-Та манай улсаас өмнө олон оронд дасгалжуулагчаар ажилласан байна. Тэгэхээр манай боксчидтой хэрхэн ажиллах вэ?
-Би танай улсын шигшээ багт зөвлөх дасгалжуулахаар ажиллахаар ирсэн. Мөн хоёрдугаар шигшээ багийг олон улсын тэмцээн уралдаанд оролцоход бэлэн болгох зорилготой юм.
-Монголын боксчид Кубынхаас өөр техниктэй, өөр орчинд бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Тэгвэл та Монголын шигшээ багийн боксчидтой яаж ажиллах төлөвлөгөөтэй байна?
-Монголд яг Кубын боксын сургалтын системээр бэлтгэл сургуулилалт хийнэ. Техник, тактикийн хувьд ч Кубын боксчдын туршлагыг зааж зөвлөнө.
-Монголын боксчдын бусад орны тамирчдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Монголын боксчид маш сайн. Танай шигшээ багийн тамирчид тив дэлхийн тэмцээнд ямагт хүчтэй өрсөлдөгч байдаг. Өндөр амжилт ч үзүүлдэг. Ийм шилдэг тамирчидтай хамтран ажиллах болсондоо баяртай байна.
-Монголын боксчдын хувьд бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад бэлтгэл сургуулилалтын талбай чамлагдахаар байж магадгүй. Бэлтгэлийн орчны талаар та ямар бодолтой байна вэ?
-Миний хувьд бэлтгэл сургуулилалтын талбай ямар байх нь хамаагүй. Харин бэлтгэл сургуулилтын талбай тамирчдаар дүүрэн байх нь л чухал санагддаг.
Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамбаас зарим зүйлийг тодрууллаа.
-Боксчдын оролцож байгаа тэмцээнүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл, манай боксын баг тамирчид Улаан-Үд хотноо болсон залуучуудын олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Баг 10 хүний бүрэлдэхүүнтэй явсан ч дөрвөн тамирчин маань насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар оролцож чадсангүй. Гэсэн ч оролцсон зургаан тамирчин амжилттай өрсөлдөж, хоёр алт, гурван хүрэл медаль хүртлээ. Мөн өнөөдөр /долдугаар сарын 2/ Йордан улсад болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын боксын хоёрдугаар шигшээ багийнхан өрсөлдөж байна.
-Монголын шигшээ багт урилгаар ирсэн Куба дасгалжуулагч Хорхе Матагийн талаар юу хэлэх вэ?
-Түүнийг ирсэнд баяртай байна. Шигшээ багт зөвлөх дасгалжуулагчаар ажиллана. Манай улсад Спортын бэлтгэлийн төв, Үндэсний шигшээ багийн урилгаар албан ёсоор ирж байгаа анхны куба дасгалжуулагч нь Хорхе Мата болж байна. Өмнө нь олон орны залуучуудтай ажиллаж байсан туршлагатай, шилдэг дасгалжуулагч. Энэ жил боксчдын хувьд томоохон уралдаан тэмцээн олонтой байгаа. Тиймээс гаднаас өндөр мэргэжлийн дасгалжуулагч урьж, тамирчдаа цэнэглэх нь чухал бөгөөд том боломж гэж үзэж байна.