
Н.Номтойбаяр өөрийгөө нийгмийн идэвхтэн гэдгээ УИХ-ын гишүүн болсноосоо хойш үнэхээр нотолж эхэлсэн. Тэрбээр УИХ-ын гишүүн болсныхоо дараахнаас эхлээд л Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ажиллагааг тэргүүлж байсан бол одоо намынхаа авлигачидтай тэмцэх, намаа шинэчлэх бүлгэмийн нүүр царай болж хувирлаа. Түүний эхний ажиллагаа болох Ерөнхий сайдыг огцруулах төлөвлөгөө нь хэдийгээр нурсан ч Н.Номтойбаяр гандан буурахгүйгээр Ерөнхий сайдыг “шаварт хутгах” баримт, материал цуглуулж, хууль шүүхийн байгууллагаар “гүйсээр” л байгаа юм. Энэ бүхэн нь намынх нь ах нарт таалагдаж байсан ч одоо байдал эсрэгээрээ өрнөөд байна. Тэрбээр өөрийгөө цэвэр гэдгээ мэдэгдэж, намынхаа ах нарыг сайн дураараа Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтийг тавиад буй. Харин намынх нь ах нар түүний энэхүү хүсэлтийг хүлээж авах эсэх нь одоо болтол эргэлзээтэй хэвээр байгаа юм. Энэ бүхнээс нь болоод Ардчилсан намынхнаас дутахгүй түүнд эгдүүцэгчид хүн намд нь “олширч” байгаа аж. Гэхдээ эрхэм гишүүн Н.Номтойбаяр түүний дэмжиж буй ажил ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан хамаагүй ард нь гарах болно гэдгээ мэдэгдээд буй. Харин зарим нэг хүн энэ бүхнийг “Ишиг эврээ ургахаараа эхийгээ мөргөнө гэгч болж байх шив” хэмээн дүгнэж байгаа юм. Ямартай ч түүнийг хэр хол явахыг харах гэсэн хүн олон байгаагийн зэрэгцээ ажил нь бүтэмжтэй болоосой гэсэн хүн ч цөөнгүй байгаа гэдэг нь одоо өрнөж буй бүхнээс ажиглагдаж байгаа юм.
Р.САРАНГООЭх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
