Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргажээ. Захирамжаар гэмт хэрэг, зөрчил хамгийн их үйлдэгддэг цэгүүдийг тогтоож камержуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг дүүрэг бүрт байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд заавал хариуцлага тооцох, гэр бүлийн маргаан дунд амьдарч байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэр бүлийн хүчирхийлэл, болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах аргад сургах, гэр бүлийн хүчирхийлэл, бусдын зүй бус үйлдлийн талаар хичээлийн хөтөлбөр боловсруулж, 2013-2014 оны хичээлийн шинэ жилээс дунд сургуулийн сургалтын программд оруулахаар болжээ.
Мөн энэхүү захирамжийн хүрээнд гэр бүлд хамгийн ойр байх хэсгийн ахлагч, хорооны нийгмийн ажилтан, орцны жижүүрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн талаар ойлголт мэдлэг өгөх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах юм байна.
Д.ЖАРГАЛ