Энэ жилийн хувьд Төв аймгийн Угтаалцайдам суманд 36 мянган тонн хүчин чадалтай элеваторыг ашиглалтанд оруулж, нийтдээ 146 мянган тонн үр тариаг хадгалах хүчин чадалтай элеватор ажиллах юм байна. Харин хүнсний ногооны агуулах одоогоор улсын хэмжээнд 173.6 мянган тоннын хүчин чадалтайгаар ажиллаж буй ажээ. Гэтэл өнгөрсөн жилийн байдлаар 242 мянган тонн ургац, 98 мянган тонн хүнсний ногоо хурааж авчээ. Хураасан ургацаа бүгдийг нь муутгалгүй агуулахтаа багтааж, хадгалж чадахгүй байгааг дээрх тооноос харж болох нь. Өөрөөр хэлбэл, агуулах савны хүчин чадал хураасан ургацаас бараг хоёр дахин бага байгаа ажээ. Тиймээс ойрын хугацаанд 110 мянган тонн хүчин чадалтай агуулах барих зайлшгүй шаардлагатай гэж тариаланчид хэлж байна.
Салбарын яамнаас мэдээлж буйгар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 91 мянган тоннын хүчин чадалтай таван элеваторыг ойрын жилүүдэд барих ажээ. Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол суманд 20 мянган тонн, Хэнтий аймгийн Хурх суманд 10 мянган тонн, Сэлэнгийн Баянголд 16 мянган тонн, Дархан-Уул аймагт 25 мянган тонн, Увс аймгийн Баруун туруун суманд 20 мянган тонн элеваторыг тус тус 2015 он гэхэд барьж дуусгах гэрээтэй юм байна.
Төмс, хүнсний ногооны агуулахын тухайд Засгийн газрын Монголбанктай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж буйн хүрээнд 40-50 мянган тонн хүчин чадалтай хүнсний ногооны агуулах болон худалдааны нэгдсэн төв байгуулахаар төлөвлөжээ. Энэ ажил одоогоор төслийн шатанд явж байгаа бөгөөд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлаж 120 төслийг хүлээн авсан байна. Уг төслүүдийг эхний ээлжийн шалгаруулалтад оруулж арилжааны банкуудад хүргүүлжээ. Ингэснээр хүнсний ногооны агуулах барих гүйцэтгэгч нь шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээ арилжааны банктай тохирч, шийдүүлэх боломжтой ажээ.