Хайрын дурсамж хөндсөн найргийн үдэш

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Хайрын дурсамж хөндсөн найргийн үдэш

Бараг мянган жилийн өмнө Ираны алдарт яруу найрагч Омар Хайям
Дуулим энэ орчлонд хүн болж төрсөнөөс хойш
Дурлал дарс хоёргүйгээр насыг элээвэл нүгэлтэй
Мөнгөн сартай орчлонг цөмөөрөө орхидгоос хойш
Мөнхрөх эсэхдээ эргэлзэж суух нь илүү ажил гэлтэй” хэмээх алдарт шүлгээ тэрлэсэн байдаг. Үүнлүгээ адилаар энэ хорвоод хайрыг магтан дуулж, хайрын тухай бичиглээгүй яруу найрагч нэгээхэн ч үгүй биз. Тийм учраас Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдэлээс санаачлан МЗЭ, “Хязгааргүй дуулал” ТББ, МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан “100 яруу найрагч 100 хайрын шүлэг” өдөрлөг зургадугаар сарын 30-ны өдөр болж өнгөрлөө. Монголын төдийгүй дэлхийн утга зохиолын түүхэнд зуун яруу найрагч нэгэн дор хайрын шүлэг уншиж, үзэгч уншигчдынхаа сонорыг мялаасан тохиолдол байхгүй биз. Энэ ч утгаараа тус өдөрлөгт яруу найрагчид ихээхэн ач холбогдол өгч, эх орны дөрвөн зүгээс болон алс холын Швед улсаас хүртэл ирж оролцсон юм. Уншлага, өдөрлөгийг зохион байгуулагчид алдарт найрагч Очирбатын Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийн “Өргөн орчлонд хүн хайраар дутаж болохгүй” гэсэн мөрийг уриа үгээ болгон авчээ. Утга зохиол, соёлын өдөрлөг хэмээн тодотгосон тус өдөрлөгийг нээж МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Г.Мөнхцэцэг, “Цог” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир, МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлийн тэргүүн, яруу найрагч Н.Минжинсайхан, Залуу зохиолчдын нэгдлийн дэд тэргүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч.Ууганбаяр нар үг хэлсэн. Энэ ажлыг санаачлан зохион байгуулсан залуус өнөөгийн нийгэмд харгис үйлдлүүд их гарах болсон нь хайр дутагдсанаас болж байгаа хэмээн үзсэн байна. Тиймээс хайрыг яруу найргаар дамжуулан бусдад түгээх, сайн сайхныг нь ойлгуулахыг эрхэм зорилгоо болгожээ. Нийслэлийнхэний амарч зугаалах дуртай газар болоод буй “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д амралтын өдөр болсон болохоор ч тэрүү өдөрлөгийг сонирхохоор ирсэн хүмүүс олон байлаа. Хайрын шүлгээ уншиж, ойрын хэдэн сар уулзаагүй дотны андууд уулзалдаж, ахмад, залуу үеийг учруулсан сайхан үйл ажиллагаа гэдгийг энэ өдөр шүлгээ уншсан яруу найрагч болгон хэлж байсан юм.



Хайрын шүлгийн уншлагыг уралдаан, наадмаас өөр хэлбэрээр зохион байгуулахаар их хичээсэн нь бүхий л зүйлсээс нь харагдаж байлаа. Шүлгээ уншихаар бүртгүүлсэн яруу найрагчдыг зургаан хэсэгт хувааж, аль болох үе, үеийн найрагчдыг багтаахаар хуваасан аж. Нэгдүгээр дүйцийг ахалж Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн Ломбын Нямаа шүлгээ уншсан бол түүний араас Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Дулмаа, Д.Төрбат нар шүлгээ уншиж, “Залуу насаа санагалзсан сайхан орой болж” байгааг хэлж байлаа. Үүний дараагаар Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Баяржаргал, Б.Ичинхорлоо, А.Эрдэнэ-Очир тэргүүтэй мөнгөн үеийнхэн болон залуу яруу найрагчид хайрын шүлгээ уншицгаасан юм. Мөн их найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулан, М.Цэдэндорж, Д.Пүрэвдорж, Б.Доржпалам гээд өнөөдөр бидний дунд амьд сэрүүн байхгүй ч “яруу найрагч үхдэггүй”-н адилаар шүлэг найргаараа мөнхөрсөн найрагчдын бүтээлийг уран уншигчид үзэгч, сонсогчдод хүргэсэн нь олны талархалыг хүлээж байлаа.  Монголын утга зохиол, яруу найргийн бүхий л үеийн төлөөллүүдийг нэгэн тайзнаа багтааж, уншигч олонтой нь уулзуулсан “100 яруу найрагч 100 хайрын шүлэг” утга зохиол, соёлын өдөрлөг оройн 23:00 цаг хүртэл үргэлжилсэн ч яруу найргийг ойлгодог, түүнд хайртай олон хүн орой болсоныг үл анзааран байв. Хүн төрөлхтөний өнө мөнхийн сэдэв болсон хайрын шүлэг сонсож, үзүүргүй алсарсан сэтгэлийнхээ талаас дурлалын дурсамжаа хөвөрдсөн хүмүүс одод түгсэн тэнгэрийн дор хайр энэрэл тээсээр харьж явна…

Т.ДҮҮЖИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж