
Зургаан аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбох ажлын зарим нь удааширч байгааг салбарын сайд нар анхаарч, гүйцэтгэгч компанитай хариуцлага ярих хэрэгтэй гэв. Харин хотын төвийн авто замын уулзваруудыг шинэчлэх “Гудамж” төслийн ажил амжилттай үргэлжилж, энэ долоо хоногт хоёр ч уулзварын ажил бүрэн дуусч ашиглалтад орно гэдгийг онцолж байв.
Түүнчлэн, Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмаар иргэдээ тав тухтай баярлаж цэнгэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий олон мянган автомашины зогсоол, үйлчилгээний зориулалттай талбай гэх мэт ажлын бүтээн байгуулалт цаг хугацаатай уралдан эрчимтэй өрнөж байгааг мэдээллээ. Энэхүү ажлыг мөн “Гудамж” төслийн санхүүжилтээр гүйцэтгэж байгаа юм. Үргэлжилсэн бороо хур орохгүй бол цөөхөн хоногийн дараа болох наадмаас өмнө авто зам болон бусад бүтээн байгуулалтын ажлууд бүрэн дуусах боломжтой. Ерөнхий сайд энэ долоо хоногийн бямба гарагт Засгийн газрын хуралдаан өндөрлөсний дараа Хүй долоон худагийн бүтээн байгуулалтын ажлыг биечлэн хүлээж авахаар төлөвлөжээ.