Төрийн их найрал хөгжим, ДБЭТ-ын найрал дуучид гээд нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү уран бүтээл дээр ажиллажээ. Хөгжмийн зохиолч Б.Чинбат хөгжмөө бичүүлж дуусч байхдаа “Өнөөдөр их гоё өдөр байна. Энэ хөгжмийг бичих гэж хоёр сар бодож, эргэцүүлсэн. Ингээд өнөөдөр үр дүнгээ үзэж байгаадаа уран бүтээлч хүний хувьд маш сайхан байна. Бид энэхүү хөгжмөө Монголын радиогийн яг зориулалтын студидэд бичүүлсэн. Бичлэгийн явцад харж байхад 120 уран бүтээлч үнэхээр зүрх сэтгэлээсээ тоглож, маш их омогшиж, хөгжмөө хайрлаж байсан. Нэг ёсондоо би 120 уран бүтээлчийг Түмэн хишигтэн баатар гэж бодож байна. Яг бичлэг дуусаад уран бүтээлчид бие биедээ баяр хүргэж, орилж, ёстой жинхэнэ уран бүтээлч хүний сэтгэлийн гоё өгөгдлүүдийг бие биенээсээ авч байсан. Уран бүтээлчдээсээ сайхан урмын үгүүдийг их сонслоо. Түмэн хишигтэн хэмээх энэхүү хөгжмөөр бид Монголдоо соёлын өвийг үлдээж байгаа юм” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач Н.Буянбаатар “Түмэн хишигтэн” бүтээлийг удирдах юм.
Хөгжмийн зохиолч Б.Чинбат, Үндэсний их найрал хөгжимчид, дуурийн найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргал, ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач Н.Буянбаатар нарын хамтран амилуулж буй “Түмэн хишигтэн” симфони туульс энэ сарын 8-нд УДЭТ-ын гадна талбайд эгшиглэж, олны хүртээл болох нь ээ.