&#34Мөнгө хуулийн засаглалаас дээгүүр тавигдах ёсгүй&#34

Хуучирсан мэдээ: 2013.07.04-нд нийтлэгдсэн

&#34Мөнгө хуулийн засаглалаас дээгүүр тавигдах ёсгүй&#34

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудтай нээлттэй ярилцах үеэрээ "Мөнгөний хүчин зүйл хуулийн засаглалаас дээгүүр тавигдах ёсгүй" гэж мэдэгдлээ. Авлига хээл хахуультай тэмцэх үйл явц эрчтэй явж байгаа ч зөвхөн нэг талыг, нэг намын авлигачдад хариуцлага тооцох механизм ажиллаад байна гэх ойлголтыг нийгэмд төрүүлэх болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс зөвхөн нэг талын өнгө барьж ажиллах бодлого бариагүй. Авлигатай тэмцэх газрынхны мэдээллээр бол авлига хээл хахуульд нэр холбогдогсдын 94 хувь нь МАХН, МАН, үлдэж байгаа 6 хувь нь бусад хүмүүс байгаа нь дээрх улстөрийн нам нь эрх  барих хугацаанд томоохон албан тушаал хашсан эрхмүүд нь хуулийг зөрчиж ажилласантай холбоотой. Цаашид авлига, хээл хахуультай хийх тэмцэл үргэлжилнэ. Хууль зөрчсөн бол нам харгалзахгүй хариуцлага хүлээлгэнэ. Үүнд хууль, шүүхийн байгууллагынхан өнгөөр ялгаварлаж асуудалд хандах учиргүй. Хуулийн байгууллагад мөнгөний хүчин зүйл байгаа тухай сонсогддог. Мөнгөний хүчин зүйл хуулиас давах учиргүй. Хэрвээ шүүх мөнгөний нөлөөг хуулийн засаглалаас дээгүүрт тавьсан нь батлагдах юм бол Ерөнхийлөгчийн зүгээс хариуцлага тооцох бүхий л арга хэмжээгээ авна. Улстөрийн хувьд хуулийн засаглал бүрдсэн. Одоо хуулийн байгууллагад хуулийн засаглалыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд хууль, шүүхийн байгууллагыг удирдаж, алба хашиж байгаа та бүхнээс эхэлнэ" гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх уулзалтын үеэр тодотголоо.

Хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх хүрээнд хийж байгаа том ажлын нэг нь энэ чиглэлийн хуулиудыг шинэчлэн батлуулахад оршиж байна. Эрх зүйн шинэтгэл хийхэд УИХ-аар нийт 42 хуулийн төслийг шинэчлэн батлуулах учиртай. Өнгөрсөн онд эхний зургаан багц хуулийн төслийг УИХ-аар батлуулсан бол одоо зургаан хуулийн төсөл УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд явж буй. Хаврын чуулган завсарлахаас урьтаж эдгээр төсөл батлагдах нь чухал. Үлдэж байгаа хуулийн төслүүдийг УИХ-ын намрын болон хаврын чуулганаар хэлэлцэгдэж батлагдсанаар хууль эрх зүйн шинэчлэл сууриараа бүрэн утгаараа хийгдэх юм байна.

Тухайлбал, УИХ-аас Шүүхийн байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталснаар Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүх хоёр юуг хариуцаж ажиллах вэ гэдэг зарчим илүү тодорхой болсон. Мөн шүүхийн шийдвэр ил тод болсон. Шүүхийн төсөв өнгөрсөн оныхоос буурахгүй. Шүүхийн төсөв шууд УИХ-д орж ирж батлагдана. Өмнө нь Сангийн яамаар дамжсанаар ихээхэн танагддаг байсан. Шүүгч бүрийг улстөр, мөнгөний нөлөөллөөс ангид байлгахын тулд Нөлөөллийг мэдүүлэг гаргадаг болсон. Цаашид хууль, шүүхийн байгууллага иргэндээ алагчлалгүй үйлчилгээ үзүүлдэг болох зарчмыг бусад хуулийн төсөлдөө хатуу тогтоох ёстой. Үүний тулд иргэнийг хууль хүчний байгууллагынхан саатууллаа гэхэд ямар үндэслэлээр баривчилснаа хэлдэг байх, иргэнийг хэлмэгдүүлэхгүй байх гэдэг зарчим нэн тэргүүнд хангагдана.

Хоёрдугаарт, эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой хэрэг эцэслэн шийдэгдэх тохиолдол ховор. Энэ төрлийн хэрэгт төрийн албаны томоохон албан тушаалтнууд холбогддог. Эцэст нь танил тал ,эрх мэдлээ ашиглаад хугацаанаасаа өмнө суллагддаг, улсад учруулсан хохирол нь барагддаггүй. Тэгвэл хохирол төлөгддөг болох, хэрвээ хохирлоо төлсөн бол ялынх нь хэмжээ багасдаг, хөнгөлөгддөг болох.

Гуравдугаарт, нийтийн өмч хөрөнгийн төлөө, хүний эрхийн төлөө иргэн хэн боловч нэхэмжлэл гаргах эрх зүйг бүрдүүлнэ. Дөрөвт, монофоль байгууллагууд иргэдэд үнийн дарамт учрууллаа гэхэд түүнийхээ төлөө Эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. Тэгвэл ийм тогтолцоог бүрдүүлнэ. Тавд, Мөрдөх албыг бие даалгаж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээлттэй тавьж өгнө. Үүнээс гадна авлига хээл хахуультай тууштай тэмцэхэд төсөв ерөнхийлөн захирагч бүр долоо хоног тутамд төсвийн талаарх мэдээллээ нээлттэй болгох үүрэг хүлээж ажиллах болно. Ирэх есдүгээр сарын 1-н гэхэд төрийн бүх байгууллагууд төсвөө иргэн бүртээ нээлттэй байлгаж дээрх зарчмаар ажиллана. Энэ ажлыг хууль, шүүхийн байгууллага нэн тэргүүнд түүчээлэн эхлэх ёстой. Мөн цаашид Авлигын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд авлига өгсөн нь биш авсан нь хариуцлагаа хүлээдэг болох тогтолцоог бий болгоно. Энэ цагт авлига, хээл хахуулийн хэрэг эрс буурах боломж бүрдэнэ.

Тодруулж хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хууль, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой асуудлын 20 хувийг шийдэхэд голлох нөлөөтэй ажилласан бол ирэх хоёр жилийн хугацаанд үлдсэн 80 хувийн хууль эрх зүйн шинэчлэлийг гүйцээж, хийх чиглэлээр чармайлт тавин ажиллах болно. Энэ ажилд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ч багтаж буй юм байна. Нэг ёсны эдгээр хуулиуд бүгд УИХ-аар батлагдсанаар Монгол Улс жинхэнэ хуулийн засаглалтай улс болох аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх мэдээллийн төгсгөлд "Ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна" гэж мэдэгдсэн юм.

Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин "Хууль эрх зүйн энэ олон шинэчлэлийг хийхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт ташуур өгч ажиллаж байгаа. Танд талархаж буйгаа хэлье" гэсэн юм.

Энэхүү уулзалтад Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын удирдлага мөн бусад албан тушаалтнууд оролцлоо.

Г.ДАРЬ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж