-Энэхүү уралдааны зорилго, ач холбогдлын талаар яриагаа эхэлье.
– Геологиийн хайгуул, судалгаа, уул уурхайн олборлох боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн ажилчдын нийгмийн асуудал, хуулийг дээдлэж, зөв зохистой шийддэг компаниудын үйл ажиллагааг дэмжихэд уралдааны гол зорилго оршиж байгаа юм.
Өмнө нь уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн дунд тэмцээн уралдаан зохион байгуулж л байсан. Гэхдээ энэ салбарт ажилладаг хүн рүүгээ чиглэсэн арга хэмжээг төдийлөн зохион байгуулж байсангүй ээ. Шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яамны зүгээс хариуцлагатай, ил тод, нээлттэй уул уурхайг хуулийг дээдлэх бодлого баримтлах талаар тодорхой заалтуудыг тусгасан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг боловсруулан Засгийн газраар батлуулж УИХ-д өргөн бариад байгаа билээ. Энэ бодлогын баримт бичигт баялаг үйлдвэрлэгчдийн амьдрах, ажиллах, тав тухтай, эрүүл орчинг бүрдүүлэх талаар ч байгаа. Манай яамнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг салбарын хамт олон хүлээн авч байгаагийн нэг илрэл нь компаниуд нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлж эхэлж байгаа явдал юм. Энэ ажил нь Уул уурхайн яам хуулийг дээдэлсэн компаниудын үйл ажиллагааг дэмжих буй нэг ажил нь юм.
Тиймээс Уул уурхайн яамны зүгээс хүнээ, ажиллах хүчээ тал бүрээс нь тордож байдаг аж ахуйн нэгжийг анх удаа тодруулж тэдэнд илүү их урам зориг өгөхөөр ажиллаж байна. Шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах ажлын хэсгийг Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтэс ахлан ажиллана.
– Хамрах хүрээний хувьд?
– Шилдэг аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт геологи хайгуулийн судалгаа, уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой.
Өнөөдөр уул уурхайн салбараас улсын эдийн засаг хамаарч байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Гэхдээ бид өнөөдөр тийм их алт, зэс, нүүрс экспортоллоо. Ийм их ашиг оллоо гэж ярихаасаа өмнө тэр баялгийг бүтээж буй хөдөлмөрчдийн эрүүл мэнд, ажиллах нөхцлийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд баталгаажуулах хэрэгтэй. Тэгж чадвал бүтээмж ч өндөр байх нь тодорхой. Тиймээс энэ шалгаруулалтад аж ахуйн нэгжүүд маань идэвхитэй оролцоорой гэж уриалмаар байна.
-Бүртгэл хэзээнээс эхэлсэн бэ. Хэзээ дуусах талаарх мэдээллийг аж ахуйн нэгжүүддээ хүргэвэл?
-Энэ талаарх мэдээллийг манай яам /www.mm.gov.mn/, Ашигт малтмалын газрын сайтаас авах бүрэн боломжтой. Материал хүлээн авах сүүлийн хугацаа 7 дугаар сарын 5-ны 17:00 цаг гэж байгаа. Тиймээс бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө аж ахуйн нэгжүүд маань журамд заасны дагуу материалаа ирүүлж шалгаруулалтад оролцох боломжтой.
-Геологи, уул уурхайн салбарт хичнээн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна вэ?
– Өнөөдөр уул уурхайн салбарт 330 гаруй аж ахуйн нэгж, харин геологи хайгуулийн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 1000 гаруй компани бий гэсэн судалгаа байдаг.
– Маш олон аж ахуйн нэгжүүд уралдаанд оролцох нь мэдээж. Тэгэхээр шүүх, шалгаруулах ажлыг зөвхөн танай яам хариуцах уу?
-Энэ уралдааны зохион байгуулах комисст олон байгууллагын төлөөлөл оролцсон. Тухайлбал Засгийн газраас манай яам, Хөдөлмөрийн яам, Ашигт малтмалын газар оролцоно. Дээрээс нь Уул уурхайн ассоциаци, Нүүрсний ассоциаци, Эрчим хүч, уул уурхайн салбарын үйлдвэрчний эвлэл зэрэг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод оролцож байгаа юм. Тиймээс шалгаруулалт ардчилсан зарчмаар явагдана гэж ойлгож болно.
– Уралдаанд материалаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүд дээр шүүх бүрэлдэхүүнээс хүн очиж ажиллах уу?
– Яг уралдаанд зориулан аж ахуйн нэгж болгон дээр очиж ажиллахгүй. Гэхдээ манай Ашигт малтмалын газраас өнгөрсөн 5, 6 дугаар сард уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагаатай танилцах үедээ ажиллагчиддаа хэр анхаарал тавьдаг асуудлыг давхар үзэж явсан. Тэгээд мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд оролцож байгаа учраас шалгаруулалтад хүндрэл нэг их гарахгүй байх гэж бодож байна.
– Ямар ямар номинацид шилдэгүүдийг тодруулах юм бэ. Шалгаруулах үзүүлэлтүүд нь юу байх вэ?
-Гурван номинацид нэг нэг шилдэгийг шалгаруулахаар төлөвлөж байгаа. Тодруулбал “Ажлын байр, Амьдрах ая тухтай орчин бүрдүүлэгч аж ахуйн нэгж” гэсэн номинаци бий. Энэ номинацийн шалгуур үзүүлэлт нь юу байх вэ гэхээр Уурхайн тосгон, ажилчдын ая тухтай ажлын болон амрах байраар хангасан байдал. Олборлох салбарын ил тод байдлын санаачлагад нэгдэн жил бүр тайлангаа гаргаж өгсөн байх. Ашиглаж буй ордын дэд бүтэц, уурхайн тосгон, барилга байгууламжийн асуудлыг бүрэн шийдсэн эсэх. Мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх болон ажилчдыг мэргэшүүлэх, орон нутгийн иргэдийн ажлын байраар хангасан байдал зэргийг харж үзнэ.
– Нөгөө хоёр номинацийн тухайд?
-“Ажилчдын эрүүл ахуйг эрхэмлэгч аж ахуйн нэгж” гэсэн номинаци байгаа. Уурхайн олборлох үйлдвэр, уурхайн тосгонд эмч, сувилагч болон эмнэлгийн тоног төхөөрөмж, эмчилгээний байраар хангасан байдал. Хүнд хортой нөхцөлд ажиллагчдын эрүүл мэнд, сувилгааны, мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулах төлөвлөгөө боловсруулсан эсэх. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Ажилчдын бие бялдарыг чийрэгжүүлэх тал дээр анхаарал тавих, эрүүл чанартай хоолоор үйлчилж буй эсэх гэх мэт шалгуур тавина.
Харин “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч аж ахуйн нэгж, байгууллага” номинацийн хувьд үйлдвэрлэлийн жигд найдвартай аюулгүй ажиллагаа, аваар, осолгүй ажилласан цаг, төлөвлөгөөт зорилтын хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, мэргэжлийн, мэргэшлийн сургалтын материаллаг баазаар хангагдсан байдал зэрэг үзүүлэлтүүд голлох юм.
Мөн үйлдвэрлэлийн ослын болон ослоос шалтгаалсан нас баралтын давтамжийн коффицент салбарын дунджаас бага байх, мэргэжлээс шалтгаалах өвчлөл өмнөх жилүүдийнхээс буурсан байх гэх мэт үндсэн шаардлагуудыг тавина.
Өнөөдөр дэлхий нийтэд хэдэн осол гарав гэдэг үзүүлэлтийг хэрэглэхээ больсон, манай орны нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд өнөөдөр үйлдвэрлэлийн осол, зөрчил гаргалгүй хэдэн цаг ажиллаж байна гэдгээр үйл ажиллагаагаа дүгнүүлдэг болоод байгаа.
Улсын их баяр наадмынхаа өмнө хийсэн ажлаа дүгнүүлж ажиллахыг геологи, уул уурхайн салбарын нийт хамт олондоо уриалж байна.