Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх хуулийн төсөл батлагдсанаар Үндсэн хуулиар баталгаажсан хууль зүйн туслалцааг авах, төлбөрийн чадваргүйн улмаас эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, улмаар гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлснээр шударга шүүхээр шүүлгэх эрх нь хангагдах ач холбогдолтой гэнэ. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөлд 16 зарчмын зөрүүтэй санал гарсныг нь дэмжсэн байна.
Төсөлд гэрч, хохирогчийг хамгаалах зарчмыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна шуурхай байх, хамтран ажиллах, хүний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, нууцлалыг хадгалах, хариуцлагатай байх хэмээн тусгасан аж. Одоогоор хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өнөөгийн тогтолцоо хүн амын хамгийн ядуу хэсэгт хүртээмжтэй биш байгаа бөгөөд нийт 37 Эрх зүйн туслалцааны төвийн зургаа нь л томоохон суманд байрлаж, бусад 31 төв нь УБ хотын дүүргүүд, аймгийн төвд байрлаж байдаг аж. Харин хууль батлагдсанаар төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах боломжтой болж, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн байдал тодорхой, ойлгомжтой болох аж. Ийнхүү Хууль зүйн байнгын хороо цаг сунган хуралдаж зургаан асуудал хэлэлцсэн бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг олонхиор дэмжсэнээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн байна.