Испаничууд бүх нийтийн ажил хаялт хийх гэж байна | News.MN

Испаничууд бүх нийтийн ажил хаялт хийх гэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Испаничууд бүх нийтийн ажил хаялт хийх гэж байна

Испанийн төрийн байгууллагын ажилчид энэ сараас эхлэн цалинг нь 5% танах шийд гаргасныг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт хийхээр бэлтгэж байна. Цалин танах шийд нь Испанийн засгийн газар тус улсын засгийн газрын төсвийн алдагдлыг бууруулах алхмын хүрээнд авч байгаа арга хэмжээ юм. Сүүлийн үед Европын Холбооны (ЕХ) гишүүн орнууд санхүүгийн удирдлагаа сайжруулж байгааг ЕХ сайшаасан юм. Ажил хаялт Испанийн цагаар мягмар гаригийн өглөө эхлэх бөгөөд ажил хаялтыг Испанийн үйлдвэрчний эвлэлүүд дэмжиж, зохион байгуулж байна. Испанийн засгийн газар төсөв танах арга хэмжээнийхээ хүрээнд төсвийн ажилчдын цалинг таван хувиар танаж, шинээр хүүхэд төрүүлсэн эцэг эхэд олгодог мөнгийг олгохоо больж, мужуудад хуваарилдаг төсвөө 1.2 тэрбум еврогоор танасан. Түүнчлэн төсвийн ажилчдын цалинг 2011 он хүртэл нэмэгдүүлэхгүй байх шийд гаргасан юм.

Зургийн тайлбар: Хөдөлмөр эрхлэлтийн албаны гадаа дугаарлаж байгаа Испани иргэд

Испанийн төсвийн байгууллагуудад 2.5 сая орчим Испани иргэн ажилладаг бөгөөд эмнэлэг, сургууль, гал сөнөөх газрууд, орон нутгийн захиргааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялтанд нэгдэж байгаа юм байна. Испанийн засгийн газрын төсвийн алдагдал одоогийн байдлаар 11 хувь байгаа бөгөөд төсвийн алдагдлаа бууруул гэж Европын холбооноос шахалт үзүүлээд байгаа юм. Ийнхүү төсвөө танах арга хэмжээ авснаар Испани хоёр жилийн дотор 15 тэрбум еврогын хэмнэлт хийх болно гэж найдаж байгаа. Испани хямралд орсонд одоо засгийн эрхэнд байгаа албан тушаалтнууд өмнө нь эрх барьж байсан Социалист намыг буруутгаж байгаа юм. Испанийн эрх баригчид Испани Европын хямралд өртөхгүй гэж олон сарын турш амласан ч ийнхүү эцэст нь төсвөө танаж, тэлээгээ чангалах шийд гаргасан нь иргэдийнх нь дургүйцлийг хүргэж байгаа бололтой.

Ажил хаялт ямар цар хүрээтэй, далайцтай болох нь олон нийт засгийн газрынхаа шийдийг хэр эсэргүүцэж байгааг хэмжих хэмжүүр болох болно гэж сурвалжлагч нар дамжуулж байна. Зээлийн хямралд өртсөн Грекийн засгийн газар төсвөө танах шийд гаргасныг олон нийт нь эсэргүүцэж бүх нийтийг хамарсан олон удаагийн ажил хаялтууд зохион байгуулж байсан юм. Германы засгийн газар даваа гаригт төсвийн алдагдлаа бууруулах тухай шийд гаргаснаа зарласан бөгөөд 2014 он хүртэл 86 тэрбум евро хэмнэх шийд гаргасан нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том төсвийн таналт болж байна.

Даваа гаригт Люксембургт болсон чуулганы үеэр Европын Холбооны гишүүн орнуудын төсвийн төлөвлөгөөг Европын Холбооны хурлаар хэлэлцдэг болох саналыг Европын Холбооны сангийн сайд нар дэмжиж байна гэж Европын зөвлөлийн дарга Херман ван Ромпюу мэдэгдсэн. Түүнчлэн төсвийн алдагдал нь нэмэгдэж байгаа улс орнуудын эсрэг шийтгэлийн чанартай арга хэмжээ авдаг болох саналыг гишүүн улсууд дэмжиж байгаа талаар ярьсан. Их Британи мөн төсвөө танах арга хэмжээ авч магадгүй талаар Их Британийн шинээр сонгогдсон ерөнхий сайд Дэвид Камерон ярьсан байна.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж