Ботаникийн цэцэрлэгтэй танилцжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Ботаникийн цэцэрлэгтэй танилцжээ

БОНХ-ийн дэд Сайд Б.Тулга өнөөдөр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтай танилцлаа.  Тус хүрээлэнд одоогийн байдлаар таван  цэцэрлэгч, диндорлогичийн хамт долоон эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн жил 8.5 сая төгрөгийг эрдэм шинжилгээний ажилд төсөвлөж байсан бол энэ жил 4.9 сая болтол нь танажээ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн чадавхийг сайжруулахын тулд 2011 Байгалийн ургамлын үрийн банк байгуулахаар БОНХЯ-наас зураг төслийг нь гаргаж, төсвийг нь энэ оны Сайдын багцад тусгажээ. Гэтэл хагас жилийн хугацаа өнгөрөөд байхад нийслэлээс газрын зөвшөөрлийг өгөхгүй байгаа аж. Үрийн банкыг Цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг дэд бүтэц нь гэж ойлгохгүйгээр эмнэлэг, шүүх барих олон нийтэд тустай мэтээр гуйвуулж ирсэн. Гэтэл тус үрийн банк нь ховор болон ховордсон ургамлуудын генийн үрийг хадгалах, цаашид үржүүлэх зориулалтаар баригдах ёстой чухал барилга юм. Дэд Сайд энэ үеэр Байгалийн ургамлын үрийн банкны барилгын батлагдсан  зураг төслийг Цэцэрлэгт хүрээлэнгийн эрхлэгч С.Жамъянсүрэнд гардуулан өгч, барилгын ажлаа яаравчлахыг хүслээ.

Дэд Сайд Б.Тулга “Манай яам Газарзүй, Геоэкологи, Ботаникийн хүрээлэнтэй шинжлэх ухааны зөвлөлөөр дамжуулан холбогддог ч  ажиллах хэлбэр нь хангалтгүй байгаа. Жилийнх нь төсвийг батлахдаа багаар тогтооход ямар ч байгууллагын үйл ажиллагаа унадаг. Эдгээр байгууллагуудын ажлын үр дүн манай яаман дээр зангилагдаж бодлого болох ёстой байтал тасарсан байна. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулж эхэлсэн. 

УИХ-ын хэмжээнд ажлын хэсэг гарч  судалгааны академийг ямар түвшинд ажиллуулах ёстой вэ, сургууль, яамдтай яаж холбогдох талаар шинээр бодлого гаргахаар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор тус хүрээлэнгүүдийн харъяалал ч өөрчлөгдөж магадгүй” гэсэн юм. Тэрбээр 50-60 жил үржүүлж ирсэн цэцэрлэгт хүрээлэнгээ устгахын оронд өргөжүүлэн эрдэмтэд, оюутнуудын сургалтын бааз хэвээр байлгахын төлөө хүн бүр санаа тавихыг уриаллаа.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж