Барьцаа хөрөнгийн лавлагааг банкнаас авдаг боллоо

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Барьцаа хөрөнгийн лавлагааг банкнаас авдаг боллоо

Жилийн найман хувийн зээлд хамрагдахын тулд эд хөрөнгийн лавлагаа болон өр, төлбөргүй болохоо нотлох лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас авах шаардлагатай байдаг.  Гэтэл лавлагаа гаргаж өгөх байгууллагууд ачааллаа дийлэхээ больсон учраас  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар иргэний өр, төлбөргүй гэсэн лавлагааг цахимаар гаргаж өгдөг болсон бол Улсын бүртгэлийн Ерөнхий газар мөн цахимаар үйлчлэх боллоо. Энэ талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр албаныхан “Монгол ньюс” мэдээллийн төвд хийж, зээлд хамрагдах гэж бичиг баримтаа хөөцөлдөж буй иргэдийн цагийг хэмнэх, чирэгдэлгүй болгох зорилгоор ийнхүү лавлагааг цахимаар өгдөг болсоныг онцолсон юм.

Тодруулбал, бүртгэлийн байгууллагад очиж барьцаа хөрөнгийн лавлагаа авах, гэрээ бүртгүүлэхийн тулд бүртгэлийн байгууллага дээр очиж, оочерлох шаардлагагүй болсоноор энэ дамжлагыг цахим орчинд шилжүүллээ. Зээл хүсэгчийн хөрөнгийн лавлагаа, мэдээллийг Бүртгэлийн байгууллага цахимаар арилжааны банкуудад хүргэж, мэдээлэл солилцох  бөгөөд иргэн харилцдаг арилжааны банкин дээрээ очиж 800 төгрөг төлөөд лавлагаа авах юм байна. Ингэснээр жишээ нь, аль нэг дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт ирж, буцах цагийг хэмнэхээс гадна цаасан лавлагаа авахад төлдөг байсан 10 мянган төгрөгийн үйлчилгээний хөлс цахим хэлбэрт шилжсэнээр 800 төгрөг болж буурч байгаа ажээ.  Мөн лавлагааны хариу гарахыг долоон хоног хүлээдэг байсан нь ийнхүү хөнгөвчилжээ.

Одоогийн байдлаар уг цахим лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газартай Худалдаа, хөгжлийн банк, Хас банк, Улаанбаатар хотын банк, Хадгаламж банк, Чингис хаан банк, Эрэл банк солилцохоор болсон байна. Ойрын хугацаанд Голомт болон бусад банкуудтай уг гэрээ хийх ажээ.

Цаашдаа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд өмчлөгчийн өмчлөх эрхийн баталгааг иргэнд нь өөрт нь  илүү нээлттэй, найдвартай байлгах, бүртгэлийн ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд уг өөрчлөлтүүдийг тусгасан хуулийн төсөл боловсруулж байгаа тухай албаныхан онцоллоо.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж