөрөө монгол
угсааны бусад ястнаас ялгарна.
Богд хаант Монгол улс байгуулагдсанаар Манжийн үеийн
ямбаны хувцас халагдаж шинэ тулгар төрийн ноёд түшмэдийн зэрэг дэвийг
илэрхийлэх албаны хувцсыг хуульчлан тогтоожээ. Хуучны адил хан, ван, бэйл, гүн,
засаг гэх мэтээр ялгаж, тайж нарыг 1-4 зэрэг, бичиг хэргийн түшмэлийг 1-9
зэргээр ялган зэрэглэж харилцан адилгүй хувцас, хэргэм зэргийн фүс хэрэглэх
болжээ. Фүс гэдэг нь хүрэм хувцасны ар өвөр талд байх бэлгэдэл хээ ажээ.
Тэргүүн зэргийн тайж түшмэд өмнө хойноо “таван нүдэт” алтан тэмдэг, дэд зэрэг нь “алтан өлзий”, гутгаар нь “алтан
хас”, дөтгөөр нь “чандмань эрдэнэ”, тавдугаар нь “мөнгөн лавай” фүстэй байжээ.
Малгайн жинсний хувьд тэргүүн болон дэд зэргийн тайж түшмэлүүд “шүрэн”, гутгаар
нь хөх эрдэнийн чулуу болон хөх болор чулуу, дөтгөөр нь номин хөх өнгийн битүү
болор, тавдугаар нь шил мэт өнгөт гэгээн болор жинс шигтгэж хэрэглэдэг байв.
“Жинс” гэдэг нь малгайн сампингийн оронд байх шигтгээг хэлнэ. Мөн энэ үед цоо
шинээр бий болсон нэг хувцас бол эртний Энэтхэгийн хаад, Түвдийн ихэс лам нар,
хуучин Манж Чин улсын хааны хувцаснуудаас загвар авч бүтээсэн эзэн хааны хувцас
байв. Хааны зуны малгай нь алтан очир жинстэй, алтан хоргой оройтой бол өвлийн
малгай нь ижил хирнээ хар үнэгний арьсан буулгатай. Шар өнгийн магнаг дээл,
гадуур хүрэм хэрэглэх бөгөөд хүрэмний ар өвөр, хоёр мөр дагуулан фүс хадсан.
Фүсийг алтан хорол өртэй хийж, эргэн тойронд нь хаан бугуйвч, хатан сүйх, таван
нүд, заан соёо, загасан нуруу, үнэртэн, шүр, уул ус гэх мэтийн эрдэнийн зүйлээр
хүрээлүүлж, арын фүсэнд Өндөр гэгээн Занабазарын зохиосон монгол төрийн
бэлгэдэл “Соёмбо”-ыг дүрсэлжээ.
Орчин үеийн монгол хувцас: 1921 оны
Үндэсний ардчилсан хувьсгалын дараа ноёд түшмэдийн аливаа баяр ёслолд өмсдөг
урт дээл хүрэм, отго жинс зэргийг болиулжээ. Тэдгээр ямбаны хувцас, монгол
хатадын гоёл чимэглэл ихтэй хувцас хэрэглэлийг музей, кино, театр, бэлэг
дурсгалын зүйлсээс олж харж болно. Нүүдлийн соёлоос суурин соёл руу шилжсэнээр
ард олны хувцас хөнгөрч нимгэрэн Хүрээ хүүхнүүд, Хүрээ харчуулын хувцаслалт бий
болж богино хүрэм, энгийн хийцтэй, мухар ханцуйтай шулуун дээл өмсөж, ардын
журамт цэргийн дүрэмт хувцас шинээр бий болсон. Дээлний зах, эмжээр, суга,
ташаа нь нарийсч, эсгүүр хийц нь өөрчлөгдсөн бөгөөд эмэгтэйчүүдийн дээлний
энгэр захыг хоргойгоор эмждэг болжээ. Өөрөөр хэлбэл, монгол үндэсний хувцасны
хамгийн энгийн бөгөөд сонгодог загварт шилжсэн юм.
Оросын улаан цэргийн дуулга малгайнаас загвар авсан
“жанжин” малгай дэлгэрсний дараагаар минжин малгай, бүрх малгай, өдөн цагаан
малгай зэргийг элбэг хэрэглэх болжээ. 1930-аад оны дундуур европ болон савхин
эдлэлийн үйлдвэрүүд нээгдсэн нь монгол хувцас хувьсан өөрчлөгдөхөд ихээхэн
нөлөөлж монголчууд үндэсний хувцсыг европ маягийн энгийн хувцастай хослуулан
хэрэглэх болжээ. Хүрээ залуучууд нимгэн дан дээлний дотор талд цагаан цамц
өмсөж даавуун бүс бүсэлж, бүрх малгайг хэрэглэж, эмэгтэйчүүд нь эхнэр үсийг
халж, өдөн цагаан малгайг толгой дээрээ хазгай тавин өмсөж эртнээс уламжилж
ирсэн сүүжин ээмгийг сувд зэргээр гоён шинэ загвартай болгон зүүж, сувдан
даруулга, сувдан сам, энгэрийн зүүлт зэргийг хэрэглэх болов. Хүрээ хүүхнүүдийн
гангараа нь олон хошмогтой уран нарийн хийцтэй хантааз, түүн дээр нуруу даган
унжих сувдан даруулгатай урт үс байв. Үснийхээ угт том сувдан даруулгыг зүүдэг
бол үснийхээ үзүүр хэсэгт жижиг сувдан даруулгаар гоёдог байжээ. Гэвч социалист
нийгмийн үед уламжлалт монгол хувцас хөдөөгийн малчин ардад илүү өвлөгдөн үлдэж
хот суурин газрын иргэд европ хувцас түлхүү хэрэглэх болсон юм. 1990 оны
Ардчилсан хувьсгалын дараа Монгол улсын ерөнхийлөгч, төрийн сайд, УИХ-ын гишүүд
гэх мэт төрийн албаны хүмүүс эртний дээдсийн хувцасны шинжийг агуулсан дээл
хувцсыг баяр ёслолын үеэр өргөн дэлгэр хэрэглэдэг болоод байна. Монголчуудын зарим хувцас хэрэглэлийг
танилцуулбал,
- Бүс: Дундад
эртний үед дээлэн дээр металл товруутай нарийн суран бүс бүслэхээс гадна
дээлийн үндсэн өнгөнөөс өөр өнгөтэй, олон зэрэгцээ хуниас бүхий бөсийг
бүсэлхийгээр өргөн ороож байжээ. Бүсийг өргөнөөр ороон бүслэх нь морин
дээр удаан хугацаагаар явахад гэдэс зайлагдахаас сэргийлсэн түгээмэл арга
ажээ. Сүүлд энэ нь нарийсч олон хуниас бүхий оёдолтой болж, чангалж уях
зориулалттай уяаг нэг тал руу нь гүйлгэн татдаг болжээ. Ийм бүс бүхий дээл
нь Юань гүрний үед хамаарах бөгөөд Өвөр Монголын Муумянганы хошуу нутаг,
Монголын Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Бухын хошуу хэмээх
газруудаас олджээ. Хүйтэн сэрүүн нөхцөлд биеийн дулааныг хадгалахын тулд
дээлийг бүсэлдэг байснаас гадна чөдөр, ногт, хуйв, хутга, хэт цахиур зэрэг
хэрэгслийг гарын дор бэлэн авч явахад тустай байжээ. Аян дайнд мордохдоо
хутга, сэлэм, саадаг, хоромсогоо бүсэндээ хавчуулан явдаг. Одоо үед хэдэн
давхар ороосон урт торгомсог эд
бүсэлдэг болсон бөгөөд бүс нь эр хүний хийморь лундааг илтгэхээс гадна
буян хураахын бэлгэдэлтэй, мөн улс гүрнийг бутраахгүй сарниахгүй барьж
байна гэсэн санааг илэрхийлдэг. Хань нөхрүүд хоорондоо бүс солих ба дахин
уулзахгүй гэсэн хүнтэй бүсээ сольж бүсэлдэг. Дундад эртний Монголын хаад
язгууртнууд угсаа гарвал, эрх мэдлийн бэлгэ тэмдэг болгож алтан тоноглолтой
бүс хэрэглэдэг байсан тухай түүхийн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.
Тухайн үед бүс нь эрх мэдэл, сүр хүчний бэлгэдэл байсныг гэрчлэх үйл явдал
нь Чингис хаан дүү Хасарыг шийтгэхдээ малгай бүсийг нь хамгийн түрүүнд
хураан авч байсан баримт бий. Ялтан хүнд бүс бүслүүлэхгүй нөмгөн байлгадаг
нь эртний уламжлалтайг илтгэж байна. Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг
эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монголчууд бүсээ
зангидахыг цээрлэдэг бөгөөд хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав
хонуулаад хамгийн ахмад хүнд очин бүсний зангилаагаа гаргуулахыг хүсдэг.
Тухайн ахмад хүн бүсний эзнээс гурав хоногийн явдлыг асуугаад хамгийн
бэлгэдэлтэй сайныг тайлбарлаж өгөөд зангилааг тайлж өгдөг ёсон бий. Хүний
бүсэнд сүнс хадгалагддаг гэж монголчууд ярьдаг учраас сүнс зайлж буян
арилахгүй гэж бүсийг зангиддаг. Эхээсээ өнчирсөн хүн бүсээ өмнөө зангидна.
Хүний сүнсийг дуудахдаа бүсийг дэнсэлж хэмждэг бөгөөд бүсний жин нэмэгдвэл
сүнс ирлээ гэж үздэг байна. Бүсэн дээр гишгэдэггүй, урж хөндлөн
тасалдаггүй, нүүр гараа арчдаггүй. Хижиг томуу өвчин нүүрлэсэн газарт
хонохдоо бүсээ гурав эгнүүлж урдуураа хамгаалалт хийн тавьдаг домын ёсон
бий. Бүс хуучрахад түүнээс утас авч шинэ бүсэндээ оёдог. - Гутал: Хамгийн эртний гутал бол гур
гөрөөс мэт амьтны годоор үйлдсэн годон гутал байсан гэж эрдэмтэн Х.Пэрлээ
бичсэн байдаг. Эртний годон гутал,
оймсон бойтог, хөмөн гутал зэрэг нь өнөө үед ч өвлөгдөн иржээ. Эсгий
бойтогийг ахар уртын эсгийгээр эсгэж шидэж оёх, эсвэл хонины ноос зулж
оймсон бойтог хэлбэртэйгээр хийх хоёр арга байжээ. Амьтны арьсаар хөмөн
гутал хийхдээ хөлийн шагайны хэсэгт танаас гарган хийдэг. Ийнхүү хөмөн гутлын шагай хавийн танаас
нь хожим гутлын түрий үүсэх нөхцөл болж гутлын түрий, зулаг гэж хоёр хэсэг
болгон эсгэхэд хүргэжээ. Хөмөн гутлын хийц загвар боловсронгуй болсоор
эдүгээгийн монгол гутал үүсэж бий болсон гэж үздэг. Эртний нүүдэлчин монголчуудын гутлын
хоншоор нь шөвгөр нарийн, улны ирмэг нь улаан өнгөтэй байжээ. Тэр үеийн
нийгмийн байдал нь дайн дажин ихтэй, овог аймгийн тэмцэл олон зуун дамжин
үргэлжилсэн нөлөөгөөр тийнхүү сэлэм мэтийг илэрхийлэх мэт хэлбэр дүрстэй
байсан гэж судлаачид үздэг. Дундад эртний үеийн Монголчуудын гутал ямар
байсныг гэрчлэх гуталнууд ОХУ-ын Чита муж, Дорнод аймгийн Гурванзагал
сумын Цагаан чулуут, Сүхбаатар аймгийн Асгат сумын Шарга уул, Онгон сумын
Шивээт, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хүйтэн хошуу зэрэг олон газруудаас
олджээ. Сарьсан угалзтай, ширээр хийсэн, улаан, хар, шар гэх мэт янз
бүрийн өнгөтэй байсан бөгөөд энэ нь гутлын ширийг янз бүрийн өнгөөр
буддаг, ширийг боловсруулах нарийн арга дэлгэрсэн байсны гэрч юм. Улыг нь
олон давхарлаж тун нарийн оёж ширсэн байсан нь тухайн үед гутлын
үйлдвэрлэл тун сайн хөгжсөнийг харуулж байна. XYI зууны үед шарын шашин
монголд нэвтэрснээр хорхойд хоргүй амьдрах үзэл санаа дэлгэрч, монгол
гуталд өөрчлөлт орж ээтэн хоншоортой болсон байна. Энэ нь хөрсийг
гэмтээхгүйгээс гадна жижиг шавьж хорхойны амийг таслахгүй байхаар
хийгджээ. Монгол гутал нь өмсөж тайлахад хялбар бөгөөд морь унаж, дөрөө
жийн давхихад тохиромжтой, адуу мал уургалан чирэгдэхэд хөл гэмтэхгүй, сур
харвах, морь бугуйлдах, уул бартаанд явган явахад суурь сайтай, бат бөх,
дулаан, ус чийг нэвтрэхгүй хөлөнд эвтэйхэн тул орчин үеийн малчид,
үндэсний бөхийн өмсгөл хувцсанд хуучин хэв шинжээрээ хадгалагдан үлджээ.
Монголд 20-иод ястны 20 орчим төрлийн гутал бий. Ястан болгон өөрсдийн
амьдарч буй нутаг, зан заншлаасаа хамааран өөр өөр загвар хийцийн гутал
буюу урианхайн майга, халхын ээтэн, торгуудын тоохуу, дархад цаатангийн
годон, буриадын шархи, сөөхий гээд олон төрөл гутал өмсдөг. Монгол гутал
дугуй улт, ээтэн, явуут ээтэн гэсэн үндсэн гурван янз байдаг. Монгол
гутлын эсгүүр нь ул, түрий, зулаг, зуузай, хавчаар гэсэн үндсэн хэсгээс
бүрдэнэ. Гутлын түрий болон зулагийг үхэр адууны боловсруулсан булигаар
ширээр эсгэж төмөр буюу модон хэвээр дарж хээ угалз гаргана. Өвөл нь эсгий
ширмэл, зун нь даавуу, хавар намар хөвөнтэй ширмэл оймс өмсөж заншсан.
Оймсны хараа буюу гутлын түрийнээс илүү гарсан хэсэгт хээ угалз урладаг.
Мөн гутлын түрийнд хээ угалз тавих бөгөөд эрхэм дээд цол хэргэмтэй хүний
гуталд нарийн чамин угалз хатган урласан байдаг. Тэдгээр угалзтай гутлыг
8, 12, 14, 16, 32 угалзтай гутал хэмээн ялган нэрлэнэ. Гуталд дөрвөлжин
хээтэй бүтэн өлзий, зузаан эвэр угалз, зуйван хүрээтэй сүлжээ эвэр, хатан
сүйх, хос эвэр зэрэг хээ угалз тавьдаг. Гутлыг гэр орондоо дээр тавьж
залдаггүй, гал тогоо эрэгнэг
хавьцаа ойртуулдаггүй, улыг урагш хандуулах буюу хавсарч тавихыг цээрлэнэ.
Гутал тослохдоо, тоосыг нь арчихдаа өрөөснийг нь үлдээвэл хөлний бэртэл
авна, гутлын түрийг гадагш эргүүлж өмсвөл ялтан болно, хүүхэд багачууд
өрөөсөн гуталтай байвал гэрт хулгай орохын цондон хэмээн үзэж иржээ. Гэрт
дөнгөж ормогц гутлаа тайлах, өлгөж тавихыг цээрлэдэг. - Дах: Монголд өвөлдөө хасах 30-40 хэм
хүртэл хүйтэрдэг тул алс хол явах, адуу манах, хээр хонох зэрэгт үстэй
дээлэн дээрээ дах давхарлан өмсдөг. Өвлийн хүйтний дулаалга, давхац хувцас
юм. Дахыг сэрх, аргал, янгир болон нохойн арьс зэрэг ноолуурлаг, үслэг
арьсаар хийнэ. Даханд 6-8 тооны арьс орох бөгөөд дахны үсийг гадагш
харуулан оёдог. Дахны энгэр нь зөрөхгүй тууш задгай, зах өндөр, хормой
урт, тавиу, ханцуй урт, өргөн, ар хормойн голд оноотой байх зэрэг нь
дээлийн гадна талаар нөмрөх болон морь унаан дээр өмсөн явахад тохирсон
ажээ. Дахны хормой, захны ирмэгийг дагуулан хар бөсөөр өргөн тасамдана.
Дах нь зах, хойд урд хормой, хоёр ханцуй гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
Дахыг нэвтгэлзэх, хөвөрдөх, хөших зэрэг оёдлоор оёно. - Дэгтий: Дэгтий нь анчны ан авд өмсөж
байсан хувцаснаас үлдсэн нэг төрөл юм. Өвөл гутлын гадуур өмсөхөд
зориулагдсан, нэг төрөл гутал бөгөөд ул, зулаг, түрий, уяа гэсэн хэсгээс
бүрдэнэ. Дэгтий нь эртний годон ба хөмөн гутлын байдлыг хадгалсан байдаг.
Дэгтий хийх арьс эдэлгээ даах, үслэг ноолуурлаг дулаан байх нь чухал
бөгөөд сэрхний арьс, аргал, янгир, буга зэрэг ангийн арьс шир, нохойн арьс
зэргээр хийдэг. Дэгтийний арьсны үсэн талыг гадагш харуулан хийх нь хүйтэн
салхи шуурганд хүний хөлийг хамгаалах ач холбогдолтой бөгөөд үсийг дотогш
харуулж хийсэн гутлаас арай илүү дулаан байлгадаг байна. Дэгтийний зулаг
түрий үргэлж байдаг учраас эсгэхэд, оёход хялбар, гутал хийхээс амар
байдаг. Түрий нь урдуураа задгай, хос шилбэн уяатайгаар хийгддэг. - Зодог ба шуудаг: Монгол
бөхийн зоог шуудаг нь бөхийн сүр хүчийг илтгэн харуулдаг. Зодог нь цээжинд
өмсдөг “далбаа” хэмээх богинохон артай, хоёр ханцуйнаас бүрдсэн өмсгөл
юм. Далбаанд мяндсан утсаар томж
хийсэн элэг бүсний уяаг бэхэлнэ. Далбааны захыг мяндсан утсаар ширж бат
бөх болгоно. Шуудаг буюу богино өмдийг бариу хийж, захыг мяндсан утсаар
ойрхон зайтай шаглаж ширээд бат бөх болгоно. Зодог шуудагны ар өвөрт бөх хүний хүч
чадлыг бэлгэдсэн хээ угалзнаас гадна гарьд, луу, арслан, бар зэрэг дөрвөн
хүчтэн амьтныг урладаг. - Лам хувцас:
Монголчуудын эртний монгол дээлний энгэр лам хувцсанд өвлөгдөн үлдсэн
бөгөөд загварыг Өндөр гэгээн Занабазар зохиожээ. Лам дээлийг шар, улбар
шар, улаан, хүрэн улаан, хүрэн өнгийн бөс даавуугаар хийж, дээр нь орхимж
ороодог. Орхимжийг гадуур хувцас дээгүүр биеэ ороон нэг үзүүрийг мөрөө
давуулан хойш хаяж өмсөх маягаар хэрэглэдэг бөгөөд 1.5 метр өргөн, 4 метр
урт байдаг. Монгол лам нар цол мяндаг, хэргэм тушаалаас шалтгаалан номын,
хурлын гэсэн нарийн дэг жаягтай хувцас өмсдөг. - Өмд: Урьд цагт сайн элдсэн хонины
арьсыг ар нуруугаар нь хавсарч шуумаг болгон эсгэж өмд хийж өмсөж эхэлсэн
байна. Эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг монголчууд анх өмд гэдгийг
зохиосон тухай Оросын нэрт түүхч Л.Н.Гумилев тэмдэглэжээ. Японы түүхэн
зохиолч Шиба Рёотаро “МЭӨ хятадын Жао улсын Ү Лин …умардын зэрлэгүүдтэй
дайтахдаа тэдний дайтах урлаг, хувцас өмсгөлийг дуурайх хэрэгтэй, нүүдэлчид
шиг өмд өмсөцгөөе” хэмээн уриалсан тухай тэмдэглэсэн байдаг. Монголчуудын
өмд нь морь унаж явахад зохицсон, салтаа өргөн тавиу, захандаа төдүүл
тэлээтэй байдаг. Өмдний шулхнаг тавиухан байвал эдэлгээ сайн даахаас гадна
хүний бие даарах, ая тав алдахгүй байхад чухал үүрэгтэй. Өмд нь хүйтний,
дулааны гэж хоёр ялгаатай. Өвлийн өмдийг нэхийгээр хийх ба элдсэн нэхийг
утаж, будаж боловсруулан хонгор шар, шар өнгөтэй болгож тэр чигээр нь
өмсөхөөс гадна янз бүрийн бөс даавуу, торгоор өнгөлж өмсдөг. Нэхийнээс
гадна хонь ямааны илгээр зун намрын өмд хийж өмсдөг байв. - Хүрэм ба хантааз: Ажил
хөдөлмөрт төвөгтэй боловч хүйтэн ус борооноос хамгаалах зорилготой давхац
хувцас буюу хэвнэгийг хувцасны гадуур өмсдөг байв. Хэвнэг, давхац нөмрөг
нь хожим баяр ёслолын үеийн өмсгөл буюу хүрэм, хантааз зэрэг давхац хувцас
бий болох үндэс суурь болжээ. Хүрэм нь дээлний нударганы залгаас хүртэл
урт өргөн ханцуйтай, энгэр нь баруун тийш зөрсөн, зах нь өндөр, хормой нь
бүснээс ялимгүй доогуур татах урт, хоёр ташаандаа үзүүр сөөм оноотой
байдаг. Хүрэмний зах, энгэр, хормой нь дан эмжээртэй, зангидсан сампин
товчтой. Хүрмийг давхар бөсөөр хийхээс гадна хөвөнтэй зузаалж хийдэг.
Харин хантааз нь цээж хувцасны нэг төрөл бөгөөд ханцуйгүй байдгаараа
онцлог, дугуй захтай, дан эмжээртэй байдаг. Хантаазыг ердийн ба гоёлын гэж
ялгана. Гоёлын хантаазны зах болон энгэрийн омог хурц, бага ба дагал гэсэн
хоёр энгэртэй, есөн нүхт өлзий, бүтэн өлзий, хагас өлзий гэх мэт хээгээр
гоёсон байдаг. Тэдгээр өлзий хээг хооронд нь өлзий утсан хошмогоор холбон
эмждэг. Хэрвээ ийм өлзий хээ,
хошмоггүй бол энгийн хантааз болно. - Цамц: Монголчуудын дотуур хувцасны нэг
төрөл бөгөөд ерөнхий нэг загвартай байдаг. Цамц нь ташуу энгэртэй, шулуун
энгэртэй, энгэргүй, өндөр нам захтай, дөрвөлжин энгэртэй, ташаандаа оноотой,
оноогүй зэрэг олон янз байдаг. Цамцны энгэр шууд задгай бол товчлох
товчтой, харин хэлтгий энгэртэй бол гогцоо уях шилбэтэй, товчтой хоёр янз
байдаг. Цамц нь эртний хэвтээ хув захтай, сүүл үеийн босоо залгаа захтай
хоёр янз юм. Мөрийг бариу, халхгар хоёр янз хийнэ.
Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны
лавлах" эмхэтгэл ном