Хөнгөлөлттэй үнээр эм хэрхэн авах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй үнээр эм хэрхэн авах вэ?

-Оны эхний хагас жил болсон тул санхүүжилт дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн зургаадугаар сарын 20-ноос эхлэн эмийн сангууд хөнгөлөлттэй эмээр үйлчлэхгүй байсан юм-

Эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг хирнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй иргэд цөөнгүй. Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, элдэв мэс засалд орохгүй л бол эрүүл мэндийн даатгал ямар ч ашиг тусгүй хураамж татаас гэж ойлгодог. Гэтэл даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 132800 төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй, 132 төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтой байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын ач тусыг иргэд хүртээд энэ үйлчилгээг багагүй сайшааж байгаа юм. Энэ журам нь эрүүл мэндийн даатгал төлдөг 0-оос дээш насны бүх иргэн 132 төрлийн 390 эмийн үнийг 80 хүртэлх хувиар хямдруулан хөнгөлөлттэй үнээр авах боломжыг иргэдэд олгодог юм. 

-Хэрхэн хөнгөлттэй үнээр эм худалдан авах вэ?

-Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг ЭМ-ийн даатгалын сангаас төлж даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр эм авах эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэг төрөл ажээ. Өөрөөр хэлбэл ЭМ-ийн даатгал төлдөг 0-ээс дээш бүх насныхан эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт оршин суугаа хорооны Өрхийн эмнэлгийн эмчдээ хандах нь зүйтэй. Өрхийн эмчийн бичиж өгсөн тамгатай эмийн жорыг иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтрийн хамт хавсарган “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн сан” гэх хаягтай эмийн сангуудад үйлчлүүлснээр тухайн эмийг 80 хүртэлх хувиар хямдруулан авч байгаа юм. Эмийн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн дотор хүчинтэй байх бөгөөд жоронд ямар нэгэн үг, үсгийн засвар ороогүй байх шаардлагатай аж.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 529, нийслэлд 96 эмийн сан 132 төрлийн 390 эм бэлдмэлийг хөнгөлттэй үнээр иргэдэд олгож байгаа юм. Харин оны эхний хагас жил болсон тул санхүүжилт дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн зургаадугаар сарын 20-ноос эхлэн эмийн сангууд хөнгөлөлттэй эмээр үйлчлэхгүй байсан юм. Дээрх санхүүжилтийг хэзээ олгох талаар Эрүүл мэндийн даатгалын газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга М.Энхтуяагаас тодрууллаа.

-Эмийн сангуудад олгодог үнийн хөнгөлөлтийн санхүүжилт дууссан гэж эм олгохгүй байсан. Санхүүжилтийг хэзээ олгох вэ?

-Энэ сарын нэгнээс эхэлж санхүүжилтийг олгож эхэлсэн. Эмийн сангууд даатгуулагчдад эмийг 80 хүртэлх хувиар бууруулж, эм олгодог болсноор эмийн эрэлт эрс нэмэгдсэн. Нөгөө талаар  даатгалын байгуулагаас сурталчилгаа хийж байгаатай холбоотой. Тухайлбал, 20 мянган төгрөгийн эмийг 80 хувь хөнгөлөөд иргэнд 4000 төгрөгөөр худалдаалж байна.

-Энэ онд нийт хэдэн эмийн санд хэчнээн төгрөгийн санхүүжилт олгосон бэ?

-Өнгөрсөн 2012 онд 4.8 тэрбумыг төсөвлөж байсан бол энэ онд санхүүжилт 11 тэрбум болж нэмэгдсэн. Нийт 96 орчим эмийн сан хөнгөлөлт үзүүлдэг. Энэ санхүүжилтийг өгөхдөө тухайн эмийн санд ноогдох хүн амын харъяалал гүйцэтгэлийг тооцож байгаад олгодог. Бид цаашид нийслэлд хөнгөлттэй эм олгож эмийн сангийн эрхийг хотын захын дүүргүүдэд байдаг эмийн сангуудад өгөхийг зорьж байна гэсэн юм.

Иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн сангуудын талаарх мэдээлэл, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, хөнгөлөх хувь, хэмжээний талаархи мэдээллийг хүргэе.

Д.ЖАРГАЛ


ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.


ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж