Хятадын зарим нутгийг Румбиа нэртэй хар шуурга дайрч, үер болон хөрсний нуралтын гамшиг дагуулсны улмаас нийтдээ 39 хүн амь үрэгдэж, 13 хүн ор сураггүй болжээ. Үүнээс Өвөр Монголд 18 хүн амь үрэгдэж, дөрвөн хүн ор сураггүй болсон бол зүүн хэсгийн Аньхуй мужид 10 хүн амь үрэгдэн, таван хүн ор сураггүй болоод байгаа гэнэ. Түүнчлэн гэнэтийн үерийн гамшигт олон мянган хүн орох оронгүй болсон байна. Албаныхны мэдээлснээр Аньхуй мужид 102 мянга, баруун өмнөд хэсгийн Сичуаньд 120 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба үерийн усанд Сичуань мужид 5600 гаруй байшин барилга сүйдэж, 10 мянга орчим байшин барилга их, бага хэмжээгээр гэмтэж эвдэрчээ. Синьхуа агентлагт мэдээлснээр өнгөрсөн бямба гаригаас эхэлсэн Румбиа хар шуурганд хойд, өмнөд, зүүн хэсгийн нийт найман муж өртсөн байна. Аврах албаныхан эдгээр найман мужийн зөвхөн гурваас нь л гэхэд 300 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ.
Б.АНХТУЯА