О.Андеснер: Австри Монголын худалдаа эрс нэмэгдсэн

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

О.Андеснер: Австри Монголын худалдаа эрс нэмэгдсэн

Энэ онд Монгол, Австри улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байна. Энэ тэмдэглэлт ойг угтаж энэ долдугаар сарын 10-нд хоёр орны ажил хэрэгч хүмүүсийн бизнес уулзалт Улаанбаатар хотноо МҮХАҮТ-д болох гэж байна. Хоёр орны харилцааны талаар БНХАУ-ын нийслэл Бээжин хотод суугаа Австрийн ЭСЯ-ны Худалдааны Төлөөлөгч ноён Оскар Андеснерээс бизнес уулзалтын талаар тодрууллаа.

-Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хэр хөгжиж байна вэ?

-1963 оны зургадугаар сарын 30-нд Австри-Монголын хооронд дипломат гэрээнд гарын үсэг зурснаар улс төр төдийгүй эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Австри-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 50 жилийн хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа шинэ шатанд хүрсэн түүхэн онцлогтой жил энэ онд тохиож байна. Өнгөрсөн онд манай хоёр орны худалдаа урьд өмнө байгаагүй их хэмжээ буюу 19 сая гаруй евро хүрсэн юм.
 
-Хоёр орны худалдаа хэдий хэмжээгээр өссөн бэ. Хоёр орны импорт, экспортод ямар бараа, бүтээгдэхүүн голлож байна вэ?

-Энэ оны эхний гурван сард Австриас Монголд экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 145 хувь, импортын хэмжээ 186 хувиар тус тус өссөн. Ялангуяа гадаад худалдааны төрөлжилт тогвортой өсч байгааг харахад таатай байна. Гадаад худалдааны статистик үзүүлэлтээс харахад таван жилийн өмнө бид Монголоос зөвхөн ноолууран бүтээгдэхүүн импортолдог байсан бол одоо малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн авч байна. Экспортын бүтээгдэхүүний хувьд Австрийн уул уурхайн машин, тоног төхөөрөмжүүд өндөр хувийн жин эзэлдэг бөгөөд 10 жилийн хугацаанд Монголд экспортлож буй бараа бүтээгдэхүүн дөрөв дахин өссөн. Түүнээс гадна гадаад худалдааны нөхцөл эрс сайжирч байгаа нь манай хоёр орны эдийн засаг зохицож байгаагийн илэрхийлэл юм.

-Тэгвэл Австриас манайхан ямар төрлийн худалдаа хийж, харилцаа тогтоох боломжтой вэ?

-Австрийн компаниуд зах зээл болон технологийн салбарын томоохон үүрэг гүйцэтгэгчид байдаг. Уул уурхайн тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн машин, дэд бүтэц, эрүүл мэнд болон боловсролын салбарын тэргүүлэгчид гэж ойлгож болно. Австрийн компаниуд өндөр чанартай бүтээгдэхүүн, орчин үеийн техник технологи болон үйлдвэрлэлийн уян хатан шийдлийг санал болгодгоороо алдартай. Хүрээлэн буй орчноо хамгаалж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах нь манай ард түмний бас нэгэн онцлог билээ. Австрийн хотууд нь дэлхий дээр амьдрахад хамгийн таатай хотуудын тоонд зүй ёсоор багтдаг. Манай Засгийн газар болон үйлдвэрлэлийн салбарынхан хүрээлэн буй орчинд нийцтэй технологи, бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр үүрэг амлалт авсан байдаг. Эдийн засгийн өсөлт, хотжилт хурдацтай хөгжиж буй Монгол орны хувьд Австрийн найдвартай, шинийг санаачлагч компаниудтай хамтран ажилласнаар эдийн засгийн өсөлт болон тогтвортой хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж чадна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж