УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Тамгын газар, Монголын Төсвийн мэргэжилтнүүдийн холбоо хамтран өнөөдөр /2013.07.01/ “Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага“ сэдэвт судалгааны хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн,Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар үг хэлэв.
![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/7/59d4e8bd03a11ac3/ca531b7d781b7453original.jpg)
“Монгол Улсын нэгдсэн төсвийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага“ судалгааны үр дүнгийн талаар танилцуулгыг Монголын Төсвийн мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн, доктор дэд профессор Л.Отгонтуяа хийлээ.
Судалгааны зорилго нь төсвийн шинэчлэлийн олон улсын чиг хандлага, төсвийн зарлагын удирдлагын шинэчлэлийн онол, арга зүйд тулгаарлан Монгол Улсын нэгдсэн төсвийн голлох үзүүлэлтүүд, улсын төсвийн урсгал зардалд шинжилгээ хийж, дүгнэлт гарган төсвийн цаашдын хандлагыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах юм.
Монгол Улсын 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардал нь шинэ барилга байгуулалмж 78,74 машин, тоног төхөөрөмж 7,02 зураг төсөл 6,11 их засвар, тохижилт үйлчилгээ 5,45 сүлжээ, цахим сан 1,41 тээврийн хэрэгсэл 0,64 компьютер 0,40 тавилга, эд хогшил 0,22 хувь байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага, тэнцлийн үзүүлэлт Төсвийн тогтворьой байдлын тухай хуулийн шаардлага, хязгаарлалтуудыг 2013 оноос эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг холбогдох шаардлагыг хангахуйцаар боловсруулсан байна.
Төсвийн зардлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх талаарх зөвлөмждөө төсвийн нийт зарлага, урсгал зардалд татаас, урсгал шилжүүлгийн эзлэх хувь хэмжээг багасгах, Засгийн газрын тусгай сангуудын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд сангуудыг нэгтгэх нэгдсэн төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг болгох,Цалингийн зардлын нийт хэмжээг багасгах, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэн цомхон чадварлаг багаар гүйцэтгүүлэх чиглэлээр шинэчлэл хийхийг тусгажээ. Дараа нь Монгол Улсын төсвийн орлого, зарлагад хийсэн шинжилгээ, дүгнэлтийг МУИС-ийн ЭЗС-ийн багш, докторант Д.Оюунцэцэг танилцууллаа. Төсвийн орлого уул уурхайгаас ихээхэн хамааралтай, эдийн засгийн хямралтай үед буурч, тааламжтай үед өсөж байна.
Оюутолгой ба төсвийн орлого сэдвээр Монголын Төсвийн мэргэжилтнүүдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, судлаач Б.Баярхүү илтгэл тавьж хэлэлцүүллээ. Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээгээр төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Импортын гаалийн татвар төлөгдөхгүй, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн 5 хувиар төлөхөөр байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Ингээд хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ерөнхий аудиторын орлогч Б.Батбаяр, Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Э.Батбаяр, Зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт саналаа хэллээ.