Улстөрийн намын тухай хуулийн төслөөр судалгаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Улстөрийн намын тухай хуулийн төслөөр судалгаа хийнэ

Улстөрийн намын тухай, Улстөрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанаар хуулийн төслийг боловсруулахдаа баримтлах зарчмын чиглэлийн талаар ярилцаж, улмаар төсөлтэй холбогдох зарчмын гол асуудлаар намуудаас дахин санал авч эрдэмтэн судлаачдаар судалгаа хийлгэх, бусад орны туршлага судлах санал гаргасны зэрэгцээ олон нийт болон улстөрийн намуудын хүрээнд тодорхой тулгамдаж байгаа асуудал тус бүрээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сануулахад, дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийнхний хувьд өмнө нь энэхүү төсөлтэй холбоотойгоор улстөрийн намуудаас төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулж байсан юм. Мөн дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан улстөрийн намуудыг Улстөрийн намын тухай хууль батлагдан хэрэгжиж ирсэн найман жилийн хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа намуудаас одоогийн мөрдөж байгаа хуулийг хэрэгжүүлэх хугацаанд ямар хүндрэл бэрхшээл учирч байсан, шинээр ямар зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай талаар саналаа ирүүлэхийг хүссэн ч өнгөрсөн хугацаанд ИЗНН, Монголын ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн намаас л албан ёсоор санал ирүүлжээ.

Улстөрийн намын тухай, Улстөрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт ахлан ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн М.Батчимэг, Г.Батхүү, Н.Батцэрэг, А.Бакей, Р.Бурмаа, М.Энхболд, Н.Энхболд нар багтсан юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж