Дархан-уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай буюу Багш хөгжлийн төвийн байрыг Хүүхэд Гэр Бүлийн хөгжлийн хэлтсийн балансд шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Жилийн жилд Зулзагын хүүхдийн зуслангийн 7, 8-р байрыг Багш хөгжлийн төв болгосон нь хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байгааг иргэдийн зүгээс шүүмжилж ирсэн.
Аймгийн ИТХ-ны дэргэдэх Иргэний Танхимаас зохион байгуулсан "Архидан согтуурахтай тэмцэх нь" нээлттэй хэлэлцүүлгийн үеэр ч "Багш хөгжлийн төв"-д насанд хүрэгчид маш их архидаж байна. Мөн 10, 11-р ангийн хүүхдүүд хоногоор ирж байрлаж байна. Тэд нар хүүхдүүдийг дуудах мөнгө төгрөг татах, зодоон хийх асуудлуудыг ихээр гаргаж байна. Иймд уг 7, 8-р байрыг зуслангийн байраар буцаан ашиглуулах шаардлагатай байна.
Хүүхдийн зуслангийн амрагч хүүхдүүд, багш ажилчид байрандаа багтахаа байж байгаа тул энэ асуудалд анхаарахыг аймгийн удирдлагуудад сануулж байсан. Энэ мэт иргэдийн гомдол саналын дагуу дээрхи асуудлыг холбогдох албаныхан судлан үзэж, "Багш хөгжлийн төв"-ийн 2 байрыг буцааж, Хүүхдийн зуслангийн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэж үзсэн байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс ч "Багш хөгжлийн төв” жинхэнэ утгаараа ажилладаггүй байсныг онцлоод 100 хувийн саналаар дэмжсэн юм. Ийнхүү аймгийн БСГазрын Зулзагын гол дахь 7 дугаар байр, гүний худгийг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст балансаас балансд шилжүүлэхээр боллоо. 8 дугаар байрны хувьд анхнаасаа ХГБХХ-ийн өмчид байдаг юм байна. Уг хөрөнгийг шилжүүлэх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулахыг аймгийн орон нутгийн өмчийн албаны дарга Д.Батсүхэд даалгасан юм.
Үүний зэрэгцээ хүүхдийн зуслангийн бүсэд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх асуудал байж болохгүй шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж, архи согтууруулах ундааг хориглосон бүсийг тогтоох тухай хурлын тогтоол гаргасан юм.