Бэрхийг үзээгүй хүнд эрхийг өгөх үү?

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Бэрхийг үзээгүй хүнд эрхийг өгөх үү?

МАН тав дарааллан ялагдчихлаа. Энэ нь тус нам олон зүйлд шинэчлэл хийхээс аргагүй болсныг ойлгуулав.  Гэвч яг хэн шинэчлэл хийх гээд байгаа нь ойлгомжгүй үлдэв. Шинэчлэгчид гээд байгаа нөхөд нь өнөөх хуучирч өөрчлөх ёстой нөхдийг яг л хуулбарласан үргэлжлэл. Магадгүй илүү дор байж ч мэдэхээр залуус. Ядаж өөрчлөгдөх ёстой ахмадууд нь амьдралын дундуур орж гарч явсан, амьдрал гадарлахтайгаа болсон нөхөд. Харин шинэчлэлийг гардан манлайлахаар хичээж буй МАК-ийн захирал Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэг нарын залуусыг амьдрал мэддэг гэхэд нэг л итгэмгүй.

Сонгуульд өрсөлдөхөд нь хүчээ гаргаагүй нэгэн ялагдлын хариуцлага ярихад бяраа харуулах эрхгүй. Тэр тусмаа шинэчлэл нэрээр нэг ахыгаа нөгөө нэг ахаар солино гэвэл үнэхээр өрөвдмөөр төлөвлөгөө. 

Угаас энэ мэт аав, ээжийн буян, нөмөр нөөлөгийн ачаар төрийн эрхэнд гарсан залуусаас илүүтэй хар бор ажилд зүтгэж, намынхаа тугийг барьж, халуунд халж, хүйтэнд хөрж зогссон залуус намынхаа шинэчлэлийг ярьж, манлайлан оролцож буй бол энэ намыг үнэхээр шинэчлэгдэх нь гэж ойлгож болохоор байв. Гэвч яг юуг, хэрхэн шинэчлэх вэ гэсэн бодлого, тодорхой хөтөлбөр байхгүйгээс ах нартаа балчирдаж, “Хэзээ шинэчлэлийн тухай ярьж байгаа юм бэ, шинэчлэл хэдийн хийгдээд эхэлчихсэн шүү дээ” гэх хариултад амаа таглуулж байх билээ.

“Ардын” нам л юм бол ардын амьдралаас тасарсан хүүхдүүд юугаа хийж чадах вэ. Зиндаархаж, брэндээр өвчилж, машинаар наадсан энэ залуусаас ардын төлөөх ямар бодлого гарах вэ. Арай гайгүй байлгүй гэсэн ах нар нь махны үнийг 1200 төгрөгөөр сэтгэж, талхны үнийг 300 төгрөгт багтааж,  ургамлын тос шилэнд байдаг гэж төсөөрч явахад илүү өндөрт тасарсан дүү нараас нь ямар бодлого гарах вэ гэдгийг төсөөлөхөд ч бэрх. Зайсангаас хотыг харах, гэр хорооллоос  гадагшаа харах ялгаатай. Тэгэхээр шинэчлэл хийх гэж байгаа бол эхлээд шинэчлэх хөдөлгөөнөөсөө шинэчлэлээ эхлүүлэх хэрэгтэй мэт. Бэрхийг үзээгүй хүмүүст эрхийг өгнө гэдэг шинэчлэл бол яавч биш. 

МАН бол энгийн нэг нам биш, төрд нөлөөлөгч том нам. МАН бол түүхэнд ч, ирээдүйд ч хамгийн гол оролцогч, өрсөлдөгч байх учиртай нам. Энэ намын шинэчлэл хэдэн хүний асуудал биш, улсад хамааралтай асуудал. Ялагдсан үед хамгийн хүчтэй сөрөг хүчний зангарагтай, ялсан үед иргэдэд ойрхон бодлого гаргадаг л байхад л хангалттай.

Жил бүр л ярьж байдаг шинэчлэлээс энэ шинэчлэл юугаараа ялгаатай гэж, түүнээс юуг хүлээнэ гэж.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж