Эртний
Египетийн домогт өгүүлснээр там диваажингийн зааг дээр бурхан болоочоос эрлэгийн
элч хоёр асуулт асуудаг байсан гэдэг.
“Чи амьдралаас баяр баясгалан мэдэрсэн үү”,
“Чиний амьдрал өрөөл бусдад баяр баясгалан өгсөн үү” гэсэн асуултыг асуудаг байж.
Ямар хариулт өгвөл диваажинд заларч, ямар хариулт бол тамд унадаг байсныг бүү мэд.
Харин энэ хоёр асуултыг та өөрөөсөө асуугаад үзээрэй. Хүн нэгэн насны амьдралдаа
баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн амьдрахыг хүснэ. Тэр болгон санаснаар болохгүй
боловч өөртөө байгаа бүхэндээ л сэтгэл хангалуун байх аваас тэр амьдралаас мэдэрч
байгаа жаргал юм.
Өглөөний нарыг харж, зулзаган моддын анхилам үнэрийг мэдэрч, хаврыг
хүлээж, өвлийг угтах, алсын уулсыг ширтэхүйд та жинхэнэ баяр баяслыг мэдрэх болно.
Ямар ч хүний амьдралд аз жаргалтай, баяр хөөртэй агшнууд заавал байдаг. Гагцхүү
тэр мөчүүд таны амьдралд наран мандуулж байдаг билээ. Болж л өгвөл амьдралын аз
жаргалтай агшнуудаас зулгааж, чадлынхаа хэрээр авч байх хэрэгтэй шүү дээ. Баяр баясгалантай
амьдралыг ирээдүйн нэгэн өдөр ирнэ гээд үргээж болдоггүй учир өнөөдөр ирсэн завшааныг
алдахгүйг хичээцгээе. Бид бүгдээрээ амьдралаас баяр баясгаланг мэдэрсэн.
Таны
амьдрал бусдад баяр баясгаланг өгсөн нь мэдээж. Та хэн ч байсан эхээс мэндлэхдээ
аавдаа, ах дүүсдээ, ээждээ хамгаас их баяр баясгаланг өгсөн. Хэн нэгэнд ганц ч удаа
болов тус хүргэсэн л бол чиний амьдрал бусдад баяр баясгаланг өгчээ. Хүнд хүргэсэн
тус таныг хоосруулж, үгүйрүүлэхгүй ээ. Харин ч бусдын амьдралын нэгээхэн агшныг
ч болов баяр баясгалантай байлгасан бол та жинхэнэ аз жаргалыг бэлэглэгч юм. Үймсэн
их амьдралын дундаас баяр жаргалтай хормуудыг мэдэрч, бас эргэн тойрондоо инээд
баясал, аз жаргалыг түгээж амьдрах юутай сайхан. Хүн гэдгийг мэдрүүлдэг цөөхөн мэдрэмжүүдийн
нэг нь амьдралаас авах таашаал, бусдад өгөх баяр баясгалан билээ.