&#34Наадмын нээлт илүү шинэлэг болно&#34

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

&#34Наадмын нээлт илүү шинэлэг болно&#34

Булган аймгийн баяр наадам зохион байгуулах хорооны нийгэм, соёл, спортын арга хэмжээ хариуцсан салбар хорооноос зохион байгуулах ажлын талаар тус салбар хорооны дарга, аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Буянжаргалтай ярилцлаа.
 

-Энэ жилийн баяр наадам аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ Булган” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын гараа гэдгээрээ онцлог. Нэлээд шинэлэг зохион байгуулах болов иргэд харж байх шиг байна?

-Бөх, морь, сур зэрэг эрийн гурван наадмын үндсэн төрлийн хувьд төдийлэн өөрчлөх зүйл байхгүй. Удирдлага зохицуулалтын арга барилд зарим шинэ чиглэл зарчим баримтална. Харин манай салбар хорооны хувьд баяр наадмын нээлтийг үндэсний зан заншил, өв соёлтой хослуулан илэрхийлэхэд анхаарал тавина. Албан байгууллага, хамт олны жагсаал хийхгүй. Энэ бол баярын хүндэтгэлийн арга хэмжээний нэг боловч “моод” болсон ажил. Монголчууд бид хэдэн жил наадамдаа жагсав даа. Албан газрын дарга нараар шахаж шаардуулан нээлтэд хүмүүсийг цуглуулах, өөрөөр хэлбэл, захиргаадалтын хэлбэр болгож хувиргасан. Ийм учраас аймгийн шинэ удирдлага энэ арга барилыг өөрчил, шинэчил гэсэн чиглэл өгсөн.

-Олон түмэн ч шинэчлэлийг хүсэн хүлээж байгаа. Харин яаж өөрчлөн ямар шинэ арга барилаар зохион байгуулах бодолтой байна?

-Наадам бол морь тэмээгээ унаж үхэр тэрэг, тэмээн ачаагаар нүүдэл суудал хийн аж төрж айраг идээ сөгнөж хуруудан дэмбээдэж, хоёр чавхдаст морин хуурынхаа аялгуунд уртын дуу уянгалуулж ирсэн морьтон монголчуудын үндэсний баяр шүү дээ.

-Тухайлбал заримаас нь сонирхъё л доо?

-Монгол баатруудыг билэгдсэн 30 морьтон баатар, туг сүлд хийсгэн бадрангуй сүрлэгээр орж ирнэ. Тэдгээр морьтнуудын тоосыг залгаад үндэсний аж байдлын уламжлалаа илэрхийлэн атан тэмээ унасан монгол эр, мөн модон дугуйтай үхэр тэргэнд шар хөллөж тооно, багана, унь хана зэрэг монгол гэрийн эдлэл хэрэгсэл ачаалсан ердийн хөсгийн үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Тэдгээрийг нээлтэд хүрэлцэн очсон наадамчид таашаан сонирхоно гэдэгт итгэлтэй байна.

-Аймгийн Засаг дарга Монголын урлагийн өв сан, ялангуяа морин хуурыг сэргээн өвлүүлэх, эзэмшүүлэхэд санаачилга гарган дэд хөтөлбөр боловсруулсныг олон нийт талархалтайгаар хүлээн авсан?

-Тийм ээ, наадмын нээлтэд ч энэ асуудлыг оруулахаар шийдвэрлээд байгаа. Монголчууд бидний өвөг дээдэс маань дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн морин хуурын аялгуунд уртын дуу дуулж бүжиж ирсэн уламжлалтай. Үндэсний их баярын нээлтэд энэ сайхан уламжлалыг илэрхийлэн наадамчин олноо цэнгүүлэх үүргийг бидэнд аймгийн Засаг дарга өгсөн. Энэ бол үнэхээр чухал хэмээн үзэж наадмын нээлтэд морин хуурч, уртын дуучин, бий биелгээч нарын тоглолтыг үзүүлэхээр манай дэд хороо сайтар бэлтгэх зорилт тавьж байна.

-Хэдий хэрийн морин хуурч, уртын дуучин, бий биелгээч оролцуулах гэж байна?

-108 морин хуурч, 108 уртын дуучин, 108 бий биелгээчний тоглолт үзүүлнэ. Билэг дэмбэрэл эрхэмлэн 108 гэсэн тоог авсан. Бурхан багш, төр засагтаа залбиран маани өргөдөг эрхи 108 үрэлтэй байдаг. Сүсэгтэн түмний маань шүтээн болсон Эрдэнэ зуу хийд 108 суваргатай гэх жишээтэй.

-Монгол ахуй, ёс заншил, үндэсний уламжлалт соёлоо дээдэлсэн чухал хэлбэрээр наадмаа нээхээр шийджээ. Харин модон дугуйтай үхэр тэрэг, ачаа тэгнэж сургасан атан тэмээ олдох болов уу?

-Өвөг дээдэс маань шар, морь хөллөсөн ердийн хөсөг, тэмээгээр нүүж, тээвэр зөөврийнхөө их ажлыг гүйцэтгэж ирсэн уламжлалтай. Орчин цагийн хөгжил дэвшил нэвтэрч, трактораас эхлээд автомашинаар тэдгээр ажлаа хийдэг болсон. Үүний улмаас монгол ахуй маань амьдралаас шахагджээ. Айл өрх ердийн хөсөг хэрэглэх нь бүү хэл, тэрэг тоног нь үзэгдэхээ больж морь шараа тэргэнд сургахаа байлаа. Өдрийн од адил хаа нэгтэй үхэр тэрэг байлаа ч машины дугуй хийсэн байдаг болсон. Ийм учраас таны хэлснээр модон дугуйтай тэрэг олох “эрэл”-д гарлаа. Мөн тэргэнд оруулж, ачаа тэгнэж сургасан шар, тэмээ ч төдийлөн элбэг биш бололтой. Гэхдээ бид олж зорьсон ажлаа зохион байгуулахаар бэлтгэж хөдөөгийн айл өрхөөс сураглан гаргуулах, ойролцоох сумаас авчрахаар шийдвэрлэсэн. Ийм ховор модон дугуйтай монгол тэрэгтэн, ачаа тэгнээтэй тэмээн хөсгийг баяр наадмынхаа нээлтийн нэг гол үзүүлбэр болгохоор манай дэд хорооныхон ийнхүү санаачилга гаргасан нь чухал ач холбогдолтой ажил болно.  Энэ нь үндэсний азн заншил, соёл, уламжлалын зарим мартагдахад хүрч байгаа биет болон биет бус өвийг сэргээн хамгаалах, хөгжүүлэх, түүгээр бахархах хүсэл тэмүүллийг наадамчин олондоо төрүүлэх ач холбогдол өгнө.

-Морин хуур эгшиглүүлнэ, уртын дуу шуранхайлна.Бий биелгээгээр тоглоно гэдэг хэн дуртай хүн чадах ажил биш. Тийм учраас таны хэлсэн тэр хэмжээний олон хуурч, дуучин, биелгээчин бэлтгэнэ гэдэг жаахан хүндрэлтэй байна уу?

-Санаснаас хүндрэлгүй байгаа. Морин хуур тоглодог, уртын дуу дуулдаг, бий биелгээ хийдэг хүн мөн л цөөхөн болсон. Харин манай аймгийн хувьд Засаг даргын санаачилгаар “Морин хуур” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, сургагч багш нарыг бэлтгэн сургалтууд зохион байгуулсан. Энэ явцдаа мөн бий биелгээчин, уртын дуучдын сургалт хийсэн. Үүнийгээ үндэслэн сум бүрээс тодорой тооны хүмүүсийг оролцуулах хуваарь өгөөд орон нутагт нь дадлагажуулалт, сургуулилтыг хийлгэж байгаа.

-Энэ жилийн аймгийн баяр наадмын нээлт үнэхээр шинэчлэлтэй, олон нийтийн анхаарал татсан арга хэмжээгээр зон олноо цэнгээн баясгах юм байна?

-Тэгж хэлж болно. Тэгэхдээ наадамчин олноо зөвхөн цэнгээн баясгах биш, мартагдах гэж байгаа зан заншил урлаг соёлоо баяр наадмын түвшинд сэргээж ард олондоо бахархал төрүүлэхэд чиглэж байгаагаараа чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

-Наадмын үеэр зохион байгуулдаг уралдаан тэмцээнд өөрчлөлт бий юү?

-Бий. Тухайлбал, өмнөх жилүүдэд гар бөмбөгийн тэмцээн явуулдаг, наадамчид түүнийг сонирхох нь бага байлаа. Өөрөөр хэлбэл, наадамчдын сонирхол татдаггүй болчихсон. Тийм учраас энэ жилийн наадмын өдрүүдэд гар бөмбөгийн тэмцээн явуулахгүй харин орон нутгийн онцлогтой холбоотой гэж болох нэг тэмцээн зохион байгуулъя гэж шийдсэн.

-Ямар тэмцээн бэ?

-Манай аймаг айргаараа алдартай. Энэ идээ ундааныхаа үеэр хуруудаж дэмбээдэн хөгжилддөг. Зарим жил адуучдын баяр зохион байгуулахдаа “Дэмбээ, сайн уу хөө?” гэсэн тэмцээн явуулахад олон түмэн их сонирхож байсан л даа. Энэ жилийн наадмаар дэмбээний тэмцээн зохион байгуулахаар хөтөлбөртөө оруулаад байна.

-Аймгийн Засаг даргын “Шинэ Булган” хөтөлбөрийн гарааны жилийн наадам шинэ шинэ үзүүлбэртэйгээр нээлтээ хийх юм байна?

-Тийм. Гэхдээ шинэ гэх ч юу байхав. Монгол түмний маань уламжлуулж ирсэн үндэсний зан заншил, өв соёлыг л сэргээн баяр наадмын нээлтэд оруулж байгаагаараа шинэ юм. Улсын баяр наадамд ч төдийлөн орж байгаагүй болохоор анхных болох байх. Анхны гээд хэлбэрдэлгүй бусад аймаг орон нутагт жишиг дууриал болох хэмжээнд бэлтгэхээр шамдаж байна.

Ж.МӨНХ-ОЧИР

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин,  http://polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж