Суурь хоёр хуулийг шинэчлэх шаардлагатай гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Суурь хоёр хуулийг шинэчлэх шаардлагатай гэжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өглөө хуралдсан ч хэлэлцсэн асуудлынхаа талаар үдээс өмнө мэдээлэл хийгээгүй юм. Учир нь өнөөдөр МАН-ын зарим гишүүд намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулснаа зарлаж, хэвлэлийн бага хурал хийсэн, үдээс хойш гэнэт тус намын Удирдах зөвлөлийн хурал товлогдсон гэхчлэн МАН-ынхан гэнэт бужигнасан юм.

Харин эх сурвалжаас авсан мэдээллээр бол тус намын бүлгийн ээлжит хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн талаар ярилцсан байна.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл дээр МАН-ын бүлгээс дэд дарга С.Бямбацогт ажиллаж байгаа аж. Байнгын хороогоор шүүх, хууль хяналтын байгууллагын шинэчлэлтэй холбоотой багц хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Эдгээр хуулийн төслийг батлахдаа Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг мөн адил өөрчлөх шаардлагатай гэж үзжээ. Хэрвээ энэхүү суурь хоёр хуулийг өөрчлөхгүйгээр бусад хуулийг шинэчилбэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим хуультай зөрчилдөнө гэсэн дүгнэлтийг хуульчид хийжээ. Тиймээс Засгийн газар уг хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өргөн мэдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн байна.

Мөн Хилийн боомтын тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хилийн боомтын удирдлагын асуудлыг ЗГХЭГ-ын дарга бус Шадар сайд хариуцах ёстой гэж үзсэн байна.  

УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө хөрөнгө оруулалтыг зохицуулахтай холбоотой хэд хэдэн хуулийг шинэчлэх саналыг Засгийн газраас тавьжээ. Энэ дагуу Хөрөнгө оруулалтын тухай, Тендерийн тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2016 оныг дуусталх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жагсаалтыг чуулган завсарлахаас өмнө УИХ-д өргөн мэдүүлэх талаар УИХ-ын даргын зөвлөл дээр яригдсан  байна. Энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Хэдийгээр УИХ-ын даргын зөвлөл дээр энэ асуудал яригдсан боловч өнөөг хүртэл өргөн мэдүүлээгүй байна. Ер нь гуравхан хоногийн дотор хуулийн төсөл хэлэлцэж батална гэвэл учир дутагдалтай. Бидний хувьд хууль батлахыг дэмжиж байгаа. Засгийн газар хэр зэрэг шуурхай ажиллахаас шалтгаална. Гэхдээ цаг хугацааны хувьд амжихгүй байх. Завсарлахаас өмнө хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нь шийдчихвэл чуулганы завсарлагааны хугацаанд төслөө улам чамбайруулж болно” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ гэж УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн албанаас дамжууллаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж