
“Алтайн Алтан уулс”-ыг дөрвөн улс дамнасан дэлхийн өв болгох зорилгын дор болж буй уг хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан зэрэг дөрвөн орны холбогдох яамны удирдлага, мэргэжилтнүүд болон эрдэмтэд оролцох ажээ. Өмнө нь энэ чиглэлээр болж байсан хуралд эрдэмтэд түлхүү чуулж байсан бол энэ удаа дөрвөн орны Засгийн газрын түвшний төлөөлөгчид оролцохоороо онцлог юм байна. Ингэхдээ талууд санал солилцож, харилцан ойлголцох төдийгүй Алтайннурууг бүхэлд нь дэлхийн өвд бүртгүүлэх боломжийн талаар хэлэлцэх ажээ.
Дэлхийн өвд 1998 онд бүртгэгдсэн ОХУ-ын “Алтайн алтан уулс” бол нэг сая гаруй жилийн хүний хөгжлийн түүхийг харуулсан гайхамшигт газар нутаг гэдэг. Хэдийгээр тус газрыг ховордсон ургамал, амьтад буюу биологийн олон төрөл зүйлийг хамгаалах чухал газар хэмээн байгалийн ангиллаар бүртгэсэн ч Хүннү, Турк, Уйгар, Енисэйн Киргиз, Монгол, Ойрдууд гэх зэрэг нүүдэлчдийн түүх соёлтой нягт холбоотой газар аж. Иймд “Алтайн Алтан уулс”-ыг дөрвөн улс дамнасан Дэлхийн өв болгох зорилгод нэгдэн хуралдахаар болсон тухай албаныхан онцоллоо.
Монгол улсын хувьд 1972 оны Дэлхийн өвийн Конвенцид 1990 онд нэгдэж орсон бөгөөд одоогийн байдлаар Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг бүртгүүлсэн төдийгүй Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтанд албан ёсоор 10 газрыг оруулсан байна.