Энэ жил нисэх компаниуд ашигтай ажиллана гэлээ | News.MN

Энэ жил нисэх компаниуд ашигтай ажиллана гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Энэ жил нисэх компаниуд ашигтай ажиллана гэлээ


Дэлхийн нисэх компаниуд энэ жил нийтдээ ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларын ашигтай ажиллах болно гэж Олон улсын нисэх тээврийн холбоо (IATA) мэдэгдлээ. Энэ нь тус холбооны өмнө нь гаргаж байсан мэдэгдлээс илүү өөдрөг өнгө аястай сонсогдож байна. Гуравдугаар сард гаргасан тооцооллынхоо үеэр тус байгууллага нисэх компаниудыг 2.8 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж магадгүй гэж мэдэгдэж байсан юм. “Дэлхийн эдийн засаг сэргэж байна. Бидний таамаглаж байснаас илүү хурдан сэргэж байна. 2009 онд нисэх салбаруудын орлого 81 тэрбум ам.доллараар унасан. Эргэж хямралын өмнөх төвшинд очтол гурван жил шаардагдах байх гэж бид тооцож байсан юм. Харин сүүлийн үеийн байдлаас харахад энэ жил нисэх компаниудын орлого 62 тэрбум ам.доллар хүрэх хандлагатай байна. Тэгснээр нисэх компаниудын орлого хямралын өмнөх төвшний 75 хувьд хүрэх болно” гэж Олон улсын нисэх тээврийн холбооны захирал Жиованни Бисигнани ярьж байна.

Орлогын ихэнх нь Азийн компаниудад орох бололтой. Гэхдээ Японы нисэх компаниудын хувьд хямралын байдал үргэлжлэх төлөвтэй байна. Европын компаниудын хувьд мөн адил алдагдалтай ажиллах байдал үргэлжилж магадгүй бололтой. Гэхдээ ОУНТХ европын нисэх компаниудыг энэ жил 2.8 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллах болно гэж тооцоолж байсныгаа 2.2 тэрбумын алдагдал гэж бууруулсан байна. Европын нисэх компаниудын санхүүгийн үзүүлэлт сайн гарахгүй байгаад эдийн засгийн байдал нь нөлөөлж байгаагаас гадна Исландын галт уулнаас болж европын нисэх компаниуд 1.8 тэрбум ам.долларын орлого алдсан гэж үзэж байна.

 Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж