Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх төслийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн 50.23 хувийн санал авсан Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг энэ сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн байнгын хорооны хуралдаанд тавьсан илтгэлдээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хороо зургадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж тогтоол гаргасан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 66.50 хувь буюу 1239784 сонгогч саналаа өгсөн байна. Сонгуулийг нийт 1846 хэсгийн хороо, мэдээлэл, технологийн 31 баг, мөн иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнууд, 20 гаруй мянган төрийн албан хаагчид зохион байгууллаа. Сонгуулийн явцыг гадаадын 36 орон, олон улсын байгууллагын 400 гаруй, улс төрийн намуудын 20 гаруй мянган ажиглагчид ажиглаж, иргэний байгууллагын төлөөллүүд хяналт тавьж ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн Ц.Элбэгдорж нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50.23 хувь буюу 622794 сонгогчийн, Б.Бат-Эрдэнэ 41.97 хувь буюу 520380 сонгогчийн, Н.Удвал 6.50 хувь буюу 80563 сонгогчийн санал авсныг тэрээр дурдаад сонгуулийн төв байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуулийн дагуу сайн зохион байгуулсан, сонгууль нь хууль тогтоомжид бүрэн нийцэж хуулийн дагуу болсон. Тиймээс нийт сонгогчдоос 50.23 хувийн санал авсан Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж байна гэдгээ тодотгосон юм. Эл асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Цог өмнө болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын хэдэн хувь нь оролцож байсан, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал их нэмэгдсэн, зарцуулалт нь хэр байгаад хариулт өгөхийг хүсэв.

Ч.Содномцэрэн дарга “2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчийн 73.59 хувь нь саналаа өгч байсан бол энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн сонгогчийн тоо өмнөхөөс 200 гаруй мянгаар нэмэгдсэн, өөрөөр хэлбэл ирцийн хувь буурсан ч санал өгсөн сонгогчийн тоо өссөн дүнтэй гарсан. Сонгуулийн зардлын тухайд улсын төсөвт 17.2 тэрбум төгрөгийн зардал туссан ч СЕХ 15.8 тэрбумын санал оруулж батлуулсан. Харин батлуулсан зардлаа хуваарилахын өмнө төлөвлөлтийн аудит хийлгэхэд зардлаа хэмнэх, зарим зардлыг бууруулах зөвлөмж өгсөн. Энэ дагуу сонгуулийн хороо, хэсэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож урамшуулал олгосон, эндээс зохих хэмнэлт гарна. Хуваарилсан зардлыг зарцуулах, тайлан гаргах талаар өгсөн зөвлөмжийн дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн хороод тайландаа аудит хийлгэж ирүүлэх ёстой, үүнийг нь нэгтгэж Үндэсний аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна” гэсэн хариулт өгөв. УИХ-ын гишүүн Сү.Батболд хяналтын тооллогыг хэрхэн хийсэн, дүн мэдээ нь яаж гарсан, хүчингүй саналын хуудас гарсан эсэх, мөн гадаадын болон намуудын ажиглагчдын зүгээс ямар үнэлэлт, санал бодолтой байгааг асуухад СЕХ-ны дарга “Хяналтын тооллогыг хуулийн дагуу сум бүрт нэг, дүүрэгт хоёр хэсгийн хороонд санамсаргүй сонголтын аргаар 348 хэсэгт хийхэд нэг ч зөрчил гараагүй. Тооллого хийхэд гадаадын болон намуудын ажиглагчид, хэвлэл мэдээллийнхэн байлцсан. Хүчингүй саналын хуудасны тухайд загварын бус саналын хуудсыг хүчингүйд тооцохоор хуульд заасан байгаа. Энэ удаад хүчингүй саналын хуудас нэг ч гараагүй. Гадаадын ажиглагчид урьдчилсан дүгнэлтээ гаргаж, хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Сонгуулийн оролцогч талуудын итгэлийг хүлээсэн, сонгуулийн өдөр сонгогчид саналаа чөлөөтэй өгч байсан ба ажиглалт явуулсан 99 хувийн тохиолдолд сонгуулийн үйл явц эерэг байсан, сонгуулийн сурталчилгаа хүний үндсэн эрхүүдийг хүндэтгэсэн орчинд өрнөсөн, санал тоолох үйл явцад ерөнхийдөө эерэг үнэлэлт өгсөн. Гэхдээ хуульд сонгуулийн сурталчилгааг хязгаарласан заалт байна, СЕХ-ны бие даасан хараат бус байдалд ч бас анхаарах зүйл байна гэсэн зөвлөмж өгсөн” гэлээ.

СЕХ-ны даргын илтгэл, хуулийн төсөлтэй холбоглуудан гишүүдээс санал гараагүй тул хуулийн төслийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Уг хуулийн төсөлд Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхөөр тусгасан байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж