
Нэгэн үеийг бодвол нийслэлд өндөр барилгууд олноороо баригдаж эхэлсэн. Улсын хэмжээний хамгийн өндөр барилгаар нэрлэгдэж байсан Дарханы 16 давхар барилгыг хол хаясан 24, 25 давхар байшингийн суурийг хэдийнээ тавиад байна. “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм”-ийн дагуу нэгдүгээр ангиллын барилга буюу 17 давхраас дээш барилга барих зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас олгохоор болсон. Үүнтэй холбоотойгоор өндөр барилгын норм дүрэм, стандартыг салбарын яамнаас мөрдөх шаардлагатай болоод байгаа ажээ. Дүрэм мөрдөгдөж эхлэхээс өмнө зөвшөөрлөө авч суурийн ажлаа эхлүүлсэн “Эм Си Эс” ХХК-ийн Улаанбаатар Шангри-Ла олон улсын сүлжээ зочид буудлын төсөлтэй Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд эхлээд танилцлаа. Улаанбаатар Шангри-Ла төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Эм Си Эс Проперти” ХХК, Samsung C&T LLC хамтран ажиллаж байна. Төслийн нэгдүгээр үе шатанд 24 давхар товер, хоёр давхар үйлчилгээний төв барих юм байна. Харин хоёрдугаар үе шатанд 1-5 давхартаа үйлчилгээний хэсэг, кино театр, усан бассейн, чийрэгжүүлэх төвтэй, 6-24 давхартаа оффис, 6-34 давхартаа зочид буудал бүхий товерийг барьж байгуулах юм байна.
Тус барилгын ажилтай танилцсаны дараа орон сууцны барилгын каркасын ажил нь дууссан “Индустр” ХХК-ийн Улсын драмын эрдмийн театрын өргөтгөл орон сууцны 22 давхар барилгын ажилтай салбарын яамны удирдлагууд танилцлаа. Тус компанийн хувьд анх 22 давхар барилга барих зураг төсөл гаргасан ч нэмж дөрвөн давхар барьсны дээр өндөр барилгын норм, дүрэм, машины зогсоол, ногоон байгууламж зэргийг тооцоололгүйгээр барилгын ажлаа гүйцэтгэж эхэлсэн байв. Тиймээс салбарын сайд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан шинэ дүрмийг мөрдөж, өндөр барилгын нормыг шаардана гэдгийг анхаарууллаа.
Д.ЦЭЦЭН