Баяр наадмын бэлтгэлийг дуусгах үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Баяр наадмын бэлтгэлийг дуусгах үүрэг өглөө

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Үлдсэн ажлыг энэ сарын 6 гэхэд чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр болсон наадмын комиссийн хурлын үеэр үүрэг болгосон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Наадмын нээлт, хаалтын ажиллагаа болоод төрийн хүндэтгэлийн тоглолт зэрэг нь баяр наадмын гол илэрхийлэл болдог. Тиймээс үүнд гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа гэж ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл хэлээд, зарим нэмэлт зардлыг Соёл, урлагийг дэмжих сангаас гаргаж байгаа гэлээ.

Монгол наадмын нээлтийн ажиллагааны найруулагч гавьяат жүжигчин Д.Сосорбарам энэ үеэр “999 залуу “Түмэн эх”-ийг дуулж, 999 бие биелээч бүжиглэж наадам эхэлнэ. Наадмын нээлт 40 орчим минут үргэлжлэхдээ Монгол түмний үнэ цэнэ, бахархлыг төрүүлэх болно” гэдгийг онцлов.

Наадам сурвалжлах сэтгүүлч, сурвалжлагч болон шууд дамжуулах телевизийн тоо өнгөрсөн жилийнхээс нэмэгдэж байгааг Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороон дарга Ц.Мөнхтөр комиссийнхонд анхааруулаад, Төв цэнгэлдэх дэх сэтгүүлчдийн байрлах талбайг өргөтгөх болон хурдан морины уралдааныг шууд дамжуулах машиныг нэмэх хүсэлт гаргасан юм. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллах хэвлэлийнхэнд интернэтээр мэдээ мэдээллээ дамжуулах боломжоор хангаж ажиллахыг Зохион байгуулах хорооныхон хэлж байлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс дотогш 100 метрт машин зогсоохгүй гэж цагдаагийн газраас мэдэгдэж байна. Наадамчид “Дүнжингарав”, “Мишээл ЭКСПО” төвийн хашаанд автомашинаа үнэ төлбөргүй байрлуулж, тэндээс автобусаар Төв цэнгэлдэх хүртэл үнэгүй  үйлчлүүлэх юм. Мөн 3000 машины төлбөртэй зогсоол ажиллах ажээ.

Б.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж