Сүүлийн үед Азийн авто зах зээлд Хятад улс томоохон байр суурь эзлэх болсон. Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Шанхайн авто шоунд 1500 бүтээл тавигдаж, Америкийн автомашин үйлдвэрлэгч их гурвалаас гадна Европын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг авто үйлдвэрлэгчид гээд өргөн хүрээг хамарчээ. Хятадын авто үйлдвэрлэл энэ жил 10 саяд хүрч, энэ өндөрлөгт хүрч чадсан дэлхийн улс орнуудын жагсаалтад АНУ болон Японы дараа гуравдугаарт бичигдсэн байна. Гэтэл Японы авто зах зээл дэлхийн эдийн засгийн доройтол, хямралд гүн өртөж, огцом унаад байгаа. 2009 оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх авто үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 41.5 хувиар буурч, 4.6 саяд хүрсэн байна. Энэ шалтгааны улмаас 2009 оны Токиогийн авто шоу цар хүрээ, нэр хүндийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй буурсан ажээ.
Токиогийн авто шоунд автомашин, мотоцикль болон эд анги гэсэн үндсэн гурван төрөлд дотоод, гадаадын үйлдвэрлэгчид бүтээлээ дэлгэсэн бөгөөд тодруулбал, автомашины ангилалд дотоодын найман компанийн 141, гадаадын гурван компанийн 12 бүтээл тавигдсан байна. Харин мотоциклийн ангилалд дотоодын гурван үйлдвэрлэгчийн 51 бүтээл, гадаадын дөрвөн компанийн 44 бүтээлийг олон нийтэд танилцуулжээ. Уг авто шоуг нийт 615 мянга гаруй үзэгч, автомашин, мотоцикль сонирхогчид үзэж сонирхсон байна.
2009.11.09